Дотоод цайзаа Aйдсаас хамгаалах нь


YOLO.mn | YOLO.MN
2023-10-12

“Стоисизм” бол амгалан тайван хэрнээ эр зоригтойгоор айдастайгаа нүүр тулахыг сургадаг философийн урсгал юм. Бид эл нийтлэлдээ стоик үзэлтнүүдийн би хийгээд өөрийн дотоод оршихуйтайгаа нүүр тулсан бясалгалын сургаалиудаас түүвэрлэн хүргэж байна.  

Тогтворгүй байдлын тухайд: 

Эпиктетийн сургаалд тайван, тогтвортой байдал нь хүрээлэн буй орчноос бус, харин таны сонголт, шүүн тунгаасны үр дүнд бий болдог хэмээн сануулдаг. Хэрэв та, гадна үйл явдалд, өөр бусад хүн, стресс зэрэг тайван байдлыг тань алдагдуулах бүхий л хүчин зүйлээс зайлсхийх гэж хичээвэл амжилтад хэзээ ч хүрч чадахгүй. Яаж хурдан гүйлээ ч, хаана ч нуугдаж бүглээ ч зовлон бэрхшээл араас тань алдалгүй даган мөшгөсөөр байх болно. Тиймээс асуудлын гол үндэс болох аюултай, алдаатай үнэлэлт дүгнэлт хийх явдлаас л зайлсхийхийг хичээх хэрэгтэй. Тэгсэн цагт та хаана ч тогтвортой, тайван байж чадна.  

Ухааны долоон үйлдэл:

Тус бүрд нь задалж үзвэл: 

  • Сонголт- зөв бодож, зөв хийх 
  • Татгалзах- уруу таталтаас 
  • Тэмүүлэх- илүү сайн байхыг 
  • Няцаах- муу нөлөөлөл, худал хуурмаг, сөрөг бүхнийг
  • Бэлдэх- юу ч тохиолдоход  
  • Зорилго- биднийг чиглүүлэх гол, үндсэн зарчим 
  • Хүлээн зөвшөөрөх- хянах боломжтой, боломжгүй зүйлсийг ялгаж салгах/боломжгүйг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх/ 

Бидний оюун ухаан эдгээрийг л хийх бөгөөд бусад зүйлсийг бохирдол, гажуудал мэт үзэх нь зүйтэй.  

Сайн байх аминч шалтгаан:

Өөрийгөө ухамсарлах, буруу үйл хийх хоёр хэр баргийн хамт байдаггүй. Хэрэв танд муу үйл хийхгүй байх ямар нэг аминчхан шалтгаан хэрэгтэй байвал мэдрэмжээ сонсоод үзээрэй. Тэр л хүнийг тогтоон барьдаг хүчирхэг зэвсэг мөн.  

“ Муу үйл хийдэг хүн өөртөө л мууг хийж байдаг.Шударга бус хүн ч адил, өөрийгөө хорорн муу хүн болгосноор өөртөө шударга бус хандаж буй хэрэг”- Марк Аврелий 

Дотоод цайзаа айдсаас хамгаалах нь:

Стойкчуудын гаргаж ирсэн гайхалтай нэгэн томьёолол байдаг: Хүн бүр өөрийн гэсэн дотоод цайз хэрэмтэй, тэр нь бидний амин сүнс сэтгэлийг хамгаалж байдаг гэж. Хэдийгээр бид бие махбодийн хувьд эмзэг дорой, олон талаар хувь тавилангийн эрхшээлд байж болох ч бидний дотоод ертөнцөд халдашгүй. Марк Аврелий үүнийг “Эд юмс сэтгэлд хүрч, уудалж тэмтэрч чадахгүй” хэмээсэн байдаг. Гэхдээ цайзыг ганцхан дотроос нь урвалтаар л нурааж болдог. 

