Б.Эрдэнэбат: Зуныг амралт гэж бодолгүй бусдаас “ТАСАРЧ” өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хараарай


Б.Намуун | YOLO.MN
2017-06-08

Өөрийгөө ялан дийлэхээс л бүх ялалт эхэлдэг. Тиймдээ ч өөртөө итгэх нь  амжилтын нэгдүгээр хууль гэдэг биз ээ. Тэгвэл өнөөдрийн ярилцлагын булангийн маань зочноор өөртөө итгэх итгэл, гал дөлөөр бадарч яваа  2017 оны Нийслэлийн аварга шалгаруулах Карл Попперын мэтгэлцээний тэмцээний аварга, МБҮТ (Манлайллын Боловсролын Үндэсний Төв)-ийн дэргэдэх +300 клубын хүндэт гишүүн Б.Эрдэнэбат уригдлаа.

YOLO: Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.
-Сайн байна уу? Намайг Б.Эрдэнэбат гэдэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн 11-р ангид суралцдаг.

YOLO: Анх илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллэх сэдэл хэрхэн төрж байсан бэ?
-Би гараагаа мэтгэлцээнээр эхэлж байсан. 2015 оны арван хоёрдугаар сард мэтгэлцээнийг сураад тухайн сардаа  анхны тэмцээндээ орж байлаа. Анх манай сургуулийн  “Их дуудлага” илтгэх урлаг мэтгэлцээний клуб шинэ элсэлтээ авна гэж сонсоод орно гэж төлөвлөж байсан боловч нэг л зүрхшээгээд чадахгүй байсан юм. Харин тэр үед найз маань намайг ятгаж чирээд, татаж гудачсаар орж байсан даа. cheeky Яг тэр  хөгжилтэй боловч ухаалаг алхам намайг илтгэх урлаг мэтгэлцээнд хөл тавих боломжийг нээсэн.

YOLO: Тэгвэл тэр үед дурамжхан байсан ч хөгжих боломжийг чинь олгож өнөөдрийн амжилтын чинь эхлэлийг тавихад тусалсан найздаа одоо бол талархдаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Одоо найз маань илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллэдэггүй л дээ. Гэхдээ би найздаа талархаж явдаг. Найз маань заримдаа тоглоод “Чи надад баярлаж явах хэрэгтэй шүү” гэж хэлдэг юм. Энэ ташрамд тэр найздаа баярласан талархсанаа дахин илэрхийлье.

YOLO: Анхны бүхэн сайхан шүү дээ. Хамгийн анхны тэмцээнийхээ талаар сонирхуулаач?
-Анхны тэмцээн маань маш их дурсамжтай. Анх мэтгэлцээнээр суралцаад ердөө хоёрхон хоносон хүүхэд “Шатрын хүү” гэх гайхалтай багийн нэрэн дор Дүүргийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд ороод Чингэлтэй дүүргийн аварга гэх алдрын эзэн болж байсан. Улмаар дараагийн шат буюу УАШ мэтгэлцээний тэмцээнд ороод тусгай байрын эзэн болсон. Магадгүй эхний тэмцээний маань эхний шатны ялалт, хоёр дахь шатны ялагдал өдийг хүртэл хичээх хөдөлгүүр болж өгсөн байх.

 


YOLO: Чингэлтэй дүүрэг хүүхэд залуусын илтгэх урлаг, мэтгэлцээнээрээ нэлээн өрсөлдөөнтэй дүүрэг шүү дээ. Тэгэхэд хоёрхон хоногт багтаан суралцаж, судалсан хэр нь ийм амжилт гаргасан нь чиний өөр чадвар нөлөөлсөн байх, тийм үү?
-Магадгүй тийм байх. Би дунд ангиасаа ангийн дарга хийсэн. Энэ маань намайг бусдыг удирдан манлайлах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд сургасан. Мөн мэтгэлцээн хэзээ ч хэн нэгэн ганц хүнээс хараат байдаггүй. Баг гэх нэрийн дор өрнөдөг. Тухайн үед би ганцаараа биш гайхалтай чадварлаг хамтрагчтай байсан учраас амжилтын эзэн болсон. Ганцаараа явбал хурдан явдаг ч багаараа явбал хол явна шүү дээ.

