ЭЕШ: Сурагчид шалгалтаа өгч дууссан даруйдаа оноогоо мэдэх боломжтой болно


О.Оюун-Эрдэнэ | YOLO.MN
2017-04-03

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний Төв нь ЭЕШ-ийн бүтэц, зохион байгуулалтыг олон нийт, шалгуулагчдад таниулан сурталчилж, илүү нээлттэй, хүртээмжтэй, шуурхай байлгах зорилгоор тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаагийн нэг болох  “Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэд, олон нийт, шалгуулагчдад зориулсан ЭЕШ-ын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл өгөх, өргөдөл гомдол шийдвэрлэх, ЭЕШ-ын сорил шалгалтыг зохион байгуулж дүн оноог газар дээр нь танилцууллаа.  Мөн “Мэргэжил сонголт болон ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалт, шалгалтанд анхаарах зүйл” сэдэвт лекцийг зохион байгуулсан нь сурагчдийн талархлыг ихээхэн хүлээж байсан нь энэ талаарх тэдний мэдээлэл хомс байсныг илтгэнэ.

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 1-ний 9:00 цагаас эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд ЕБС-ын 12-р ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагч байна. Түүнчлэн гадаадад ЕБС төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй орчим элсэгч ерөнхий шалгалт өгөх төлөвтэй байна.

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлийн хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй өдөрлөгийн талаар ярилцлаа.

"Шалгуулагч шалгалт өгсөн даруйдаа дүнгээ харах боломжтой шилэн технологийг нэвтрүүлж байна"

YOLO: “ЭЕШ-2017” үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулбал?
БҮТ-өөс ЭЕШ бэлдэж буй шалгуулагчдад амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нээлттэй өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр ЭЕШ-ын бүхий л үйл ажиллагааг газар дээр нь үзүүлж байна.  Манай байгуулага ЭЕШ-ын  үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах зорилтын хүрээнд  шалгуулагч шалгалт өгсөн даруйдаа дүнгээ харах боломжтой шилэн технологийг нэвтрүүлж байгаа юм. Энэ нэвтрүүлэх ажиллагааныхаа туршилтыг өнөөдөр ЭЕШ-ын урьдчилсан сорилго шалгалтын үеэр хийж байгаагаараа онцлог болж байна.

YOLO: Энэ технологи маань энэ жилийн ЭЕШ-ын үеэр хэрэгжих үү?
Өмнө нь шалгуулагчид шалгалтаа өгсөний дараа буюу 14 хоногийн дараа дүнгээ харах боломжтой байсан. Шилэн технологи нэвтэрснээрээ шалгуулагчид шалгалтаа өгөөд дууссан  тэр даруйдаа авсан оноогоо мэдэх боломжтой ийм дэвшил гарж байгаа юм. Энэ жилийн хувьд  турших, бэлтгэх гээд өөрсдийн нөөц боломжоороо тодорхой тооны шалгалтын төвүүд дээр хэрэгжүүлнэ. 2018 оны хувьд улсын хэмжээнд бүрэн шалгуулагч маань шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой шалгалтыг зохион байгуулна.

YOLO: Энэхүү өдөрлөгийг цаашид тогтмол зохион байгуулах уу?
Энэ өдөрлөг маань анх удаа зохион байгуулагдлаа. Цааашид бид тогтмол зохион байгуулж хэвшүүлнэ. Шалгуулагчдын маань өнөөдөр ЭЕШ болвол хэд авах вэ? гэдгийг газар дээр нь үзүүлж байгаа нь энэ юм. Нөгөө талаар тэдэнд сэтгэл зүйн бэлтгэл болж байгаа юм. Өдөрлөгт оролцсон шалгуулагчид маань “Маш үр бүтээлтэй үйл ажиллагаа болж байна” гээд ам сайтай байна.

YOLO: Өдөрлөгийн дараагаар ЭЕШ хүртэл шалгуулагчдадаа мэдээлэл өгөх зорилгоор ямар үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
ЭЕШ хүртэл хоёр сарын хугацаа байна. Зургадугаар сарын 15, 17, 18 өдрүүдэд зохион байгуулагдана. Хамгийн эхний үйл ажиллагаа бол ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18:00 цагт дуусна. Үүний дараа шалгуулагчдад аль шалгалтын төв дээр, аль өрөөнд, аль сандал дээр суух вэ? гэдэг мэдээллийг нь өгнө. Бид тэр дагуу зөвлөгөө мэдээллүүдээ яаж шалгалтан дээрээ алдахгүй, хоцрохгүй байх вэ, анхаарах зүйлс зэрэг шат дараалласан мэдээллүүдийг хүргэх болно.



