Amazon MGM Studios алдарт тагнуулч Жеймс Бондын дүрийг 40 настай Британийн жүжигчин Роберт Паттинсон бүтээх болсныг албан ёсоор зарласан.
Гэхдээ 007-ийн амжилт зөвхөн түүний дэргэд зогсох бүсгүйчүүдээс ч ихээхэн хамаардаг. Эмэгтэй дүрүүд энэ франчайзын салшгүй хэсэг болсоор ирсэн.
“Variety” сэтгүүл Роберт Паттинсоны тоглох шинэ Жеймс Бондын цувралд хамтрагч нь болоосой хэмээн хүсэж буй 19 жүжигчнийг нэрлэжээ.
1. Адриа Архона (Adria Arjona)

2026 онд Адриа Архона шиг “алах эрх” авах боломжоо хүчтэй харуулсан жүжигчин цөөн. Пуэрто-Рикод төрсөн тэрбээр “Onslaught” тулаант кинонд дайны туршлагатай мэргэн буудагчийн дүр бүтээжээ.
Мөн Жэймс Ганны DC ертөнцөд Максима болж нэгдэхийн зэрэгцээ Amazon MGM-ийн “The Thomas Crown Affair” кинонд Холбооны мөрдөх товчооны ажилтны дүрд тоглож байна.
“Hit Man” кинонд гол дүрийн эрэгтэй жүжигчнийг өөртөө татаж, арга мэхээрээ дийлж чаддаг гэдгээ харуулсан. Ийм чадвараараа Архона Жэймс Бондын цувралд дутагдаж буй нууцлаг, сэтгэл татам эмэгтэй дүрийг бүтээж чадна.
2. Эмили Блант (Emily Blunt)

Эмили Блант буу барьсан дүрд ямар чадвартайгаа аль хэдийн харуулсан. “Сикарио” кинонд тэрбээр хар тамхины картелийн тухай триллерийн Холбооны мөрдөх товчооны ажилтан Кейт Мейсерийн дүрийг бүтээсэн бөгөөд “Сикарио 3” кинонд дахин тэрхүү ертөнцөд эргэн очих гэж байна.
Үүн дээр “Маргаашийн ирмэг”, “Чимээгүй газар” цуврал кинонууд болон Стивен Спилбергийн харь гарагийнхны тухай “Disclosure Day” бүтээлийг нэмбэл Оскарт нэр дэвшиж байсан Блант энэ жагсаалтын хамгийн олон төрлийн кинонд тоглосон жүжигчдийн нэг болох нь тодорхой.
“Спектр” кинонд Моника Беллуччи Бондын хамтрагч эмэгтэй заавал 25 настай байх албагүйг харуулсан. Тиймээс Блантыг туршлагатай MI6-ийн ажилтны дүрд тоглуулбал тун тохиромжтой.
3. Жемма Чан (Gemma Chan)

Жемма Чан техникийн хувьд аль хэдийн Жэймс Бондын ертөнцөд багтсан жүжигчин. Тэрбээр “007 First Light” видео тоглоомд чадварлаг судлаач доктор Селина Таны дүрийг дуу оруулан бүтээжээ. Түүний MI6 дахь үүрэг нь Бонд 00 статустай тагнуулч болоход чухал нөлөөтэй.
Одоо энэ дүрийг том дэлгэцэд амилуулах л үлдлээ. “Галзуу баян азиуд”, “Мөнхийн хүмүүс”, “Бүтээгч” кинонуудаар танигдсан Британийн жүжигчин Чан энэ франчайзад хэрэгтэй тайван, эрх мэдэлтэй төрхийг гаргаж чадна.
4. Марион Котийяр (Marion Cotillard)

Жэймс Бондын цувралд Францын жүжигчдийг сэтгэл татам холбоотон, эсвэл аюултай дайсны дүрд тоглуулж ирсэн түүхтэй. Тэгвэл Оскарын шагналт Марион Котийяраас илүү Францын нууцлаг уур амьсгалыг 007-ийн ертөнцөд авчрах хүн гэж хэн байх вэ?
Тэрбээр Роберт Земекисийн “Allied” тагнуулын кинонд Брэд Питтийн хамт тоглохдоо хүнийг өөртөө татах, хуурч мэхлэх чадвараа харуулсан. Мөн Кристофер Ноланы “Эхлэл” кинонд Леонардо Ди Каприогийн хамт тоглож, өөрийн байр суурийг баталсан.
Котийяр, Роберт Паттинсон нар 15 жилийн өмнө “Cosmopolis” кинонд хамт тоглох боломжтой байсан ч Котийяр төслөөс гарснаар энэ боломж бүтэлгүйтсэн юм. Өдгөө 51 настай тэрбээр Бондын цувралын залуу бүсгүйчүүдийг сонгодог уламжлалд шинэ өнгө төрх нэмж чадна.
5. Чэйз Инфинити (Chase Infiniti)