YOLO: “Шатрын хүү” баг мэтгэлцээнээр хичээллэдэг олон хүүхдүүдийн мэддэг үлгэр дууриалал авдаг, сайн өрсөлдөгч баг хэдийнэ болжээ. Тэгвэл багийн гишүүн Д.Сугармаа маань удахгүй сургуулиа төгсөх гэж байна. Нууц биш бол, дараагийн шинэ гишүүн хэн бэ?
-2017 оны Нийслэлийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээний тэргүүн байрын эзэн О.Нандинцэцэг гэх охин дараагийн шинэ гишүүн маань билээ.

YOLO: Б.Эрдэнэбатыг хараад байхад өөртөө их итгэлтэй байдаг. Энэ өөртөө итгэх итгэлээ яг юунаас олж авдаг юм бол?
-Өөртөө итгэх итгэл гэдэг зүйл бол хэн нэгнээс хараат зүйл биш. Мөн бусдаар заалгасны үндсэн дээр бий болдог хичээл ч биш. Үүнийг та өөрөө дотоод сэтгэлдээ бий болгоно.

YOLO: Чи хүний ямар зан чанарыг тэвчиж чаддаггүй вэ?
-Хүмүүс бусадтай буруу зүйл дээр барьцаад байгаа нь таалагддаггүй. Тухайлбал би өөрөө ил задгай хог хаядаггүй, хэзээ ч тийм үйлдэл гаргадаггүй учраас нэг удаа хог хаяж байгаа хүнд хэлж үзсэн. “Та яагаад энд хог хаяад байгаа юм бэ? Тавхан алхмын цаана хогийн сав байна шүү дээ.” гэж хэлэхэд тэр хүн “Бүх хүн л хаяж байна шүү дээ” гэж хэлж байсан. Эндээс л хүн буруу юман дээр нэгэнтэйгээ барьцах харагдаад байгаа юм.

YOLO: Бусдын ухамсрыг хэрхэн төлөвшүүлэх боломжтой вэ?
-Нэг удаа би жаахан байхдаа эгчтэйгээ хамт явж байхдаа гадаа хог хаячихсан. Тэр үед эгч маань надад маш зөвөөр ил задгай хог хаяж болдоггүй, заавал хогийн саванд хийх ёстойг” ойлгуулж байсан. Яг л үүн шиг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ, ах эгч нар нь дүү нартаа зааж зөвлөн зөв дадал хэвшилтэй болгосноор ухамсрыг төлөвшүүлдэг байх.


YOLO: Хүн бүрт хамгийн чухал зүйл гэж байдаг. Эрүүл мэнд, найз нөхөд, гэр бүл, боловсрол гэх мэт. Тэгвэл чиний хувьд хамгийн нэгдүгээрт байх зүйл юу вэ?
-Миний хувьд хамгийн эхэнд үнэт зүйлтэй сайн хүн байх орно. Хоёрдугаарт эрүүл мэнд, гуравдугаарт мэдлэг. Магадгүй хүмүүс мэдлэг яагаад ийм хойгуур байгаа юм бэ гэж бодох байх. Гэхдээ бидний амьдралд мэдлэгээс чухал зүйл олон байдаг. Бид мэдлэг боловсрол эзэмших хэрэгтэй сурч боловсрох зайлшгүй хэрэгтэй. Гэвч үүнээсээ урьтаад сайн хүн болох хэрэгтэй. “Сайн хүн байна гэдэг нь мэдлэгтэй хүн байна гэсэн үг” гэж Аристотель хэлсэн байдаг.

