Зургаан хүүхдийн ээж Отгонбаатарын Ундармаа сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлээрээ өдөр тутмын “Өнөөдөр” сонинд сэтгүүлч, орчуулагчаар арван жил ажиллаад 2017 оноос ээжийн чөлөө авч, хүүхдүүдээ асрах болов.
2019 оны өвөл тав дахь хүүхдээ төрүүлэх үед нь коронавирусийн халдвар гарч, гэртээ суух үедээ амигүрүми хэмээх Японоос гаралтай нэхмэл урлалын талаар мэджээ. Анх нэхмэл хийдэг монгол бүсгүйн бичлэгээс ийм урлаг байдгийг олж мэдсэн бөгөөд интернэтээс хайсаар заавар, бичлэгүүдийг олж бие даан сурсан байна.
Гурван хүүгийн араас ойрхон төрсөн охидын ертөнц өөр ажээ. Охидын хувцас хэрэглэл, аяга таваг, өнгөний сонголт гээд юм бүхэн нь нарийн нандин. Ах нарын өв хөрөнгө болох өрөөгөөр дүүрэн хөглөрөх машинууд, хүн аалз, халк тэргүүт киноны дүрүүд охидод сонин биш. Охид өөр байгаа нь залуухан ээжид ч сонирхолтой тул охидын ертөнцтэй танилцах шинэ аялал эхэлсэн гэхэд болно. Анх охиддоо хүүхэлдэй нэхэх гэж сурсан амигүрүми урлал түүний хобби, мөн ажил, "Гарааны бизнес" нь болсон гэгээн түүхээс уншигч танаа хуваалцъя.
Ковидын өмнө нэхмэл тоглоомын талаар хүмүүс мэддэг ч нэхдэг хүн олон байгаагүй аж. Олон сараар хөл хорионд байсан хүмүүс хийх юм эрэлхийлж, нэхмэл урлал, ер нь гар урлал амжилттай хөгжих нөхцөл бүрджээ.
О.Ундармаа, Би 2019 оны 12-р сард төрсөн. Төрөхийн өмнөх намар нь интернэтээс судлаад, амигүрүми урлал буюу нэхмэл тоглоомын урлалын талаар мэдэж авсан. Түүхийг нь судлахад Японоос гаралтай ч Япондоо төдийлэн сайн хөгжөөгүй. Орчин үед Турк, Орост илүү сайн хөгжсөн.
Амигүрүми урлал нь бидний дунд сургуульд Хөдөлмөрийн хичээлд үздэг нэхмэлээс тэр өөр. “Залуудаа нэхдэг байсан, чадах байх” гээд тэтгэвэрт гарсан хүмүүс сургалтад суудаг ч, бидний мэддэгээс тэс өөр юм байна гэж хэлдэг.
Хувцсыг бол сулхан, сийрэг нэхдэг. Харин тоглоомыг сул нэхвэл дотор нь чихсэн зүйлс харагдах учир маш чанга, бас жигдхэн нэхэх ёстой. Жигд нэхэхийн тулд нэг эхэлсэн жижиг хэсгийг дуусах хүртлээ тавьж, босож суугаад байвал нэхээсний жигд хэмнэл алдагддаг. Тэр нь харахад л мэдэгддэг юм.
Тоглоомны чих, толгой, хөл, гар гэх мэтээр жижиг деталь бүрийг тусад нь нэхээд, дараа нь холбож оёдог. Тэгэхээр нэг суурин дээрээ нэг деталь нэхээд босно гэсэн үг. Ер нь маш нарийн, бас тэвчээр шаардсан урлал гэв.
Тэрбээр “Шинсоч урлан”-гаа нээж, уран гартай найман бүсгүй нэхмэлийн сургалт, бүтээгдэхүүний захиалга, бэлэн тоглоом болон материал, хэрэгслийн борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Дээр нь нэг тоглоом урлахын тулд тухайн тоглоомын схемийг гаргана. Схем бол тоглоом урлах нарийн заавар гэсэн үг. Нэхмэлийн ерөнхий аргачлал нь адилхан ч жишээлбэл, туулайн чих урт, баавгайнх жижигхэн дугуй, гахай жижигхэн гурвалжин чихтэй. Тэгэхээр тэр болгонд өөр схем гаргадаг байна.