Чэйз Инфинитигийн нэрийг Николь Кидманы “Batman Forever” киноны Чэйз Меридиан хэмээх дүрээс санаа авч өгсөн гэдэг. Тиймээс түүнийг одоогийн Брюс Уэйнтэй хамт нэг кинонд тоглуулах санаа бараг л өөрөө зохиол болон буух мэт.
Гэхдээ энэ нь зүгээр нэг сонирхолтой давхцал биш. Өмнө нь кикбоксын дасгалжуулагчаар ажиллаж байсан Инфинити анхны кино болох “One Battle After Another”-т Леонардо Ди Каприогийн эсрэг дүр бүтээж, өөрийн чадварыг харуулсан. Тэрбээр гол дүрийн эмэгтэй жүжигчний төрөлд BAFTA шагналд нэр дэвшихийн зэрэгцээ “Алтан бөмбөрцөг” шагналд ч нэр дэвшжээ.
Инфинити томоохон тулаант кинонд тоглох нь насан туршийнх нь мөрөөдөл хэмээн ярьж байсан. Түүнийг MI6-ийн шинэхэн ажилтан, эсвэл бүр Бондыг орлохоор илгээгдсэн тагнуулын дүрд тоглуулбал сонирхолтой байх болно.
6. Лили Жэймс (Lily James)

“Downton Abbey” цувралаар олонд танигдсан Лили Жэймс кино, телевиз, театрын олон бүтээлд тоглосон туршлагатай. Харин Бондын бүсгүйн дүр түүнд карьерынх нь томоохон үсрэлт болж, нэр хүндийг нь улам өсгөж мэднэ.
Тэрбээр “Үнсгэлжин”, “Mamma Mia 2” кинонуудад дуулах чадвараа харуулж, “Baby Driver”, “Yesterday” бүтээлүүдэд үзэгчдийн сэтгэлийг татсан хайр дурлалын дүрүүдийг бүтээсэн. Харин “The Iron Claw” кинонд эсрэг дүрээр үзэгчдийн сэтгэлийг шархлуулж амжсан юм.
7. Гугу Мбата-Роу (Gugu Mbatha-Raw)

Гугу Мбата-Роу Британийн тагнуулын ертөнцөд өмнө нь хөл тавьж байсан. Тэрбээр BBC-ийн “Spooks” тагнуулын цувралд эхэн үедээ туслах дүр бүтээж байжээ.
Түүнээс хойш тэрээр оюун ухаан, заналхийллийг нэгэн зэрэг үнэмшилтэй илэрхийлж чаддаг гэдгээ харуулсан. Түүний уран бүтээлүүдийн дунд “Belle” киноны гол дүр, Disney+ сувгийн Marvel-ийн “Loki” цувралын TVA байгууллагын эсрэг талын дүр болох Равонна Ренслэйер, мөн өөрөө продюсерээр нь ажилласан Apple TV-ийн сэтгэл зүйн триллер “Surface” багтдаг.
Ийм тайван, эрхэмсэг төрхөө 007-ийн эсрэг чиглүүлбэл ямар байх бол?
8. Исабела Мерсед (Isabela Merced)

Исабела Мерсед “Трансформерс”, “Дора аялагч” зэрэг бүтээлүүдээр Холливудад хөл тавьсан. Дараа нь “Alien: Romulus” кинонд харь гаргийн амьтадтай тулалдаж, “The Last of Us” цувралд халдвар авсан мангасуудтай нүүр тулсан.
Хамгийн сүүлд тэрбээр “Супермэн” кинонд агаарт нисэж, бороохой ашиглан тулалддаг баатар Хоукгирлийн дүрээр анх гарч ирсэн бөгөөд ирэх жилийн “Man of Tomorrow” кинонд дахин тоглоно.
Мерсед Паттинсоноос 15 насаар дүү ч од нь улам гийж, хэд хэдэн томоохон франчайзад ажилласан туршлагатай. Энэ нь түүнийг Бондын цувралд тохирох сонголт болгож байна.
9. Инд Наварретт (Inde Navarrette)

Инд Наварретт супер баатрын “Superman & Lois” драм болон Netflix-ийн өсвөр үеийнхний “13 Reasons Why” цувралд олон жил ажилласан.
Харин “Obsession” аймшгийн кино түүнд Холливудад танигдах үүд хаалгыг нээжээ.
Тэрбээр Marvel-ийн “X-Men” кинонд Роугийн дүрийг бүтээхээр болсон бөгөөд Apple-ийн шинжлэх ухааны уран зөгнөлт триллер “The Waffle House Index” кинонд гол дүрд тоглохоос гадна гүйцэтгэх продюсерээр ажиллах юм.
10. Лупита Нионго (Lupita Nyong’o)