YOLO: Илтгэх урлаг мэтгэлцээнээс гадна хөгжүүлдэг авьяас, сонирхол чинь юу вэ?
-Би сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг. Өөрөө их дуртай ,сонирхолтой болохоор чөлөөт цагаараа уйдаж шантралгүй тоглож л байдаг. Дэмждэг тоглогчийн хувьд гэвэл бага наснаасаа хүнд хүчрийг даван туулж маш гайхалтай амжилтанд хүрсэн, түүнчлэн олон мянган оюутан сурагчдын сургуулийн төлбөрийг төлөхөөс гадна маш олон сайн үйлсийг хийдэг учир Лэброн Жеймс юм.


YOLO: Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
-Том болох тусам нийгмээ таньж мэдэн хүсэл сонирхол багынхаас өөрчлөгддөг. Иймээс би мэргэжлээ сонгохдоо өөрийгөө илүү таньж мэдэн, нийгэмдээ судалгаа хийж, удаан бодсоны үндсэн дээрээс сонгоно гэж бодож байгаа. Энэ зун мэргэжил сонголтондоо их анхаарна даа.
Мэргэжил бол тухайн хүний амьдралын турш хамт байх чухал зүйл. Иймээс бусад хүний шахалтаар эсвэл мөнгөний төлөө сонгосон мэргэжлээр цаашдаа ажиллана гэдэг үнэхээр хүндрэлтэй болж хувирна. Тэгэхээр бид өөрийн хүсэл сонирхол дээр  тулгуурлаж сонгосон мэргэжлээр ажиллахад саад бартаанд төдийлөн эмзэглээд байхгүй урагш ахих дэвших боломж нээгдэнэ.

YOLO: Хамгийн их бахархаж хүндэлж үлгэр дуурайлал авч явдаг хүн
-МБҮТ-ийн дэргэдэх +300 клубийн маань тэргүүн Н.Батням багш маань. Энэ хүнээс их үлгэр дууриалал авдаг даа.

YOLO: Ном хэр их уншдаг вэ?
-Ном ер нь унших дуртай. Одоогоор Рэнсом Ригзийн “Хатагтай Перегриний онцгой хүүхдүүдийн асрамжийн газар” зохиолыг уншиж байгаа.


YOLO: Зуны амралт эхэллээ, хичээл сургууль амарлаа. Зуны гурван сарыг юу хийж өнгөрүүлье гэж бодож байна вэ?
-Тус гурван сарыг өөртөө ашигтайгаар, үр бүтээлтэйгээр өөрийгээ хөгжүүлж өнгөрүүлье гэж бодож байгаа. “Хүмүүс зуныг амралт гэж андуурдаг. Гэвч үнэндээ бусдаас холдон тасрах боломж” хэмээх үг байдаг. Үүнтэй адил хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэхэд, өөрийгөө зөв хүн болгоход, ирээдүйдээ бэлтгэхэд цаг зав гарган зуны амралтаа өнгөрүүлж байгаасай.

YOLO: Илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллэдэг болон сонирхдог хүүхдүүдэд хандаж үг байна уу?
-“Зарим хүүхдүүд шагнал урамшуулал авсангүй. Би бусад хүүхдүүдийн хэмжээнд хүрэхгүй байна” хэмээн голох нь их. Өөрийгөө ингэж чамлаж, дутуу үнэлэлгүйгээр өөрийгөө үргэлж хөгжүүлж, авьяас чадвараа төгөлдөржүүлж байх хэрэгтэй. Алдартнууд ингэж л эхэлсэн шүү дээ. Харин шагнал урамшуулал авч, амжилтын хаалгыг нээгээд эхэлчихсэн хүүхдүүд өөрсдийгөө хэт дэврүүлж, онгирох нь тийм ч зүйтэй биш.

Хүн хэдий мундаг байж болох ч өөрийгөө үргэлж шүүн тунгааж байх нь зүйтэй билээ. Ийм учир хүн бүр, хүүхэд болгон онгирч сагсууралгүй, орхиж шантралгүй аливаа зүйлийг хийдэг байгаасай хэмээн хүсэх байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье

#summer #education #teenagers