Түүний анх сонирхож эхлэх 2019 оны үед бэлэн схем ховор байжээ. Гар урлалаар дагнасан гадны Etsy гэж вэбсайт бий. Гадаадын урлаачид нэг тоглоом нэхээд, схемээ тэр сайтаар борлуулдаг. Схем нь тухайн хүний оюуны бүтээл учир схемийн борлуулалт тусдаа нэг бизнес болон хөгжжээ.
О.Ундармаа “Ийм урлал байдаг юм байна” гэж адилхан хүүхдээ асарч гэртээ суугаа хоёр найздаа санал болгож, гадуур түгээмэл болоогүй гоё схем олбол тэдэндээ хуваалцдаг. Интернэтийн өргөн орон зайд хайлт хийсээр чамгүй олон шинэ, сонирхолтой схем цуглуулжээ. Тухайн үед хүмүүс энэ нэхмэлийг нь сурсан ч бэлэн схем байдаггүй. Схем нь олдсон ч хүмүүс өөртөө л хэрэглэдэг, бусадтай хуваалцдаггүй байсан бололтой. Тэрбээр фэйсбүүкт үүсгэсэн “Шинсоч урлан” групптээ шинэ шинэ схем оруулж эхэлтэл хүмүүс маш их сонирхож нэгдсээр байжээ.
Анх бэлэн схем хайдаг байсан бол одоо манайхан сурчээ. “Шинсоч урлан”-гийн гурван бүтээлч бүсгүй зургаа аваад ирвэл, схемийг нь гаргаад өгнө. Тэгэхээр хүссэн зургаа нэхмэл тоглоом болгон хувиргах боломж бүрджээ.
ТОГЛООМЫН ЦАРАЙГ УРЛАХАД ХАМГИЙН ИХ АЖИЛЛАГАА ОРДОГ
Тоглоомын толгой буюу царайг урлахад хамгийн их ажиллагаа ордог. Тиймээс тэд бүтээлийнхээ царайг гаргачихвал 50 хувь нь гараас гарлаа гэж үздэг. Жишээлбэл, бамбаруушийн толгой гэхэд эхлээд бөмбөг шиг бөөрөнхий хэлбэрийг гаргахын тулд 2-3 цаг гар салгалгүй нэхнэ. Дараа нь царай төрхийг гаргах хамгийн нарийн бөгөөд ур чадвар шаардсан ажилдаа орно.
Хүүхэлдэй урлахад хамгийн нарийн ажиллагаа шаарддаг. Царай төрхийг өнгө донжтой гаргахын дээр урт үстэй хүүхэлдэй бол үсийг нэг бүрчлэн нэхэх тул зөвхөн үс нэхэхэд бүтэн хоёр өдрийн ажил болдог тул ажиллагаа ихтэйн хэрээр өртөг өндөртэй. Нэг хүүхэлдэй хэмжээнээс хамаарч 100-250 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж.
Охид хүүхэлдэй сонирхдог хэвээрээ. Хүүхэлдэй болон амьтдын хувцас нь тусдаа тул тайлж, өмсүүлж болно. Хайртай хүүхэлдэйдээ тусад нь солих хувцас нэхүүлээд авч болдог нь тоглоомыг илүү сонирхолтой болгоно.
Тоглоомын нэг жижиг хэсгийг нэг суудал дээр гар салгахгүй нэхсээр дуусгах ёстойн дээр эгнээ бүхэн нь тоотой. Анхаарал алдаж тоо зөрвөл тоглоомын хэлбэр хэмжээ бүхэлдээ алдах эрсдэлтэй тул нэг зүү ч илүү, дутуу хатгахыг зөвшөөрөхгүй.
Нэхмэлд зургаагийн хүрд ашигладаг. Ямар ч тоглоомын эхний тойрог зургаагаас эхэлж, тойрог тэлэхийн хэрээр пропорцоороо зургаа зургаагаар нэмэгдээд, томоосоо зургаа зургаагаар хасагдана.
