МУГТ М.Цэрэнлхам: Нулимс унагаахгүй шүү гэж их тэвчсэн. Маш их сандарч, догдоллоо


Б. Чимэг | YOLO.MN
ӨЧИГДӨР


МУГТ М.Цэрэнлхамтай шагналаа гардан авсных нь дараа ярилцав. 

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танхимд орж  ирээд зарлигаа уншиж байгаа мөч үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлсэн. Нулимс унагаахгүй шүү гэж их тэвчсэн. Маш их сандарч, догдоллоо.

Өөрийнхөө нэрийг дуулдуулж, Ерөнхийлөгчөөс тэмдгээ авч ёслон, гэр бүлийнхэн рүүгээ харах нь их гоё юм. Сэтгэл их өндөр байна. Амьдралдаа хамгийн сайхан мэдрэмжүүдийг өнөөдөр авлаа. Ерөнхийлөгч “Гаргасан амжилтдаа ханахгүйгээр олимп, дэлхийн аварга болохын төлөө улам хичээгээрэй. 2028 оны Лос-Анжелосын олимпт  амжилттай оролцоорой гэж захисан.      

Манай багийг Стив Сер дасгалжуулагч их сайн чиглүүлсэн. Бидний сэтгэл зүйг их сайн мэдэрдэг, бидэнтэй "тулж" ажилласан. Иймээс надад бусад охидтойгоо харьцахад ямар ч асуудалгүй байсан. Дасгалжуулагчдаа маш их баярлалаа. 

Энэ тэмцээнд гурван жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. тэр үед би өөртөө энэ  тэмцээнд оролцох зорилгыг тавьсан. Бэлтгэлийн үеэр бэртэл их авсан ч өөртөйгээ их тэмцсэн.  Гэр бүлийн хүн маань ч намайг их дэмжлээ. Шигшээ багт багтан, ахлагчаар нь томилогдон, мөнгөн медаль авч, гавьяат тамирчин болсон нь зүүд юм шиг санагдаж байна. Маш их талархаж байна. Монголын ард түмэндээ талархлаа. Эх оронд маань тэмцээн болсон тул маш их дэм боллоо. Та бүхний дэмжлэгээр энэ амжилтад хүрлээ.    

#3x3 #сагсан бөмбөг #Цэрэнлхам