 

“Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” нээлттэй өдөрлөгт оролцогчдын сэтгэгдэл

“Ийм том өдөрлөг болно гэж мэдэлгүй ирц бүртгэнэ гэсэн болохоор л ирсэн. Ирсэн чинь ЭЕШ-ын сорил шалгалт авна гээд бүртгүүлээд шалгалтаа өгчихлөө. ЭЕШ ямархуу журмаар явагдахыг нь мэдсэн болохоор туршлагатай боллоо гэж хэлж болно. Шалгалтаас өмнө нь сорил шалгалтыг өгөх зөв юм байна. Дотоод үйл ажиллагаа, бүртгэлийн хуудас, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл нэг дор төвлөрүүд өгж байгаа үйл ажиллагаа болж байгаад нь талархалтай байна” энэ бол тус өдөрлөгийн зорин ирсэн хүүхдүүдийн дийлэнх яриа байлаа.

Баянгол дүүргийн 47-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Төмөрбэх
Өдөрлөг бол олон хүүхдүүдийг хамарсан, нэлээд том үйл ажиллагаа болж байна. Яг хэрэгтэй цагтаа энэхүү өдөрлөгт ирсэндээ маш их баяртай байна. ЭЕШ ямархуу явагддаг, ямар алдаа гарахаас сэргийлэх талаар мэдэж авснаас гадна зөвхөн харандаагаар бөглөх хэрэгтэй юм байна. Энэ жилийн хувьд монгол хэл, англи хэлний хичээлээр сонсголын даалгавар орж ирж байгаа нь урьд урьдын жилийнхээс өөр болж байгаа юм байна лээ. Сорилго өгөөд цаган дээрээ анхаарах хэрэгтэйгээ мэдэж авлаа. Хугацаагаа зөв төлөвлөөд, өдөр болгон өөртөө давтлагын хуваарь гаргаад бас хэт ачаалалтай бэлдээд байлгүй хоёр цаг хичээллээд амраад ч гэх мэт зөв менежменттэй бэлдээрэй гэж үеийнхэндээ хэлье.


 

49-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Энхцацрал
ЭЕШ-д бэлдэхэд дөхөм болсон их гоё өдөрлөг болж байна. ЭЕШ уншдаг машин, ЭЕШ-д юу юу авж орох ёстой, юу юу авж орж болохгүй гэх мэтчилэн бүх талаараа ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

 


Ган зам 20-р сургуулийн 12-р ангийн сурагч  Ч.Жамбалдорж
Сорилго өгөөд өөрийгөө аль түвшинд явж байгааг мэдлээ. Мэргэжил сонголт, ЭЕШ-ын хариултын хуудас, ямар ямар санамж байдаг талаар зөвлөгөө авсан. ЭЕШ-даа бэлдэхдээ цагаа зөв зохистой төлөвлөөд, чөлөөт цагаа зохицуулаад сайн төвлөрөх юм бол сайн үр дүн гарна гэж бодож байна.

 


47-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Оюундарь
Өмнөх оны шалгалтуудыг хийж байсан бөгөөд түүнтэй төстэй байсан. Гэхдээ нэмэгдсэн зүйл нь сонсгол байсан. Сонсголын даалгавар дээр ажиллахад дажгүй байлаа. Хугацаагаа сайн хувиарлах, хариултын сайн хуудастайгаа ажиллах хэрэгтэй юм байна. 12-р ангийн сурагчдын амьдрал ЭЕШ-аар шийдэгдэх учраас үүний тухай сургалт, зөвлөгөөнүүд өгж байгаа нь таалагдлаа.

 


Англи хэлний сорилгын хамгийн өндөр оноо авсан 40-р сургуулийн 12-р ангийн сурагч М.Хонгорзул

















Бид ЭЕШ-ын талаарх шинэ, соргог мэдээ мэдээллийг цаг алдалгүй та бүхэнд хүргэж байх болно.

ЭЕШ-ийн мэдээ, мэдээллийг манай сайтын #ЭЕШ туслах цэсээс аваарай.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson