“100 эмэгтэй тутмын 20 нь шинээр умайн хүзүүний хорт хавдраар өвчилж байна”


О.Батхишиг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хүний папиллома вирусийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, дархлаажуулалтын ач холбогдлыг таниулах зорилготой өдөрлөг боллоо.

Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Хавдраас урьдчилан сэргийлэх шинжлэх ухаанаар батлагдсан ганц шийдэл нь дархлаажуулалт аж.

Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү өдөрлөгийн үеэр “Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдол” сэдвээр илтгэл тавив.

Тэрээр хэлэхдээ, манай улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлттэй байна. Цөөн хүн амтай улс байж эмэгтэйчүүдээ хавдраас хамгаалахыг ДЭМБ-аас байнга анхааруулдаг.

Монголд умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь оношлогдсоноосоо хойш нэг жилийн дотор нас барж байгаа нь өвчнийг хожуу шатанд илрүүлдэгтэй холбоотой. Хүний папиллома вирус умайн хүзүүний хорт хавдрын 94-96 хувийг үүсгэдэг.

Умайн хүзүү бол эмэгтэй хүний нөхөн үржихүй, бэлгийн харилцааны таашаалын хувьд маш нандин эрхтэн. Эрэгтэйчүүд энэ вирусийн дамжуулагч болдог. Тухайн хүн дархлаа сайтай бол халдвар авсан умайн хүзүү 1-3 жилийн дотор цэвэрших боломжтой. Цэвэршиж чадаагүй хүмүүсийн 5-10 хувь нь 10 жилийн хугацаанд хорт хавдар болж бусад эрхтэндээ тархдаг.

10 хүний наймд хүний папиллома вирус илэрдэг. Энэ вирусийн 200 гаруй хэв шинж байдгаас 16, 18, 45 дугаартай төрлүүд хамгийн аюултай, нийт хавдрын 70-80 хувийг үүсгэдэг.

2008 онд хийсэн судалгаагаар зөвхөн Улаанбаатар хотод умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нийт тохиолдлын 48 хувийг эзэлжээ. Одоогийн байдлаар 100 эмэгтэй тутмын 20 нь шинээр уг өвчнөөр өвчилж байна гэв.

Дархлаажуулалт бол урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Эрт үеийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, охидыг 9-14 насанд вакцинжуулах нь умайн хүзүүний хавдрыг бууруулах хамгийн зөв шийдэл юм.

Монгол Улс 2024 оноос эхлэн папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг үндэсний товлолт дархлаажуулалтын нэг болгож, 11 настай хүүхдүүдийг хамруулж эхэлсэн.

Мөн умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд 30-60 насны эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээг өрхийн эмнэлэгт хийж байгаа юм. Өдөрлөгт 60 хүн хамрагдаж, хүний папиллома вирусийн халдвар, дархлаажуулалтын талаар мэдээлэл авлаа.






#өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт