"AI Academy Asia" байгууллагын “AI for Women 100x100” хөтөлбөр өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийлээ. Хөтөлбөрт нийт 2000 гаруй хүн бүртгүүлснээс 100 багш, 100 охин сонгогдон оролцож байна.
Охидын хувьд 13–18 насныхан, тэдний дийлэнх нь ахлах ангийн сурагчид байна. Ингээд хөтөлбөрийн оролцогчидтой цөөн хором ярилцсанаа хүргэе.
С.Хулан. 15 настай. Төгсдэлгэрэх сургуулийн 10а ангийн сурагч.
Зун болдог "Girl's code 30x30" гээд хөтөлбөрт манай үеэл орсноор энэ хөтөлбөрийн талаар анх олж мэдсэн. Манай үеэл чи орооч маш том боломж гэж ятгаснаар орсон.
Би ирээдүйд эмч болно. Мөн би гар бөмбөгөөр хичээллэдэг. Гар бөмбөгийн спортыг шүүхэд их хэцүү, маргаан гардаг. Үүнд хиймэл оюун ухааныг ашиглана гэж боддог. Хөтөлбөрт энэ тухайгаа эссээ бичиж явуулаад шалгарсан.
Б.Энхлүүн. Бизнес чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй.
Манай ээж энэ хөтөлбөрийн талаар анх олж мэдсэн. Энэхүү хөтөлбөрт сонгогдсондоо маш их баяртай байна. Хиймэл оюун ухаан сурснаараа би ирээдүйд өөрийн гэсэн тоглоом бүтээх сонирхолтой. Миний хамгийн том inspiration бол SCO. Video games миний амьдралд маш ойр байдаг. Тиймээс л код бичиж сурах гэж энэ хөтөлбөрт орсон.
Ц.Ундармаа. Төгсдэлгэрэх сургуулийн 11б ангийн сурагч.
Би хиймэл оюун чиглэлээр цаашдаа суралцахыг мөрөөддөг. Тиймдээ ч энэ хөтөлбөр суурь болж өгөх байх гэж бодоод энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа тухай эссээ бичсэн. Дараа нь математик, англи хэлний шалгалт өгсөн. Математикийн шалгалтад дан илэрхийлэл бодлогууд ирсэн. Харин англи хэл дан тестээр шалгалт авсан. Өнөөдөр би маш их догдолж ирлээ.
Нийслэлийн Ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн 12-р ангийн сурагч
Хиймэл оюун хурдтай хөгжиж байгаа үед хөл нийлүүлэн алхах ёстой юм байна гэж бодож байсан. Гэхдээ хаанаас яаж эхлэхээ үнэхээр мэдэхгүй байсан. Тэгээд энэ хөтөлбөрийг олж хараад "за энэ л миний орох ёстой хөтөлбөр юм байна" гэж шийдсэн.
Би ирээдүйд хууль өмгөөллийн чиглэлээр суралцана гэж боддог. Үүнээс гадна би social influencer болох зорилготой. Мөн би өсвөр насныхандаа зориулаад програм бүтээх зорилготой. Хүүхдүүдэд мэргэжил сонголт, анхны сарын тэмдэгийн талаар мэдлэг тусламж үзүүлэх аппликэйшн бүтээнэ гэж бодож байна.
Өнөөдөр маш мундаг ах эгч нар илтгэл тавилаа. Хиймэл оюун маш хурдацтай хөгжиж байгаа гэдгийг үнэхээр сайн ойлголоо. Энэ хөтөлбөрт оролцсоноороо маш их зүйл мэдэж авч, суралцах юм байна гэдгээ ойлголоо. Үнэхээр гоё сэтгэгдэлтэй байна.
"AI Academy Asia" байгууллагын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ
"Хиймэл оюун эмэгтэйчүүдэд 100х100" хөтөлбөрийг Голомт банк, AI academy Asia охидын код бичих хөтөлбөр хамтарч хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн гол онцлог нь бид олон улсын цахилгаан холбооны байгууллагын хиймэл оюуны хөтөлбөрийг оруулж ирж байна.
Хөтөлбөрөөр 100 охид хиймэл оюуны анхан шатны мэдлэг авах төдийгүй өөрсдийн аппликэйшин буюу бүтээл хийх чадвартай болоод төгсөнө. Багш нарын хувьд хиймэл оюуныг ашиглаж цагаа хэмнэх, сурсан хиймэл оюуны мэдлэгийг хүүхдүүдэд зааж өгөх гэсэн хоёр өөр хөтөлбөртэй.
Хиймэл оюун дэлхий ертөнцийн хамгийн том бөгөөд хурдтай явж байгаа технологи юм. Цаашид бид хиймэл оюунтай зэрэгцэн амьдарна.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа цаг хугацаа маш чухал. Өнөөдөр дэлхий даяар нэг гараанаас гарч байгаа энэ үед бид аль болох цаг алдахгүй монгол залуучуудаа сургаж мэдээллийн технологийн хоцрогдлыг арилгах, олон улсад өрсөлдөх чадвартай монгол залуучуудыг гаргаж ирэх зорилготой.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗУРГУУДЫГ ГҮЙЛГЭЖ ҮЗНЭ ҮҮ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!