“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын төгсгөлийн ангиуд цацагдаж, хоёр сар үргэлжилсэн хайрын аялал ийнхүү дуусаж байна.
Энэ улирлын оролцогчид мэдрэмж, төсөөлөмгүй хасалт, өрсөлдөөнт сорилт, нууцхан өрөөний болзоо, гэнэтийн шийдвэр гээд олон зүйлтэй нүүр тулсан хэдий ч жинхэнэ хайр, үүрдийн найзуудаа олж чадсан. Ингээд нэвтрүүлэг дөрвөн хостойгоор өндөрлөж байна. Эцсийн мөчид хосууд хайр, мөнгө хоёрын хооронд сонголт хийх хүндхэн даалгавартай тулгарсан ч бүгд л сэтгэл зүрхээ даган “Хайр”-ыг сонгож, чин сэтгэлийн үгтэй захиагаа солилцлоо.
Финалд үлдсэн дөрвөн хос:
НАЦАГ & ЗОЛОО
Нэвтрүүлгийн эхэнд тэд өөр өөр хүмүүст татагдаж байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр жинхэнэ мэдрэмжүүдээ олж нээн, эцэст нь бие биеэ сонголоо. Хосууд дөрвөн насны зөрүүтэй.
Нацаг, “Анх болзож эхэлснээсээ хойш чи бид хоёр 12 хоносон байх юм. 12 хоногийн дотор би хэнд ч, хэзээ ч чамд дурласан шигээ дурлаж үзсэнгүй. Үзэх ч үгүй байх. Өнөөдөр бидний хайрын арал дээр байх сүүлийн өдөр ч гэлээ, ирээдүйд бичигдэх түүхийн эхлэл байх болно. Чи бид хоёр өөр тивд амьдарцгааж, биесийг маань бүхэл бүтэн далай, тэнгис зааглах ч зүрх сэтгэл минь үргэлж чамд нээлттэй хэвээр байх болно шүү”
Золоо, “Уулзах, учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг чи бид хоёр энд уулзсан нь учиртай байх гэж би бодож байна. Чиний над руу хардаг харц, жентлемэн зан, намайг сонсож, ярилцаж чаддаг зан, чиний тэр хайр татам инээд. Бүхнийг хийж чаддаг тэр төрх одоо ч тод байна. Чамайг орж ирсний дараа миний захиа чамаар эхэлж, чамаар дуусаж байгаад би баяртай байна”
ЦЭЛМЭГ & УРИН
Цэлмэг, Урин хоёр үзэгчдийн хамгийн ихээр хайрлаж буй хосууд. Эхэндээ тэдний харилцаа найзуудын хэмжээнд байсан ч сүүлдээ нэгэндээ татагдаж, хос болсон юм.
Урин, “Бидний харилцаа үлгэр шиг эхлээгүй ч эргээд харахад үлгэрээс их зүйл туулжээ. Анх чамайг хараад ямар марзан залуу вэ гэж бодсон ч ард нь ямар зөөлөн, энэрэнгүй сэтгэлтэй хүн байдгийг таних гэж арай л их хугацааг өнгөрөөчхөв үү дээ. Яаж ийм ойлгомжгүй хүн байдаг байна гэж гайхдаг байсан өдрүүд, санаачилгатай шийдэмгий бай гэж чамд зөвлөсөн мөчүүд, өөр охинд захиа бичихэд чинь хамт сонсоод инээлдэж байсан үеүдээ бодохоор өнөөдөр чамд энэ захиаг уншаад зогсоно гэж төсөөлөлд минь багтахааргүй байлаа. Эр хүн гэх үгийн чинь ард нуугдах тууштай, шийдэмгий байдлыг чинь үнэлж барамгүй. Маскны ард гарах дуртай ч маскгүйгээрээ чи дэндүү гайхалтай хүн шүү”
Цэлмэг, “Анх чиний сахилгагүй нүдийг хараад өмнө нь мэдэрч байгаагүй, сүнсээ соруулах шиг болсон. Сүнсгүй болсон биеэ би өөрөө ч ойлгохоо больсон. Нандин хайраа би буруу хүмүүст зольсон. Гэхдээ одоо надад үнэхээр хамаагүй ээ, би жинхэнэ хайраа олсон”
ТАМИРАА & JIEUN
Нас ойролцоо, үзэл бодлын хувьд ч ижилхэн тэд шоуны хамгийн залуу хосууд.
Тамираа, “Анх зургаас харахад их ширүүн харцтай, ууртай, ширүүн юм шиг харагдаж байж билээ. Харин танилцсаны дараа төсөөлснөөс шал өөр, эгдүүтэй, хайр хүргэм бүсгүй гэдгийг олж харсан. Удаан ярилцаад хамтдаа цагийг өнгөрөөсний дараа миний сонирхлын охин байна, ийм хурдан олчхож байгаа юм байх даа гэж өөртөө их гайхаж байсан. Чиний нүдийг ширтэх мөчид энд ирээд туулсан бүх зовлон мэдрэмжүүдээ мартаж, тайтгардаг юм шүү”
Jieun, “Энэ арал дээрх богинохон хугацаанд намайг өөртөө дурлуулж, намайг хайрлах залуу гарч ирнэ гэсэн итгэл минь унтарч, шантарсан үед чи минь гарч ирж бяцхан зүрхийг минь хулгайлчихсан. Чиний тэр харц, хөгжилтэй зан, гол нь намайг гэх сэтгэл чинь үргэлж надад гэртээ ирчихсэн мэт дулаахан, тухтай мэдрэмж. Тиймээс миний хамгийн нандин үнэ цэнтэй зүйл минь чи болсон”
TRAE & ТОД
Энэ улирлын хамгийн онцлох хосууд бол Trae, Тод нар. Нэвтрүүлгийн үеэр үерхэж байгаа гэдгээ зарлан, шоу дууссаны дараа ч үргэлжлүүлэн болзсоор байгаа билээ.
Тод, “Анх уулзаад л итгэлтэйгээр гарыг минь хөтөлсөн залуу одоо зүрхийг минь хөтөлж, сүүлчийн захианы минь эзэн болчихсон миний өөдөөс харан зогсож байгаад баярлаад ханашгүй. Чи бид хоёрыг учралыг 100 хувь энэ захиагаар илэрхийлэх боломжгүй ч гайхалтай гэх ганц л үгээр илэрхийлэх боломжтой мэт. Дурлалын аянд гарч явсан чамтай сүүлчийн зогсоол хүртэл хамт аялж болох уу”
Trae, “Гараас чинь атгаад, бугуйвч солилцож байх үеэрээ чамайг би өөрийн болгоно гэж сэтгэл шулуудан нэг л мэдэхэд чамайг би миний найз охин гэж сэтгэл бардам дууддаг болжээ. Хайр гэж хайж ирдэггүй, чи минь миний амьдралд орж ирсэн хамгийн нандин, гэнэтийн бэлэг. Миний чамайг анх харсан тэр сэтгэл хөдлөл, анх биеэ барьсан балмагдсан царай, чи бид хоёрын анхны үнсэлт, нууц өрөөнд өнгөрүүлсэн тэр шөнө, найз охин минь болооч гээд гуйсан тэр оройг би хэзээ ч мартахгүй”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!