Эртний Египетийн “Үхэгсдийн ном”


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

1842 онд Германы Египет судлаач Карл Ричард Лепсиус эртний Египетийн үхсэний дараах амьдралыг үзэх үзлийн талаарх олон нийтийн ойлголтыг өөрчилж чадсан юм. Тэрбээр эртний Египетийн “Өдрөөр урагшлах бүлгүүд” хэмээх судрыг “Үхэгсдийн ном” хэмээн англи хэлнээ хөрвүүлэн уг судрын доторх агуулгыг илүү эмх цэгцэд оруулсан нь Египетийн талаарх цаашдын судалгаануудад томоохон хувь нэмрийг оруулжээ.

Хэдэн зууны туршид, Египетийн хаад язгууртны бунханд бичээстэй байдаг тэдгээр бичээсүүдийг шашны холбогдолтой сургаал хэмээн үздэг байсан ч эрдэмтэд яваандаа эртний бичээсүүдийг тайлан уншиж чаддаг болсноор энэ нь зүгээр ч нэг сургаалын мөрт бус харин үхэгсдийг дараагийн амьдрал руу нь аюулгүй хөтлөх шидэт шившлэгүүд байсан гэдгийг олж илрүүлсэн байна.

Гарал үүсэл

“Өдрөөр урагшлах бүлгүүд” буюу “Үхэгсдийн ном”-ыг анх яг яаж бичигдсэн тухай тодорхой мэдээлэл байдаггүй ч уг номын хамгийн эртний ул мөр нь МЭӨ 1633-1552 онд Ментухотеп хатны үед үлдсэн байдаг.

Анх “Үхэгсдийн ном”-ыг зөвхөн язгууртан давхаргынхан ашиглах эрхтэй байсан бол дундад болон шинэ хаант улсуудын үед энэхүү номыг худалдаж авах чадвартай хэн бүхэнд нээлттэй болгожээ. Ялангуяа шинэ хаант улсуудын үед буюу МЭӨ 1539-1075 онуудын хооронд номын нэр хүнд өсөж, Египет даяар өмнө байснаасаа илүү чамин хавтастайгаар хийгдэн үүнийгээ дагаад үнэтэй зарагдах болсон байна.

Номыг хэрхэн ашигладаг байсан бэ?

Оршуулгын үеэр тайлгач “Үхэгсдийн ном”-ын хэсгээс унших бөгөөд үүний дараа хэд хэдэн зан үйл хийгдэн талийгаачийг дараагийн амьдрал руу нь явуулахад бэлдэнэ. Тэдгээр зан үйлүүдийн дундаас хамгийн чухал нь болох “амыг онгойлгох нь” хэмээх зан үйлийн зорилго нь цогцсын алдагдсан мэдрэхүйг сэргээх зорилготой буюу харах, сонсох, мөн ярих чадварыг нь эргүүлэн өгөх бэлгэдлийн чанартай ёслол юм.

Эртний Египетчүүд хүн үхсэнийхээ дараа нарны бурхан Ре-тэй нар жаргасны дараа завин дээр нь суун явдаг хэмээн итгэдэг байж. Ре-гийн ийнхүү завьтай явж буй нь нарыг дахин мандуулах зорилготой бөгөөд үхэгсэд тэрхүү завинд  дайгдан дараа төрлөө олохоор явах учиртай юм.

Гэвч энэхүү аялал тийм ч тайван амгалан байдаггүй. Тэд замдаа маш олон төрлийн мангасуудтай тааралдах учиртай ба тэдгээрээс хамгийн аюултайг могойн биет мангас Апеп гэж үздэг. Апепийн ийнхүү завийг зогсоохыг оролддог шалтгаан нь нарыг дахин мандуулахгүй байж дэлхийд эмх замбараагүй байдлыг авчрах. Хэрвээ дараа төрлийг горилогчид энэхүү могойн араатантай таарвал “Үхэгсдийн ном”-ны 7-р бүлэгт бичигдсэн байдаг “Би сул дорой нэгэн биш, миний бие махбод Атумд харьяалагддаг тул чиний хор надад нөлөөлөхгүй” гэх үгийг хэлэх ёстой.

Ийнхүү Апепийг амжилттай зөрөн өнгөрсний дараа үхэгсэд маш олон хаалгатай төөрөгдлийн эргүүлэгт ирдэг. Үхэгсэд хаалга бүрийн өмнө очоод өөр өөр төрлийн залбирлыг уншиж хаалгыг нэрээр нь дуудна. Хэрвээ тэд залбирлаа зөв хэлж чадсан бол хаалга онгойн үхэгсдийг дотогш оруулдаг байна.

Дараа нь тэд “Хоёр үнэний танхим”-д очих бөгөөд энэ танхимд газар доорх ертөнцийн бурхан Осирис  болон 42 шүүгчид үхэгсдийг шүүдэг гэж үздэг. Үхэгсэд амьд байх хугацаандаа хүн алах, хулгай хийх, бусдыг гэмтээх, худлаа ярих гэх мэт бүхий л төрлийн нүглийг үйлдээгүй гэдгээ зарлах ёстой.

Үнэний танхимыг амжилттай давж гарч чадвал хамгийн сүүлийн шалгуур болох “зүрхээ жинлүүлэх” үе шат эхэлдэг. Жинлүүрийн нэг талд шударга үнэн байдлыг илэрхийлэх өд байх бол нөгөө талд шалгуулагчийн зүрх байрлана. Өд, зүрх хоёрын харьцаа тэнцүү байвал тухайн хүн амьд байх хугацаандаа зөв амьдарсан гэсэн үг бөгөөд дараагийн амьдрал руугаа явж болно, харин зүрх нь өднөөс хүнд байвал маш аймшигтай шийтгэлийг хүртдэг байна. Тэдгээр шийтгэлүүд нь үүрдийн өлсгөлөн, цангааг мэдрэх, мангаст идүүлэх гээд хүний толгойд ч орж ирэмгүй хэрцгий эрүүдэн шүүлтүүд байдаг тул үхэгсдийг ийм тамд үүрд гацаахгүйн тулд номын 30-р бүлгийг чулуунд сийлэн талийгаачийн цээжин хэсэгт байрлуулж өгдөг.

ДАРААГИЙН АМЬДРАЛ ГЭЖ ЮУГ ЯРИАД БАЙНА?

Энэ их шалгууруудыг амжилттай даван дараагийн амьдрал руу шилжих боломжтой болсон хүмүүс аз жаргалын орон болох Аару-д төрдөг. Аару нь бидний хэлж заншсанаар диваажинтай ихээхэн төстэй. Энд хүмүүс яг л дэлхийд байсан шигээ амьдрах ч гол ялгаа нь Ааруд зовох ямар ч боломжгүй. Хүмүүс тэнд урьдынх шигээ ууж, идэж, хайрлаж, ажиллана. Харин ажлыг нь илүү хөнгөвчлөхийн тулд үхэгсдийг ушабти хэмээх жижигхэн барималтай хамт оршуулдаг ба баримлууд дараагийн амьдралаа эхлүүлсэн Ааругийн шинэхэн иргэнд амь орон туслах учиртай юм байна.

Эх сурвалж: National graphic

#Эртний Египет