О.Ундармааг анх нэхмэл хийж эхэлж байх үед хүүхдүүд нь хажуугаас юм асуух зэргээр анхаарал сарниулах зүйл гардаг байсан бол одоо нөхрөөс нь эхлээд хүүхдүүд том, багагүй ээждээ саад болохгүйг ойлгож, чанга дуу чимээ ч гаргахаа больжээ. Бусад урлаач бүсгүйчүүдийн гэр бүлийнхэн ч ийм хүмүүжилтэй болсныг тэд хоорондоо ярилцдаг аж.
Бэлэн болсон тоглоомуудыг харвал нэхээс нь нэг төрөл атлаа өөр өөр материалаар оёсон мэт. Энэ нь утасны сонголттой холбоотой аж. Тухайлбал, Баавгайг үслэг мэт харагдуулахын тулд хамбан утсаар, хүүхэлдэйг даавуун утсаар нэхнэ. Хүүхэлдэйн үс нэхдэг утас нь бас өөр. Бүр үслэг шуба шиг утас ч бий. Түүнийг хүүхэлдэйн үс, морины дэл, илжигний үс зэргийг хийхэд ашигладаг.
Нэхмэлийн урлал хөгжихийн хэрээр төрөл бүрийн утас, холбогдох хэрэгслий сонголт өргөн болжээ. Тэд интернэтээс судалсаар Турк, Хятад улсаас материал, хэрэгслээ захиалж, өөрсдөө хэрэглэхийн дээр утас, материалын худалдаа, борлуулалт хийдэг.
Европын орнуудын хүүхэлдэй урлаачид утсаа мөн Туркээс авдаг. Туркээс оруулахад удаан хүлээх болдог тул урд хөршөөс авах нь илүү хялбар, сонголт өргөн, материалын чанар ч сайн болжээ.
Сүүлийн үед албан байгууллагын байгууллагынхаа бэлгэ тэмдэг болсон амьтны дүр, тэмцээн уралдааны бэлгэдэл амьтан, төгсөлтийн баярын бэлэг дурсгалд гэх мэтээр нэхмэл тоглоомын захиалга өгөх болжээ. Тоглоом бүрийг гараар урлах учир багагүй цаг орох ч, нэг схемээр олныг гаргах учир нэг ширхэг тоглоомын захиалгатай харьцуулахад хурдан. Уран гартай, ур чадвар өндөртэй бүсгүйчүүд зэрэг суугаад хэд хэдээр нь гаргаад өгнө.
Хүмүүс төрөл бүрийн тоглоом, төрсөн жил болон хүүхэлдэй захиалан нэхүүлж, хүүхдэд бэлэглэдэг. Хүүхдэд зориулсан бэлэгний захиалга ирэхэд “хэдэн настай, ямар кино үздэг, юу сонирхдог, ямар өнгөнд дуртай” гэх мэтээр асууж лавлаад яг өөрт нь тохирсон ганц ширхэг чамин тоглоом урладаг.
Өнгөнөөс чухал нь хүүхэд хаана ч авч явсан барихад гарт эвтэйхэн, биеийн өндөрт нь тохирсон хэт том биш байх гэх мэтээр бяцхан эзэндээ хамгийн тухтай, дулаан мэдрэмж өгөх нь энэ урлалын онцлог. Бага насны хүүхэд байвал жижиг, нарийн хөл гартай тоглоом дуртай байдаг. Байнга авч явахад оворгүйн дээр гарт нь барьцтай байх ёстой. Ялангуяа 2-3 насны охид нэхмэл зөөлөн тоглоомоо авч явах дуртай. Хувцас сольдог хүүхэлдэйд 5-6 насны охид илүү дуртай байдаг гэнэ.
СЭТГЭЛ ЗҮЙГ ТАЙВШРУУЛАГЧ УРЛАЛ
Анзаараад байхад хүүхдүүд хуванцраас илүү нэхмэл тоглоом авч явах дуртай, өвөртөлж унтахад, илэхэд ч зөөлөн дулаахан мэдрэмж өгдөг.