Жижиг юмсыг тоохгүй орхих тухайд:

Хэн нэгэн өөрийгөө сайн хүн гэж хэлэхээс илүүтэй үйлдлүүд нь л түүний сайныг тодорхойлдог. Зөв цагт босож, ороо хурааж, хөнгөхөн дасгал хийж, биеэ янзалж, хийх ёстой ажлаа амжуулна. Гэхдээ төөрөлдөж болохгүй: Ийм жижиг сажиг зүйл чухал биш байж болох ч эцсийн үр нөлөө, үр дүн нь тийм биш юм.  

Гинжин хэлхээний арга 

Энэ нь “нэг өдөр, нэг удаа” дэгийг барих гэсэн зарчим гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл нэг л өдөр уураа зохицуулах, ямар нэг юман дээр биеэ барих, дараагийн өдөр хүртэл хойшлуулах гэх мэт юу ч байсан болно. Үүнийгээ цаашид өдөр бүр давтах юм. Гинжин хэлхээг таслахгүйн тулд өдөр бүр үргэлжлүүлж, сүүлдээ амжилтаа сүйтгэхгүйн тулд хичээхэд л хангалттай.  

Оюун ухаан чинийх 

“Хүн бие махбод, амьсгал, ухаан хэмээх гурван хэсгээс бүтдэг.” Эхний хоёр нь та л анхааран, харж хандах ёстой гэдгээрээ танд хамаарна. Харин гурав дахь нь бол жинхэнэ үнэмлэхүй таныг юм” - Марк Аврелий. Тийм учраас үүнд л зөв, хариуцлагатай хандах хэрэгтэй.  

Анхаарлаа бүү сарниул 

“Анхаарал жаахан сарнисан ч яах вэ, хүссэн үедээ ахиад төвлөрчихнө гэж бүү бодоорой. Харин ч түүний оронд, өнөөдрийн алдаанаас болж цаашдын бүх үйл хэрэг гарцаагүй дордоно гэдгийг сана... Ер нь ямар ч алдаа мадаг гаргахгүй байх боломжтой юу? Бүх талаар төгс байна гэдэг бүтэхгүй ч, алдаанаас зайлсхийхийг хичээдэг байх бүрэн боломжтой. - Эпиктет 

Хэрэв таны анхаарал өчүүхэн зүйлд ч сарниад байвал зорилгодоо хүрэхгүй, хийх ажлаа хэзээ ч дуусгахгүй. Таны анхаарал төвлөрөл бол таны хамгийн чухал нөөц бололцооны нэг. Үүнийг дэмий бүү үр.  

Мэдрэмжээ дүгнэж цэгнэ 

Стоицизмын онолын нэг гол хэсэг нь ямар ч үйлдлийнхээ явцад хүн бодол санаагаа эргүүлэн өргөснөө харж, мэдрэхүйдээ дүн шинжилгээ хийх, үнэн зөв эсэхэд нь эргэлзэх, хянах, зөвхөн эерэг, бүтээмжтэй байдлыг нь дэмжин цааш үргэлжлүүлэх явдал юм. Мэдээж сахилга бат, дэг журмыг салхинд хийсгэж хаяад, зөв гэж бодсонтойгоо үргэлжлүүлэн явах нь сэтгэл татам сайхан санаа ч одоо мэдрэгдэж буй бүхэн цаг хугацааны явцад үргэлж зөв зүйтэй байдаггүйг баталсан  олон түүх бий. Тиймээс мэдрэмж, тухайн үеийн сэтгэгдлээ шалгаж, нягтлахыг хэвшил болго. Итгэ гэхдээ үргэлж нягтал.  

Танаас л хамаарна 

Стоикчууд харах өнцөг, бодох, эргэцүүлэн шүүх гэсэн утга бүхий арга барилыг амьдралдаа ашигладаг. Бидний таамаглаж, сэтгэл санаанд болж өрнөдөг бүхэн танаас, Бүх шалтгаан бидний дотор л бий. Гадаад орчин бол зүгээр л хүчин зүйлс, зорилго.  

 

 

#нийтлэл