

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. Захидлын хариуг ЗӨВЛӨГӨӨ цэсний СЭТГЭЛЗҮЙ булангаас авдаг шүү.
Захидал
Сайн байна уу. Би одоо 18-тай, Гэрийнхэнтэйгээ учраа олохгүй болоод байна. Тэр тусмаа хойд аав. Тэр л хүн намайг байнга ад үздэг юм, болгоныг минь ээжид ховлодог, өөрөө ямар ч буруугүй юм шиг жүжиглэж чаддаг. Энэнээс болоод ээж, дүү хоёртойгоо учраа олох бараг л боломжгүй болоод байна. Дүү маань тэр хүний хүүхэд юм л даа, тийм болохоор дүү юу ч болсон тэр хүний л талд ордог. Ээж ч угаасаа л намайг нэг ч удаа өмөөрдөггүй. Би энэнээс болоод тамхи татдаг болсон. Гэхдээ байнга биш ээ, яг үхчихье гэсэн тэнэг бодол орж ирсэн үед л татчихдаг, өөрийгөө гэмтээх тэнэг юм хийхгүйн тулд.
Би тэр хүмүүсийг үзэн ядах ёстой юу, эсвэл өөрийгөө? Юу би яах ёстой вэ? Бас саяхан үерхэж байсан, одоо ч эргээд ирнэ гэж хүлээж байсан залуугаасаа жил гаруйн өмнө өөрд болсон гэдгийг мэдсэн. Бид бараг л 3 жил үерхсэн байсан юм.
Анхаарал хандуулсанд баярлалаа, төвөг удсанд уучлаарай.
ЗАХИДЛЫН ХАРИУ:
Сайн байна уу? Юун түрүүнд бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Гэрийнхэнтэйгээ ойлголцохгүй, яах учраа олохгүй байна гэж ойлголоо. Өөрт төрж буй бодол, мэдрэмжийнхээ талаар илэрхийлж гэрийнхэнтэйгээ ярилцаж үзсэн үү? Бид аливаа асуудлыг шийдэхдээ ярилцаж, ойлголцож байж хамтын, зөв шийдвэрт хүрдэг шүү дээ. Харилцаанд хүн бүр өөр өөрийн байр сууринаас оролцдог бөгөөд өөрийн бодол санааг илэрхийлж ойлгуулах нь хамгийн чухал. Энэ бол харилцааны нэг хэсэг юм. Өөрийн бодол, мэдрэмжийг бусдад илэрхийлж ярихгүй байх нь биднийг сэтгэл зүйн хувьд тайван бус тухгүй болгодог. Эхлээд ээжтэйгээ ярилцаж бодол, мэдрэмжээ хуваалцаарай. Энэ нь эхэндээ амаргүй байхыг ойлгож байна. Гэхдээ олон удаагийн оролдлогын дараа энэ харилцаа та хоёрын дунд дадал болно гэдгийг ойлгоорой.
Мөн захидал дээрээ найз залуугийнхаа талаар дурдсан байсан. Уй гашуу бол бидний амьдралд тохиолдох хүнд хэцүү даваануудын нэг. Энэ үед хүмүүс уй гашуугийн мэдрэмжээс гадна сэтгэл хөдлөлийн олон таагүй мэдрэмжийг мэдэрдэг. Удаан хугацаанд үргэлжилсэн сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмж нь өдөр тутмын үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй бие сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Тиймээс өөрийгөө буруутгалгүй мэдрэмжүүдээ цаасан дээр буулгах, бусадтай харилцаж өөрийгөө илэрхийлэх чадвар дээрээ анхаарч суралцахыг хүсэж байна.
Эргэн тойрны хүмүүс болон бусдад энэ талаар ярихад хүндрэлтэй бол мэргэжлийн сэтгэл судлаачид хандахыг зөвлөж байна. Иймд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг зарим сэтгэл зүйн төвүүдийн мэдээллийг үлдээе. Танд амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Б.Буянжаргал
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!