“Сэтгэлээ чагнах” өдөр бямба гарагт боллоо


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

10-19 насны өсвөр үе, залууст зориулсан сэтгэлзүйн тусламж, дэмжлэг авах боломжтой “Сэтгэлээ чагнах” өдөрлөг бямба гарагт "Edu Park"-д боллоо.

Тус арга хэмжээнд 200 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучууд, эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр мэргэжлийн эмчээс сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөө авахаас гадна сонирхолтой зочдын илтгэлийг сонсов.

Эвент болон тоглолт дохионы хэлмэрчтэй байсан нь тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьсон нь анзаарагдаж байв. Мөн "Open mic" зохион байгуулсан нь залуусын сонирхлыг татаж байсан юм.

"Сэтгэл бол эрхтэн" нөлөөллийн ажлын нээлтийн үйл ажиллагааг нээж Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Дашням үг хэлэв. Үүний дараа зохион байгуулагч СЭМҮТ-ийн Сэтгэц-Нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал Н.Алтанзул энэхүү нөлөөллийн ажлыг хийж хэрэгжүүлэх болсон талаар мэдээлэл өглөө.

"Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр"-ийг тохиолдуулан "Сэтгэл бол эрхтэн" нөлөөллийн аяныг аравдугаар сарын 1-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ өдрийн үйл ажиллагаа нь уг аяны эхлэл болон хийгдсэн ба өсвөр үе, залуусын дуу хоолойг сонсох, сэтгэлийн зовлонг нь хуваалцах, тусламж эрэх зоригийг дэмжих, нийгмийн ойлголт оролцоог нэмэгдүүлэх зорилготой. 

Уг үйл ажиллагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэрэл медиа групп, Монголын хүүхдийн зөвлөл хамтран зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд дараах сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавилаа.

  • "Яагаад сэтгэл бол эрхтэн юм бэ" талаар “Сэтгэл бол Эрхтэн төв”-ийн тэргүүн Р.Энхтүвшин
  • Амжилт бол сонголт сэдвээр Дайл Карнегийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, Олон улсын мастер трейнер, JCI Монгол академийн 5 одтой сургагч багш Э.Чинзориг
  • "Дэлгэцийн зохистой хэрэглээ" сэдвээр СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч М.Уранчимэг
  • "Өөрчлөлтийн хүч" сэдвээр Андра хувь хүний хөгжлийн академийн үүсгэн байгуулагч, мисс, топ модель Х.Бадамгэрэл
  • "Электрон тамхи өсвөр насны хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө" сэдвээр Master Brain Mongolia ХХК-ийн сэтгэл засалч эмч, донтох эмгэг судлаач Ж.Гантулга нар илтгэл тавилаа.

Үйл ажиллагааны зургуудыг гүйлгэж үзнэ үү.

#“Сэтгэлээ чагнах” өдөр