

Хүн бүрд өөрсдийн гэсэн дуртай жимс байдаг шүү дээ. Зарим нэг нь исгэлэн, шүүслэг жүржид дуртай байхад зарим нь чихэрлэг, зөөлөн бүтэцтэй гадил жимсийг өөрийн дуртай жимсээрээ нэрлэдэг. Тэгвэл таны тэрхүү амтлаг жимсэнд дуртай байгаагийн шалтгаан зөвхөн амт чанараас нь бус харин таны дотоод мөн чанартай холбоотой гэвэл сонирхолтой байгаа биз? Доорх жимсний жагсаалтаас хайртай жимсээ олоод өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж аваарай.
1. Гүзээлзгэнэ- Романтик мөрөөдөгч

Гүзээлзгэнэд дурлагсад ихэвчлэн зөөлөн сэтгэлтэй, уран сэтгэмжтэй, хайр дурлалыг чухалчилдаг хүмүүс байдаг. Тэдний тууштай зан, амьдралыг үзэх үзэл, бүтээлч сэтгэлгээ нь тэднийг бусдаас ялгаруулах гол онцлог болдог байна. Яг л гүзээлзгэнэд дургүй хүн ховор байдаг шиг гүзээлзгэнэд дурлагсдад ч бас дургүй болно гэдэг бараг л боломжгүй. Учир нь тэд эргэн тойрныхоо хүн бүхэнд “чи бол онцгой нэгэн” гэх мэдрэмжийг өгч хайраа харамгүй илэрхийлж явдаг гэнэ шүү.
2. Алим- Асуудалд бодитой хандагчид

Хэрвээ дуртай жимс тань алим бол та ямар ч асуудлыг бодитоор хүлээж авдаг, итгэл даахуйц, даруухан зан чанартай хүн юм. Яг л алим нь итгэлцэл болон тэнцвэрийн бэлэг тэмдэг болдог шиг та дотны хүмүүсийнхээ түшиг тулгуур болж дулаахан энергээ түгээж явдаг байх нь.
Шинэ орчин үеийн гял цал болсон зүйлсээс илүүтэй уламжлалт, энгийн юмс таашаалд тань нийцэх бөгөөд энгийн зүйлээс ч эгэлгүй талыг нь олж чаддаг содон авьяас танд бий.
3. Жүрж- Нийтэч, нээлттэй хүмүүс

Ямар ч асуудлаас эерэг талыг нь олж харж, олон хүнээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай хүмүүсийн дуртай жимс бол гарцаагүй жүрж. Зөөлөн, шүүслэг энэ жимсийг төсөөлөхөд л арааны шүлс асгаран, анхилуун үнэр нь яг хажууд байгаа мэт хамар цоргидог шүү дээ. Тэгвэл жүржид дурлагсдад ч бас ийм чанар байдаг. Тэд хаа явсан газартаа инээд баяслыг авчирдаг бөгөөд үүгээрээ ч бусдад сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг нь үнэхээр гайхалтай.
4. Гадил- Халамжлагч

Хэрвээ гадил таны дуртай жимс бол та сайхан сэтгэл, хүлээцтэй зан болон өрөвч сэтгэлийг эрхэмлэдэг хүн юм. Гадил жимс болон уг жимсний хольцтой бүхий л амттан чихэрлэг, зөөлөн байдагтай адил та ч бас бусдад тайвшрал, дулаан мэдрэмж төрүүлдэг нэгэн. Таны үг ойр тойрныхонд тань ихээхэн чухал байдаг тул тусламж, зөвлөгөө хэрэг болсон үедээ хамгийн түрүүнд тана руу холбогдох нь элбэг. Үүнд гайхаад байх зүйл үгүй. Яагаад гэвэл та гэр бүл болон найз нөхдийнхөө харилцааны бат бөх байдлыг хадгалагч байгаад зогсохгүй нөмөр нөөлөг нь болж чаддаг байна.
5. Хан боргоцой- Эрэлхэг бөгөөд өвөрмөц

Өөртөө итгэлтэй, зоригтой, анхаарлын төвд байхаас эмээдэггүй тэдгээр эрэмгий хүмүүсийн дуртай жимс хан боргоцой байх магадлал тун өндөр. Өмнөө тулгарсан сорилтуудтай нүүр тулан тэмцэх чадвар тэдэнд байгалиас заяасан ба энэ шинж нь хан боргоцойн исгэлэн амтыг санагдуулам байгаа биз? Хан боргоцойг дуртай жимсээрээ нэрлэгсдийн ихэнх нь бусдаас хараат байхыг тэвчдэггүй бөгөөд эргэн тойрныхныхоо амьдралд илүү идэвх, эрч хүч нэмэхийг эрмэлздэг хүмүүс байдаг.
6. Усан үзэм- Тэнцвэрийг хадгалагчид

Усан үзэм таны дуртай жимс бол энэ нь таны юманд амархан дасан зохицох чадвар болон тайван байдлын илрэл юм байна. Нэг багцдаа тун олон ширхэгтэй байдаг усан үзмийг олуулаа хуваан идэхэд хамгийн амттай байдаг шиг та өөрийнхөө хайртай хүмүүсээрээ хүрээлүүлэн байхдаа хамгийн жаргалтай болдог. Хэдийгээр та тоглоом наадамд дуртай боловч үүнийгээ үүрэг хариуцлагатайгаа хослуулж чаддаг ухаалаг нэгэн юм. Таны энэхүү ойлголцоход амар байдал олон хүний хүндэтгэлийг хүлээдэг бөгөөд найзууд дундаа нэр хүндтэй байдгийн тань гол шалтгаан нь энэ ажээ.
7. Тарвас- Хөгжилтэй, эрх чөлөөнд дурлагсад

Тарваст дурлагсад аливаа асуудлыг хүндрүүлж боддоггүй, сэргэлэн, харьцахад амар зан чанартай хүмүүс байдаг. Яг л тарвас шүүслэг, сэрүүн чанараараа нарлаг зуны бэлэг тэмдэг болдог шиг тарваст дуртай хүмүүс ч явсан газар бүртээ инээд хөөр, халуун дулааныг түгээж явдаг байна. Тэдний үргэлж инээмсэглэж явдгийг гол шалтгаан нь одоодоо амьдарч, олгогдсон цаг хугацааг мартагдахааргүй өнгөрүүлж чаддагтай холбоотой. Энгийн өдрүүдийг ч баяр наадам мэт өнгөрүүлэх авьяастай тэд санаа зовох мэдрэмжид дарагдан гуниглаж суух нь тун ховор.
Эх сурвалж: The Mind Journal
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!