Гүйдэг Моги нэрээрээ танигдсан Ж.Баатарболд нь банк санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан бөгөөд сүүлийн 5 гаруй жилийн хугацаанд өглөө болгон гүйхийг дадал болгожээ. Тэрээр гүйлтийн спортын олон улсын хэмжээний мастер ба гүйх ямар ач тустай, яагаад гүйх ёстой зэрэг гүйлттэй холбоотой мэдээллүүдийг сошиал хуудсаараа хүргэдэг.
“Улаанбаатар марафон 2025” маргааш болно. Үүнтэй холбоотой Ж.Баатарболд марафонд гүйх гэж буй хүмүүст хэрэгтэй зөвлөгөө хуваалцсаныг уншигч та бүхэнд хүргэж байна.
ГАРААНААС ХУРДТАЙ ГҮЙЖ ЭХЛЭХ ХЭРЭГГҮЙ
Зөөлөн гүйлтээр эхэлж, нэгэн жигд хурдаар гүйж барианд хүрвэл бахардаж, ядрах асуудал гарахгүй юм. Анх удаа марафонд гүйх гэж байгаа хүн бол мэргэжлийн гүйдэг хүмүүстэй өөрийгөө харьцуулалгүй уужуу тайван гүйх хэрэгтэй шүү. Энэ нь марафонд гүйдэг, гүйх гэж байгаа хүмүүст өгдөг хамгийн эхний зөвлөгөө юм.
ХУВЦАСНЫ ХУВЬД ГҮЙЛТИЙН ПҮҮЗ ХАМГИЙН ЧУХАЛ
Зориулалтын гүйлтийн пүүз өмсөх нь их чухал. Гүйх үед шагай, өвдөг зэрэг үе мөчүүдэд ачаалал их ирдэг. Ялангуяа гүйж хэвшээгүй хүмүүс гэнэт гүйх үед биеийн сул эдүүд доргилт аван өвдөг өвдөх, шагай өвдөх болон бусад бэртэл гэмтлийн шалтгаан болох зэрэг асуудал гардаг. Тиймээс зориулалтын пүүз өмсөх нь үе, холбоост ирэх ачааллыг багасгадаг. Пүүзээ сонгохдоо:
Нэгдүгээрт хүн гүйхдээ өсгийгөөр голдуу гишгэдэг, өлмийгөөрөө голдуу гишгэдэг зэрэг өөр өөр байдаг. Тиймээс өөрийнхөө хөлийн гишгэлтийг аль нь вэ гэдгийг мэдэн түүндээ тохирсон пүүзийг олж аван, өмсөх нь чухал.
Хоёрдугаарт өөрийн пүүзээ өмсөөд ард нь нэг хуруу зай үлдэж байвал яг таарсан пүүз гэсэн үг. Дараачийн анхаарах зүйл нь пүүзний үдээсээ сулавтар үдэх хэрэгтэй юм.
Харин бусад хувцасны хувьд өөрт чөлөөтэй хувцсаа өмсөөрэй. Гүйсний дараа их хөлөрдөг учраас гүйж дууссаны дараа сольж өмсөх хуурай хувцас бэлдээрэй. Хөлсөө биедээ шингээж хатаах нь эрүүл мэндэд их сөрөг нөлөөтэй.
ШИМ ТЭЖЭЭЛЛЭГ ХООЛ ХҮНС ИДЭЖ БЭЛТГЭХ
Мэргэжлийн бэлтгэлтэй, гүйдэг хүмүүс марафон болохын 2 долоо хоногийн өмнө нүүрс усаар баялаг хоол хүнс идэж марафонд бэлтгэдэг. Энэ нь булчингаа нүүрс усаар цэнэглэж байна гэсэн үг. Гэхдээ байнга гүйдэггүй хүмүүс хэт их нүүрс ус аваад дэмий.
Шөрмөс татах асуудал гардаг нь эрдэс дутагдсантай холбоотой учраас шим тэжээллэг хоол идэж, эрт унтаж амрах хэрэгтэй. Гадил идэх, үзэмний шүүс, магни уух зэргээр бэлдээрэй. Мөн электролиттэй ус уух хэрэгтэй.
МАРАФОНЫ ӨДРИЙН БЭЛТГЭЛ
Марафоны өмнөх өдөр нүүрс усаар баялаг хоол хүнс идээрэй. Дараа нь маргааш өглөө гүйх бүх хувцас, ус, идэх зүйлээ бүгдийг нь бэлдээд оройны 22:00 цаг гэхэд унтчихсан байх хэрэгтэй. Мөн өглөө Сүхбаатарын талбайд 9 цаг гэхэд очсон байх хэрэгтэй учраас цагаа сайн тооцоолж очоорой. Тэгээд өглөө сайн хүндрэн, биеэ халаан эхлэх нь чухал.
СЭТГЭЛ ЗҮЙ
Гүйж эхлэхдээ тайван уужуу эхлэх хэрэгтэй. Хэт их баярлаж, сандрах шаардлага байхгүй. Маш олон хүн марафоны өдөр гүйдэг учраас сэтгэл сэргээн сандралыг ихэсгэдэг. Сайн дурын ажилчид урам өгдөг учраас сандрах шаардлага огт байхгүй.
ХОЛ ЗАЙД ГҮЙХ ГҮЙГЧДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨГӨӨ
Tape наалтаа наахдаа марафоны өмнөх орой нь наах хэрэгтэй. Өвдгөнд ирж байгаа ачааллыг бууруулж, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор tape наалт наах нь их чухал.
Вазелин тосыг биеийн эл гарсан бүх хэсэгт түрхэх. Энэ нь:
Мөн нарны тос сайн түрхэх хэрэгтэй. Бас нүдний шил зүүж нүдээ хамгаалах хэрэгтэй.
Гүйлтээ хэмжихдээ монгол тамирчдын их хэрэглэдэг STRAVA апп татаж аван гүйлтээ хэмжвэл зүгээр.
БАРИАНД ОРСНЫ ДАРАА
Дурсгалын зургаа даруулаарай. Гүйсний дараа ачаалал их авдаг болохоор буцаад сэргэх чухал. Тиймээс нэгдүгээрт барианд орсны эхний 30 минутад уураглаг хоол хүнс идээрэй. Дараа нь аль болох унтаж амрах хэрэгтэй.
Эцэст нь нийт марафонд гүйх гүйгчдэдээ амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!