Лупита Нионго энэ оны эхээр Паттинсонтой хамт “The Odyssey” хэмээх томоохон бүтээлд аль хэдийн тоглосон. “12 Years a Slave” (2013) киногоороо Оскарын шагнал хүртсэн жүжигчин тагнуулын дүр бүтээж байсан туршлагатай.
Түүний “Хар ирвэс” кинонд бүтээсэн Накиа бол Вакандагийн нууц ажиллагаа хариуцсан ажилтан. Харин “The 355” кинонд MI6-ийн компьютерын мэргэжилтэн асан бүсгүйн дүрд тоглосон.
Түүнийг үзэгчид 007-д үнэхээр үнэнч эсэхэд нь эргэлзэхээр, нэг талаар холбоотон мэт боловч нөгөө талаар нууцлаг хэвээр үлдэх дүрд тоглуулах хэрэгтэй.
11. Флоренс Пью (Florence Pugh)

Флоренс Пью Marvel-ийн ертөнцөд хэд хэдэн кинонд Елена Беловагийн дүрийг бүтээсэн учраас тулааны хөдөлгөөн, дэглэлтэд аль хэдийн гаршсан. Тиймээс тэр Жэймс Бондтой эн тэнцүү тулалдаж чадна.
Супер муу санаатны гар хөл бологчидтой өөрийгөө хамгаалан тулалдаж чаддаг Бондын бүсгүйн дүр Пьюд яг тохирох мэт. Түүнчлэн тэрбээр “Dune: Part 3” кинонд Паттинсонтой хамт тоглох учраас тэдний дэлгэцийн хамтрал улам үргэлжилнэ.
12. Маргарет Куолли (Margaret Qualley)

Маргарет Куолли 2025 оны Академийн шагнал гардуулах ёслолын үеэр Жэймс Бондын цувралд зориулсан тусгай үзүүлбэрт тайзан дээр бүжиглэснээрээ өөрийгөө Бондын ертөнцөд нэр дэвшигч гэдгээ харуулсан юм.
Түүнийг тод улаан даашинз өмсөн, смокингтой эрчүүдийн дунд бүжиглэж байхыг харахад 007 кинонд Бондтой танго бүжиглэх эсвэл хар зангиатай үдэшлэгт вальс эргэх дүрээр төсөөлөхөд амархан байлаа.
Мэргэжлийн балетаар бэлтгэгдэж байсан тэрээр Фред Астерын тухай намтарчилсан кинонд Адель Астерын дүрээр бүжгийн чадвараа дахин харуулах гэж байна. Мөн ирэх жилийн “Possession” киноны шинэ хувилбарт тоглосноор тагнуулын ертөнцийн уур амьсгалыг мэдрэх юм.
13. Маргот Робби (Margot Robbie)

Маргот Робби “Focus” кинонд луйварчин, “Уолл Стритийн чоно” кинонд үзэгчдийн анхаарлыг булаасан дүр, харин Харли Куинны дүрээр эмх замбараагүй байдлыг өдөөгч бүсгүй болж чадсан.
Тэрбээр саяхан “Wuthering Heights” кинонд Жэйкоб Элордигийн бүтээсэн Хитклиффийн эсрэг Кэтрин Эрншоугийн дүрд тоглосон.
Түүнийг нийгмийн дээд давхаргын, инээмсэглэсэн ч цаанаа аюултай, гар цүнхэндээ хутга авч явдаг дүрээр төсөөлөөд үзээрэй.
14. Анна Савай (Anna Sawai)

Найруулагч Сэм Мендес өөрийн “Битлз” хамтлагийн тухай кинонуудад Анна Савайг Ёко Оно болгохоор сонгосон.
“Shōgun”-д тоглосноороо тэрбээр драмын цувралын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд Эмми хүртсэн анхны Япон жүжигчин болсон юм.
Гэхдээ түүний тулаант киноны туршлага “Ninja Assassin”, “F9” бүтээлүүдээс эхтэй. Савай ганцхан харцаараа үнэнч байдал, заналхийлэл, сэтгэлийн шаналлыг илэрхийлж чаддаг. Энэ нь Бондын эмэгтэй дүрд байх ёстой бүх шинж биш гэж үү?
15. Хантер Шафер (Hunter Schafer)

