“Чиний давуу тал” гэдэг асуултад хэрхэн хариулах вэ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Ажилд орох ярилцлагад ийм асуулт ирэх нь бараг л хууль. Давуу талаа хэлэх хэцүү байдаг. Буруу хэлбэл онгироо мэт, аль эсвэл өөртөө итгэлгүй мэт харагдаж болно.

Тэгвэл юу хэлэх вэ? Хоосон тодорхойлолт өгөхөөс хэрхэн зайлсхийж, үнэн зөв, утга учиртай хариулт өгөх вэ?

АЖИЛ ОЛГОГЧИД ЯАГААД ЭНЭ АСУУЛТЫГ ТАВЬДАГ ВЭ

Энэ асуултыг тавих гол шалтгаан нь таныг тухайн албан тушаалд тохирч байгаа эсэхийг шалгаж байгаа хэрэг юм. Ихэнх нийтлэг ярилцлагын асуултуудын зорилго ижил боловч, энэ асуулт нь таны эзэмшиж буй ур чадвар, давуу талууд дээр төвлөрдөг.

Ажил олгогчид хүсэж буй зүйл нь бодит жишгээр дүүрэн хариулт. Хэрэв та амжилт болон туршлагаа тодорхой тайлбарлаж чадвал ажилд орох боломжоо нэмэгдүүлнэ.

ХАРИУЛТАА ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ

1. Давуу талаа сонго

Ярилцлагад орохоосоо өмнө, хүсэж буй албан тушаалтай холбогдолтой байж болох 3 давуу тал сонгох нь зүйтэй.

  • Энэ нь таныг бусад өрсөлдөгчөөс ялгарах жишээг агуулсан байвал сайн.
  • Хэрвээ санаанд нэг ч давуу тал орж ирэхгүй бол найз эсвэл хамт ажиллагсадаас ямар давуу талтай болохоо асууж болно.
  • Мөн менежерээсээ магтаал авч байсан тохиолдолоо ашиглаж болно.

2. Давуу талаа батлах

Зөвхөн хэлэхэд л хангалтгүй. Жишээ болон бодит туршлага дээр тулгуурлаж тайлбарлах хэрэгтэй.

  • Давуу тал бүртээ нөхцөл байдлыг тайлбарлаж, өөрийн үзүүлсэн нөлөө болон амжилтыг харуулах.
  • Ярилцлагад орохоосоо өмнө бэлтгэж, гол санаагаа тодорхой, үнэн зөв илэрхийлэх.
  • Гол давуу талуудаа сонго, олон ур чадвараа заавал багтаах хэрэггүй. Тоо биш чанар чухал.

3. Давуу талаа тухайн ажлын байртай холбох

Жишээ нь, та гоё хоолойтой байлаа гэхэд, хэрвээ “Voice of Mongolia” шалгаруулалтад ороогүй л бол үүнийг дурьдах шаардлагагүй.

  • Ажил олгогч таны давуу тал ямар байдлаар тухайн ажлын хэрэгцээтэй холбоотойг мэдэхийг хүсдэг.
  • Жишээ нь менежерийн албан тушаалд ярилцлага өгөх бол цагийн менежмент, төслийг амжилттай удирдсан жишээ ярьж болно.

4. Хариултаа давт

  • “Practice makes perfect” гэдэг шиг, бэлтгэл хийж давт.
  • Найз эсвэл гэр бүлийн хүмүүстэйгээ давт, эсвэл өөрийнхөө видеог хийж үзэх.
  • Ингэснээр өөрийгөө хэрхэн харуулахыг хянаж болно.

ЖИШЭЭ ХАРИУЛТУУД

Харилцааны чадвар

Миний хамгийн том давуу талын нэг нь хүмүүстэй ажиллах чадвар. Би арга хэмжээ зохион байгуулахдаа бүх хүмүүстэй холбоо тогтоох хэрэгтэй байдаг. Тиймээс бид гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, компанийн үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлсэн.

Дасан зохицох чадвар

Би өөрчлөлтөд хурдан дасдаг. Аяллын зөвлөхөөр 10 жил ажиллах хугацаандаа шинэ систем нэвтэрсэн ч, би бие даан суралцаж, бүх функцийг эзэмшсэн. Энэ нь ажлын хурдыг нэмэгдүүлж, өмнө нь хойш тавьсан ажлуудад илүү цаг гаргах боломж олгосон.

Асуудал шийдвэрлэх чадвар

Би асуудлыг хурдан шийддэг. Стрессд орохгүй, бүтээлч арга зам хайж чаддаг. Нэг удаа хамтрагч маань нийт аяллын багцыг хувийн аяллын оронд буруу захиалсан. Би зохицуулалт хийж, үйлчлүүлэгчдийг сэтгэл хангалуун байлгасан.

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Бодит жишээг хэлэхдээ өөрийгөө их магтах хэрэггүй.
  • Даруу, тодорхой байдлаар ярь.
  • Сунжруу, залхмаар ярихаас зайлсхий.
  • Хариулт богино, тодорхой байх ёстой.
  • Урт жагсаалт хэлэхгүй.
  • Ажилд тохирсон гол давуу талуудыг хоёр гурвыг л хариулах.

#ажлын ярилцлага