Зул сарын троллууд


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Исландууд зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Бүр арванхоёрдугаар сарын 12-оос эхэлж баяраа эхэлдэг гээд бод доо! Хамгийн атаархмаар нь юу гээч? Исланд хүүхдүүдэд бэлэг өгдөг хүн нь зөвхөн Санта Клаус байдаггүй.

Зул сар болохоос 13 өдрийн өмнө Исланд айлуудаар скандинавын үлгэр домгийн 13 троллууд зочилдог. Арванхоёрдугаар сарын 12-оос эхлээд троллууд нэг, нэгээрээ амьдардаг уулнаасаа буун хүний амьдардаг тосгодуудаар явдаг байна.

Домогт өгүүлснээр бол 13 троллууд нь ах дүүс бөгөөд тэдний ээжийг Грила гэдэг. Хэрвээ та эдгээр хачирхалтай домгийн амьтдыг толгойдоо хэрхэн зураглахаа мэдэхгүй байвал Сантагийн туслагч элфүүдийг төсөөлөөрэй. Аан гэхдээ гол ялгаа нь тэд энгийн элфээс хавь илүү ширүүн дүр төрхтэй шүү.

Хэдийгээр уг үлгэрийн баатрууд анхандаа муу санаатай, чөтгөрлөг дүрээр олонд танигдсан байсан ч цаг хугацааны эрхэд бэлэг бэлэглэдэг, багахан дэггүй зантай ч сайхан сэтгэлтэйгээр дүрслэгдэх болжээ.

Зул сарын троллуудын жинхэнэ төрх

Дээр дурдсанчлан зул сарын троллууд үргэлж эелдэг, гэнэн хонгор байгаагүй. Орчин үеийн тэднийг ийнхүү зөөлрүүлсэн явдал нь яах арга үгүй Исландад Санта Клаус алдартай болж ирсэнтэй холбоотой.

Тэгвэл одоо Йоуханнес Фра Котлумын 1932 онд бичсэн шүлэгт 13 тролл маань хэрхэн дүрслэгдсэн байдаг тухай сонирхоцгооё.

1. Стекьястаур

12 сарын 12. Малын хашаа руу шурган орж хонины сүү хулгайлдаг.

2. Гильягаур

12 сарын 13. Гильягаур сүүнд маш их дуртай тул үхрийн саравчид нуугдаж ороод сүүг саванд хийх ч үгүйгээр байгаа бүх сүүг нь тэр дор нь ууж дуусгана.

3. Стуфюр

12 сарын 14. Тэрбээр хамгийн намхан тролл бөгөөд савны ёроолоос хоолны үлдэгдэл сэмхэн тоншиж иддэг.

4. Твөрюслейкир

12 сарын 15. Түүний нэрийг орчуулбал "халбага долоогч" хэмээн орчуулагдах ба ямар дүрсгүй үйлдэл хийдэг нь тодорхой.

5. Поттаслейкир

12 сарын 16. Поттаслейкирийн ах халбага долоогч юм бол тэр юу хийдэг байж болох вэ? Мэдээж тогоо долооно!

6. Аскаслейкир

12 сарын 17. Хэрвээ та орныхоо дор хоолоо тавьдаг бол түр арзнаарай. Аскаслейкир хоолыг тань идчихэж магадгүй шүү!

7. Хүрдхаскеллир

12 сарын 18. Чанга чимээнд дургүй хүмүүст Хурдхаскеллир таалагдана гэж бодохгүй байна. учир нь тэр хаалга л олдох юм бол өдөржин, шөнөжин чангаар савчин хүмүүсийн толгойг өвтгөдөг байна.

8. Скиргомюр

12 сарын 19. Тэрбээр Скир хэмээх Исландын тарагт туйлын дуртай бөгөөд түүнийг хотоос явсаны дараа нэг ширхэг ч скир үлддэггүй гэнэ.

9. Бьюгнакрэйкир

12 сарын 20. Хиамаа нуугаарай хүмүүсээ! Үгүй бол энэ залуу бүгдийг нь идчихнэ шүү!

10. Глюггягейгир

12 сарын 21. Хэн нэгэн цонхоор тань шагайгаад байна уу? Тэгвэл тэр бол яах арга үгүй хулгайлах зүйлээ сонгож байгаа Гоюггягейгир.

11. Гаттатфевюр

12 сарын 22. Гаттатфевюрын хамар үнэхээр том. Яагаад гэж үү? Тэр талх, жигнэмэгийг үнэрээр нь хайж явсаар байгаад тийм том хамартай болчихсон.

12. Кетроукүр

12 сарын 23. Жинхэнэ маханд дурлагч гэж түүнийг л хэлэх байх. Ишиг хургаа нуусан нь л дээр байх даа.

13. Кертасникир

12 сарын 24. Сүүлийн тролл болох Кертасникирын дэггүйтэл танд тийм ч муу санагдахгүй байж болно. Учир нь түүний хулгайлдаг ганцхан зүйл бол лаа. Гэхдээ дээр үед лаа л гэрийг гэрэлтүүлдэг байсан тул тэр үедээ хамгийн муу троллын нэгд тэр яах арга үгүй багтдаг байв.

Зул сарын баярын троллууд бэлэг өгдөг үү?

Тухайн жилдээ сайн байсан хүүхдүүд тролл болгоноос бэлэг авах бол муу хүүхдүүдэд хэр муу байснаас нь шалтгаалан нэг бол түүхий төмс эсвэл өтсөн төмс өгдөг байна.

Троллуудаас бэлэг авахын тулд хүүхдүүд цонхныхоо өмнө гутал тавьж үлдээх бөгөөд тэрхүү гутланд троллууд өөрсдийн бэлгээ үлдээдэг. Хэрвээ та зул сарын баяраар Исландад аялж таарвал цонхны өмнө тавиастай байх гуталнуудтай элбэг таарна гэсэн үг.

Эх сурвалж: Nordic visitor

#Зул сарын троллууд