Хантер Шафер Бондын эмэгтэй дүрийг бүтээсэн анхны трансжендер эмэгтэй гэгдэж түүхэнд бичигдэнэ. Тэрбээр “Euphoria” цувралд жүжиглэх чадвараа удаа дараа харуулсан бөгөөд удахгүй “Blade Runner 2099” цувралын гол жүжигчдийн нэг болох гэж байна. Тус цувралд тулаант хэсгүүд гарах нь гарцаагүй.
Гэсэн хэдий ч түүний карьер Бондын дүрд тоглосноор огцом өсөх боломжтой. Шафер, Паттинсон хоёрын хооронд сээтэгнэсэн яриа өрнөж, дараа нь муу санаатнуудын эсрэг мөр зэрэгцэн тулалдаж буй дүр зургийг төсөөлөхөд тун сонирхолтой.
16. Сидни Суини (Sydney Sweeney)

Шаргал үст, үзэсгэлэнтэй Сидни Суини Бондын бүсгүйн дүрд тоглох нь бараг л маргаангүй сонголт мэт. Тэр үүний зэрэгцээ тулаант кинонд тоглох биеийн бэлтгэл, чадвартай ч байж мэднэ.
Суини төрөлхийн спортлог нэгэн. Тэрбээр “Christy” кинонд хүчирхэг боксчны дүр бүтээхийн тулд хэдэн сарын турш бэлтгэл хийж, ойролцоогоор 13.6 кг жин нэмсэн. Гэхдээ Marvel-ийн бүтэлгүйтсэн “Madame Web” киног эс тооцвол жинхэнэ тулаант кинонд хараахан тоглоогүй байна. Энэ дүр түүнд өөрийгөө харуулах төгс боломж байж мэднэ.
Жефф Безостой тогтоосон бизнесийн холбоо нь түүнийг Amazon-ы бүтээх дараагийн Бондын киноны дүрд сонгогдох боломжийг нэмэгдүүлж магадгүй. Суини 2025 онд Безос, Лорен Санчес нарын хуримд уригдан оролцсон бөгөөд Безос жүжигчний дотуур хувцасны брэндийг санхүүгээр дэмжсэн юм.
17. Аня Тейлор-Жой (Anya Taylor-Joy)

Флоренс Пьюгийн нэгэн адил Аня Тейлор-Жой “Dune: Part 3” киноны гол дүрүүдийн нэг учраас Паттинсонтой хамт тоглосных нь дараа түүнийг Бондын бүсгүй болгох тухай шүтэн бишрэгчдийн таамаг нэмэгдэх нь гарцаагүй.
Тэрбээр “Mad Max: Fury Road” киноны өмнөх үйл явдлыг өгүүлэх бүтээлд эзэн хааны дайчин Фуриосагийн дүрд тоглохдоо тулааны хөдөлгөөний бэлтгэл хийсэн. Мөн ирэх жил “The Lord of the Rings: The Hunt for Gollum” киногоороо томоохон франчайзын нэг хэсэг болох юм.
Түүнчлэн “Queen’s Gambit” цувралаар олонд танигдсан түүний дүрийг санагдуулам, Бондтой өндөр бооцоотой шатрын өрсөлдөөн өрнүүлбэл ямар байх бол?
18. Софи Тёрнер (Sophie Turner)

“Game of Thrones” цувралаар Софи Тёрнер телевизийн томоохон од болсон ч энэ амжилт нь кино урлагт хараахан бүрэн шилжиж чадаагүй. Харин Бондын бүсгүйн дүр түүний карьерыг өөрчилж мэднэ.
Тэрбээр “Game of Thrones”-д Вестеросын улс төрийн ээдрээтэй тэмцлийг даван туулж, урт харилцан яриа, хүйтэн харцаар дүрээ амилуулж чаддаг гэдгээ харуулсан. Мөн Prime Video-ийн “Tomb Raider” цувралд адал явдал эрэлхийлэгч Лара Крофтийн дүрд тоглохын тулд эрчимтэй бэлтгэл хийжээ.
19. Зендаяа (Zendaya)

Энэ онд Роберт Паттинсонтой дэлгэцэд хамгийн олон цагийг хамт өнгөрүүлсэн жүжигчин бол Зендаяа.
Тэд “The Drama” кинонд сүй тавьсан хос Эмма, Чарлигийн дүрд тоглосон бол дараа нь Кристофер Ноланы “The Odyssey” кинонд дахин хамтран ажиллаж, Зендаяа Афинагийн дүрийг бүтээжээ.
Оны эцэст тэд Дени Вильнёвын “Dune: Part Three” кинонд дахин хамт тоглох юм. Гурван кинонд хамтран ажилласан туршлага, дэлгэцийн нийцэл нь гайхалтай.
Зендаяад MI6-ийн ёс суртахууны хувьд эргэлзээтэй, хэзээ ч Бондын талд бүрэн ордоггүй ажилтны дүр өгч, үзэгчдийг таамаг дунд үлдээх хэрэгтэй. Эммигийн хоёр удаагийн шагналт жүжигчин ийм дүрийг чадварлаг бүтээж чадна.
Эх сурвалж: Variety


129











