Орчин үед маш олон хүн “Ouija самбар”-ыг сүнс, чөтгөртэй холбоотой аймшгийн зүйл гэж хардаг. Гэхдээ 100 гаруй жилийн өмнө ouija самбар нь айл бүрд байдаг энгийн л тоглоом хэмээн тооцогддог байсан байна.
Уг тоглоомыг 1890 онд Кеннард Новелти хэмээх компани “ид шидийн ярьдаг самбар” хэмээх ухуулгатайгаар олонд танилцуулж байжээ. Самбарт цагаан толгойн үсэг, тоо болон “тийм”, “үгүй”, “баяртай” гэсэн үгс бичигдсэн байдаг ба тоглогчид гурвалжин хэлбэрийн чиглүүлэгчид хүрэн хүссэн асуултаа асуухад чиглүүлэгч өөрөө хөдлөн асуултын хариултыг өгөх ёстой.
Хэдийгээр тоглоом энгийн, хөгжилтэй харагдаж байгаа ч цаг хугацаа өнгөрөн нийгэм хувьсахын аясаар утга учир нь ч мөн дагаж өөрчлөгдөн илүү муу ёрын зүйлийн илэрхийлэл болсон байна.
Анх ouija тавцан хэрхэн хэрэглэгдэж байв?
Сүнсний тавцан буюу ouija тавцан нь 1890 онд албан ёсоор үйлдвэрлэгдэж эхлэхээсээ өмнө аль хэдийн олны хүртээл болоод эхэлчихсэн байсан гэх. 1840-өөд оны үед Америкчууд сүнсний ертөнцтэй холбогдож болох боломжтой хэмээх итгэл үнэмшилтэй болсон бөгөөд иймэрхүү сүнслэг зүйлстэй холбоотой уулзалтууд ихээр зохиогддог байжээ. 19-р зууны хүмүүсийн хувьд сүнсний самбараар дамжуулан далдын ертөнцтэй холбоо тогтоон ирээдүйгээ мэдэх боломжтой байсан нь энэхүү самбарын нэр хүндийг нэмэгдэхэд улам их нөлөөлсөн гэдэг. Ялангуяа Америкийн иргэний дайны үеэр айл өрхүүд өөрсдийн хайртай дотны хүмүүсээ алдах нь элбэг байсан тул тэдэнтэйгээ ouija самбараар дамжуулан ярилцах нь нэг төрлийн сэтгэл зүйн эмчилгээ болж өгдөг байсан гэхэд буруудахгүй.
Зөвхөн 19-р зуунд ч гэлтгүй 20-р зууны эхээр буюу дэлхийн 1,2-р дайны уршгаас болж маш олон гэр бүл хайртай гишүүнээ алдах нь элбэг байсан тул энэ үед ч ouija самбарыг эерэг өнцгөөр хардаг байв.
Ouija самбар хайрын бэлэг тэмдэг болсон нь
1920-оод онд зөвхөн далдын ертөнцтэй харилцах зорилгоор хэрэглэгддэг байсан самбарыг илүү хөгжилтэй, хөнгөн, романтик байдлаар хэрэглэдэг болж, самбарын тухай хайрын дуунууд ч зохиогдох болсон байна. Үүний цаад шалтгаан нь хосууд ouija самбарыг болзооныхоо нэг хэсэг болгон ашигладаг болсонтой холбоотой. Бид самбараас юуг ч асууж болно хэмээн дээр дурдсан шүү дээ. Тиймээс хосууд самбараар тоглохдоо “Миний ирээдүйн нөхөр хажууд минь сууж байна уу?” гэх зэрэг сээтгэнэсэн өнгө аястай асуултуудыг тавин нэгнээ өддөг байсан байгаа юм.
Бүр алдарт зураач Норман Роквелл ouija самбар ашиглаж буй залуу хосын зургийг зуран сонины нүүрэнд хэвлүүлсэн нь тухайн үедээ самбарыг илүү хөгжилтэй, энгийн тоглоом мэтээр хүлээж авдаг байсан гэдгийн нотолгоо болж байна.
Чөтгөр шуламсын дэлхийд ирэх үүдийг нээдэг?
1920 оны үед олон нийтэд инээд хөөр бэлэглэдэг байсан ouija самбар дөчхөн жилийн дараа буюу 1960-аад оны сүүлээс “Мэнсоны аллага” болон Сатаныг шүтэх үзлийн дэлгэрэлтээс үүдэн муу ёрын зүйл хэмээн тооцогдох болсон байна. Гэхдээ самбарыг тэр чигт нь ёрын зүйл хэмээн үзэх болох гол шалтгаан нь 1973 онд нээлтэй хийсэн The Exorcist кино юм. Киноны үйл явдлын хувьд нэгэн охиныг ouija самбараар тоглож байх үед биед нь чөтгөр шүглэчихдэг бөгөөд энэ киноны дараа л хүмүүс самбарын нөгөө талыг харж эхлэх болсон гэсэн үг. Гэвч энэ чинь ердөө л кино байхад хүмүүс яагаад үүнийг тэгж их хүндээр хүлээж авсан юм бэ гэх асуулт танд төрж магадгүй. Хариулт нь The Exorcist киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэдэгт л оршиж байгаа юм.
Сонирхуулахад ouija самбар нь 1967 онд хоёр саяас ч илүү хувь борлуулагдан тухайн үеийнхээ хамгийн их зарагдсан тоглоом болж байсан ч The Exorcist үзэгчдийн хүртээл болсноос хойш борлуулалт нь багасан нэр хүнд нь навс унасан байна.
Гэтэл үнэндээ шинжлэх ухааны өнцгөөр тайлбарлавал ouija самбарын чиглүүлэгч далдын хүчний нөлөөгөөр биш харин идеомотор үзэгдлийн үр нөлөөгөөр хөдөлдөг буюу хүмүүс өөрийн мэдэлгүй чиглүүлэгчийг хөдөлгөдөг гэж үздэг. Шинжлэх ухаанаар ийнхүү тайлбарлаад байхад ч хүмүүс өдийг хүртэл ouija тавцангаас айдаг хэвээр л байна.
Эх сурвалж: National geographic
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!