Таныг эвгүй байдлаас аврах дүрмүүд


Т.Онон | YOLO.MN
2025-07-29

Ёс зүйн хэм хэмжээ нь өнөө цагт болзоонд сайхан сэтгэгдэл үлдээх, автобус дотор шүүмжилсэн харцнаас зайлсхийх, үсчин, хөрш, ирээдүйн ажил олгогчтой харилцаа тогтооход тустай. Ингээд таныг эвгүй байдлаас аварч чадах ёсзүйн дүрмүүдтэй танилцацгаая.

Олон нийтийн тээврээр явахдаа үүргэвчээ тайлаарай
Тээврийн хэрэгсэл дотор үүргэвч үүрсэн байвал орчин тойрны хүмүүст төвөгтэй байдаг. Та өөрөө үүргэвчнийхээ хэмжээ, хүрээг мэдэрдэггүй учир санаандгүйгээр бусдыг мөргөж, тухгүй байдалд оруулж болзошгүй. Та үүргэвчээ тайлж, гартаа барих эсвэл хөлнийхөө завсарт тавиарай. Зарим хотод, жишээлбэл Лондонд энэ дүрэм зорчигчийн зааварт хүртэл тусгагдсан байдаг.

Зураг нийтлэхийн өмнө зөвшөөрөл аваарай
Бүх хүн өөрийн зургийг интернэтэд тавихыг хүсдэг биш. Хэн нэгэнтэй хамт зураг авахуулсан бол нийтлэхээс өмнө заавал зөвшөөрөл аваарай. Ялангуяа албан бус орчинд авсан зураг, эсвэл хүүхдийн зураг бол бүр ч анхааралтай байх ёстой.

Хувийн хил хязгаарыг хүндэтгэх нь дижитал ёс зүйн үндэс юм. Pew Research Center-ийн судалгаагаар 3 хүн тутмын 1 нь өөрийгөө таг-лдсан зургийг устгадаг байна.

Утсаа байнга чимээтэй байлгах нь бүдүүлэг сэтгэгдэл төрүүлдэг
Хувийн уулзалтын үеэр утас тасралтгүй дуугарах, чичрэх нь таны харилцагчтайгаа анхааралтай ярилцаж чадахгүй байгааг илтгэнэ. Энэ нь харилцааны чанарыг бууруулдаг.

Утсаа чимээгүй болгох нь хүндлэл юм. Хэрвээ чухал дуудлага хүлээж байгаа бол харилцаж буй хүндээ урьдчилан мэдэгдээрэй.

Мессеж, дуудлагад цаг тухайд нь хариу өг
Орчин үед түргэн шуурхай хариу өгөх нь харилцагчдаа хүндэлж буйгийн илэрхийлэл юм. Компанийн соёл судлаач Justin Bariso 600 гаруй хүнийг хамруулсан судалгаагаар мессежид хариу өгөх оновчтой хугацаа 24 цаг хэмээн тогтоожээ.

Хэрвээ та завгүй бол “Одоо уулзалттай байна, дараа хариу өгнө” гэсэн богино мессеж бичихэд л хангалттай. Энэ нь тухайн хүнийг үл тоомсорлоогүй гэдгийг харуулна. Харин амралтын өдрүүдэд тайван хандахад болно.

Нийтийн 00-г цэвэрхэн орхих
Нийтийн орон зайг өөрийн гэр шигээ хүндэтгэх нь ёс зүйн үндэс юм. Бие зассаны дараа усаа татаж, хүндэрсэний дараа 00-ыг сойтгоор цэвэрлэж, ариун цэврийн цаас, хэрэглэлээ хогийн саванд хийж заншаарай. Дараагийн хүн таны анхаарлыг талархан хүлээж авах болно. Мөн 00-н суултуур дээр суухгүйгээр хэрэглэх нь туйлын бүдүүлэг юм шүү.

Үнэртэй усыг ухаалгаар хэрэглэ
Хэт хурц үнэр хүмүүсийг тухгүй байдалд оруулдаг. Хүн амын гуравны нэг нь үнэрэнд мэдрэмтгий байдаг. Хурц үнэр нь мигрень, астма, харшил ч өдөөж болдог.

Ялангуяа зуны улиралд үнэр улам хурц мэдрэгддэг тул болгоомжтой байх хэрэгтэй. Үнэртэй ус цацах дүрэм: агаарт нэг удаа цацаж, анхилуун үнэр дундуур алхах. Хурц үнэртэй ус нь спорт заал, эмнэлэг зэрэг газарт зохимжгүй байдаг.

Бусдын эд зүйлд анхааралтай хандах
Хүнээс юм зээлэх нь тухайн хүний итгэлийг авсантай ижил. Тиймээс өгнө гэсэн хугацаанд нь буцааж өгөхөөс гадна, өөрийн эд зүйл шиг цэвэрхэн, бүрэн бүтэн байлгах ёстой. Хуудас нь нугаларсан ном, угаагаагүй хувцас, цэнэггүй цахилгаан хэрэгсэл буцааж өгөх нь байж болохгүй зүйл.

Хэрвээ зээлсэн зүйл эвдэрсэн бол зөвхөн уучлалт гуйгаад зогсохгүй, засаж өгөх, эсвэл шинэчилж өгөхийг санал болго. Ингэснээр сайн харилцаа хадгалагдана.

Магтаалыг хүлээн авч, өгч сурах
Магтаал бол бэлэгтэй адил — татгалзах, эсвэл маргалдах нь задлаагүй бэлгийг буцааж өгч байгаатай адил. Талархлаа илэрхийлж "баярлалаа" гэхэд л хангалттай.

Магтахдаа битгий хэт ерөнхийл. “Чи гоё” гэхийн оронд “Энэ гутал чинь гоё байна” эсвэл “Хэцүү нөхцөлд өөрийгөө хэрхэн авч явж байгаа чинь мундаг байна” гэх мэт жижиг, тодорхой зүйлсийг хэлбэл илүү чин сэтгэлээс гарсан мэт сонсогдоно.

#ёсзүйн дүрэм