Хоёр гурван жилийн өмнө дөө, Монголд аавтайгаа аялсан франц хүүхэд говьд нэхмэл тоглоомоо алга болгосон гээд фэйсбүүкээс дүүрэн зар түгсэн. Гадаад хүүхдүүд хаана ч авч явдаг тоглоомтой байх нь хэвшил болсон байдаг. Хүүхдийг тусад нь унтуулж сургах буюу sleep training хийхдээ тайвшруулах зорилгоор хүүхдэд өөрт нь таалагдсан нэг тоглоомыг сонгуулдаг. Цэцэрлэгтээ ч тоглоомтойгоо орохыг зөвшөөрдөг байна.
Тоглоом нь хүүхдэд ойр дотно мэдрэмж өгдөг, өөрийнх нь, гэрийнх нь үнэр тоглоомд шингэсэн байдаг. Тийм дотно тоглоом нь алга болохоор гэр бүлийн нэг гишүүнээ алдсан мэт сэтгэл зүйн хувьд эмзэг хүлээж авдаг. Франц охины тоглоомын эрэл болж, очсон амралтын газраасаа олоод буцсан тухай О.Ундармаа сонин болгож ярив.
Нэхмэл тоглоом нь тоглож байгаа хүүхдээс гадна нэхмэлчдийн хувьд ч толгой, гар хоёр зэрэг ажилладаг учир өөр юу ч бодох завдал гарахгүй. Нэхээс бүрдээ сэтгэлээ шингээж, хайраар бэхэлж урладаг урлал.
Их Британид нэг эмнэлгийн Дутуу нярайн тасагт судалгаа хийжээ. Судлаач дутуу төрсөн нярайн инкубаторт нэхмэл наймаалж хийгээд, зарим хүүхдийн инкубаторт хийхгүйгээр хүүхдийн эдгэрэлтэд яаж нөлөөлж байгаад туршжээ. Туршилтаар зөөлөн тоглоом инкубаторт хийсэн хүүхдүүд илүү хурдан эдгэрсэн үр дүн гарсан байна. Сэтгэл санааны хувьд тогтвортой бол эрүүл мэнд илүү хурдан сайжирч байна гэж дүгнэсэн. Нэхмэл тоглоом стрессийг бууруулж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгодог гэж үздэг.
Эмнэлгүүд, ялангуяа нярайн тасагт гаднаас юм оруулдагггүй. Энэ судалгааны үр дүн гарснаас хойш тэр эмнэлэг нярайн тасагт нэхмэл тоглоом оруулахыг зөвшөөрөх болжээ.
Их Британийн усан спортын тамирчин Том Дэйли Токио-2020 олимпын үеэр ээлжээ хүлээх зуураа юм нэхэж суусан бол дараагийн Парис-2024 олимпт ч нэхсээр суудаг. Тамирчин хүний хувьд сэтгэл зүйн бэлтгэл хамгийн чухал. Олимпын нэг алт, гурван хүрэл медалийн эзэн 31 настай Дэйли-н хувьд нэхэх хоббитой гэхээс илүү үзүүлбэрээ үзүүлэхийн өмнө сэтгэлзүйгээ тогтворжуулж, өөртэйгээ ажиллаж буй хэлбэр гэж тайлбарладаг.
Нэхээд суухад, тэр дундаа амигүрүми урлал бол маш нарийн тоо, тооцоололтой байдаг учир өөр зүйл бодох ямар ч зав гардаггүйтэй адил аж.
Тархи байнга ажиллаж байвал булчин шиг хөгждөг. Тиймээс амигүрүми урлал зөнөх, альцгеймер тусах эрсдэлийг бууруулдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Тэтгэвэрт гараад удаагүй хүмүүс нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмж авч, стресстэх нь их байдаг. Тиймээс ахмадууд нэхээд сурчихвал стресс тайлагдахаас гадна нэхээд дууссаны дараа бүтээлтэй үлддэг бүтээлч хобби. Бүтээлээ хараад урам авч, өөрөөрөө бахархах мэдрэмж өгдөг. “Ач, зээдээ ийм тоглоом нэхлээ” гээд бариад ирдэг, тэр байтугай захиалга аваад, нэхэж байгаа ахмадууд ч бий гэж хүүхэлдэй урлаач, О.Ундармаа ярьсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!