"Сарын тэмдэг ихээр ирж байна гээд тоолгүй явсан. Гэтэл…"


А.Анужин | YOLO.MN
ӨЧИГДӨР

Та хүний папиллома вирусийн талаар та мэдэх үү?  

Энэ вирус 200 гаруй хэв шинжтэй, зургаан төрлийн хорт хавдар үүсгэдэг, түгээмэл тархалттай вирус юм. Манай улсад өдөрт 1-2 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогддог. Мөн жилд 160-170 эмэгтэй энэ өвчний улмаас нас бардаг.  

Бид Хавдар судлалын үндэсний төвийг зорьж, энэ хорт хавдартай тэмцэж буй эмэгтэйчүүдтэй ярилцсан юм. 

Умайн хүзүүний хорт хавдрыг даван туулж буй иргэн: Би өмнө нь хүний папиллома вирусийн эсрэг вакцины талаар ерөөсөө сонсож байгаагүй, мэдээгүй. Хэрвээ вакцин хийлгэсэн бол ингэж өвчинтэйгөө тэмцэж явахгүй байсан. Нэг л удаа хийлгэчихсэн бол ингэж явахгүй байсан байх. Анх 2023 оны аравдугаар сард оношоо мэдсэн. Түүнээс хойш өдийг хүртэл эмчилгээ хийлгээд тасралтгүй хоёр жил явсан. 

Уг нь сарын тэмдэг гурав хоногийн турш ирдэг байсан ч бага багаар дусагнаад л байдаг байсан. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж байж л оношоо мэдсэн. Ямар ч байсан эдийн шинжилгээ өгөөрэй гээд намайг Хавдарын эмнэлэг рүү явуулсан. ХСҮТ-д ирэхэд аль хэдийн умайн хүзүүний хавдар болоод гуравдугаар шат буюу сүүлчийн шатандаа орчихсон байсан. Хагалгааны заалт байхгүй буюу хагалгаа хийх боломжгүй гээд туяа эмчилгээний тасаг руу явуулсан даа. Тэр үед маш хэцүү байсан. 

Анх эмнэлгээр явахад урт хугацааны дарааллаас эхлээд л их хэцүү. Зайн туяанд 26 удаа, дотуур туяанд дөрвөн удаа, нийт 30 туяа эмчилгээний ард гарсан. Дараа нь химийн эмчилгээ хийлгэе гэсэн ч чадаагүй. Гурван сар тутамд эмнэлгийнхээ хяналтад үзүүлэхэд эдгэж байна гэсэн. Гэвч хавдар миний элэг рүү үсэрхийлсэн байна гэсэн. 

Элэг, элгийг тойрсон булчирхайнууд, бөөр рүү үсэрхийлчихсэн. Ингээд дахиад л туяа эмчилгээ эхлүүлж, дундаа орчихсон явж байна. Туяа хийлгэхээр маш их сульдаж, ядардаг юм байна. Явахаар давсаг, нуруугаар хатгуулж өвдөөд, их зовуурьтай. Хоолонд дургүй болж, их ядардаг юм байна. 

Би хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдээ харж л цаашдаа сайн эмчлүүлэхээ бодоод тэсэж байна. (уйлав) Одоо вакцин гарчихсан гэсэн. Вакцинаа цаг тухайд нь хийлгээд эртнээс өөрсдийнхөө эрүүл мэнддээ анхаараарай гэж хэлье дээ. 

Умайн хүзүүний хорт хавдрыг даван туулж буй иргэн: Би 32 настай. Доошоо олон хоног цус алдсан. Сарын тэмдэг ихээр ирж байна л гэж бодоод тоолгүй явдаг байв. Нэг л хэвийн биш байхаар нь эдийн шинжилгээ өгтөл умайн хүзүүний хорт хавдрын гуравдугаар шат гэж оношлогдсон. Ийм юм болно гэж ер бодоогүй. Энэ өвчний талаар өмнө нь юу ч мэддэггүй, мэдлэггүй байлаа. Сарын тэмдэг ирж байна л гэж бодож явсан. 

Одоо дараа дараагийн шинжилгээ, эмчилгээний талаар эмч нараас зөвлөгөө авч, сэтгэл санаа ч харьцангуй тайван болсон. Зургаан удаа химийн эмчилгээнд орлоо. Дараа нь туяа эмчилгээний заалттай байсан ч эмч нар зөвлөлдөөд, мэс засалд орохоор төлөвлөсөн. 

Эргээд бодоход энэ өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын вакцины талаар мэдлэггүй, сонссон ч тоохгүй байсан минь ийм байдалд хүргэсэн. Хүмүүс минь  шиг битгий алдаасай, хүний папилома вирусийн эсрэг вакциндаа заавал хамрагдаарай гэж уриалмаар байна. 

Эрүүл Мэндийн Яамны мэдээллээр 2024 оны байдлаар улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар нийт 5058 эмэгтэй өвчилжээ. Тэднээс сүүлийн нэг жилд 521 хүн шинээр оношлуулсан. Тэдний зөвхөн хоёр эмэгтэйн түүхийг та бүхэнд хүргэлээ.   

Өдөрт 1-2 эмэгтэй энэ өвчнөөр өвдөж, хоёр хоног тутамд нэг эмэгтэй нас барсаар байна. Өвчлөл манай улсад дэлхийн дунджаас 3 дахин их, тивийн дунджаас 1.5 дахин их байна. Иймд умайн хүзүүний хорт хавдаргүй ирээдүйн төлөө хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 2024 оноос товлолт вакцины тоонд оруулж, 11-ээс дээш насны хүүхдүүдэд тарьж эхэлжээ.

#өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт