Монгол жүжигчин Ц.Цэлмэг Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Snow in June” уран сайхны киноны гол дүрд тогложээ. Тэрбээр Солонгосын жүжигчин, дуучин Жон Жин Үн (Jeong Jin-woon)-тэй хамтран тоглосон бөгөөд тус кино энэ сарын 25-нд БНСУ-ын кино театруудаар нээлтээ хийхээр товлогдсон байна.
Монгол жүжигчин олон улсын уран бүтээлд, тэр дундаа Солонгосын киноны гол дүрд тоглосон нь монгол үзэгчдийн анхаарлыг татаж байна. Түүнчлэн киноны үйл явдал Монголын байгаль, газар нутгийг онцгойлон харуулж байгаагаараа сонирхолтой юм.
ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ НАС БАРСАН АНХНЫ ХАЙРТАЙГАА ГАЛТ ТЭРГЭНД ДАХИН УУЛЗВАЛ…

“Snow in June” буюу монголоор “Зургаадугаар сарын цас” нэртэй энэхүү бүтээл нь романтик, зөгнөлт, мелодрам жанрын 93 минутын кино юм.
Киноны үйл явдал Монголд ажлаар ирсэн Ин-хо хэмээх залуугаас эхэлнэ. Тэрээр галт тэргэнд суухдаа санамсаргүй гурван жилийн өмнө автомашины ослоор нас барсан анхны хайр Анутайгаа тааралддаг.
Гэвч энэ уулзалт энгийн нэгэн учрал биш байлаа. Ин-хо удалгүй өөрийгөө Анутай өөр өөр цаг хугацаанд амьдарч байгааг олж мэднэ. Ийнхүү өнгөрсөн ба одоо цаг огтлолцсон нууцлаг аялал эхэлдэг.
Киноны гол дүр болох Ин-хог Өмнөд Солонгосын жүжигчин Жон Жин Үн, харин түүний анхны хайр Анугийн дүрийг Монголын жүжигчин Цэлмэг бүтээжээ.
ЦЭЛМЭГТЭЙ ХАМТ ТОГЛОЖ БУЙ ЖОН ЖИН ҮН ГЭЖ ХЭН БЭ?

Жон Жин Үн (Jeong Jin-woon) бол Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин бөгөөд 2008 онд дебютээ хийсэн 2AM хамтлагийн гишүүн юм. Тэрээр зөвхөн хөгжмийн салбарт бус кино, телевизийн бүтээлүүдэд ч ажиллаж ирсэн. Тухайлбал, “Dream High 2”, “Marriage Not Dating” зэрэг олон ангит кино болон “Rebound” зэрэг уран сайхны кинонд тоглож байжээ.
Харин “Snow in June” кино нь түүний жүжигчний карьер дахь анхны романтик мелодрамын гол дүр гэдгээрээ онцлог. Тэрбээр 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд болсон хэвлэлийн уулзалтын үеэр энэ кинонд ажилласан туршлагаасаа хуваалцахдаа өмнөх романтик бүтээлүүдээсээ өөр, илүү сонгодог хэмнэлтэй хайрын түүхийг бүтээхийг зорьсон тухай ярьжээ. Мөн найруулагчтайгаа дүрийн сэтгэл хөдлөл, жүжиглэлтийн талаар нээлттэй ярилцаж ажилласан гэдгээ онцолсон байна.
ЦЭЛМЭГ ГЭЖ ХЭН БЭ? ТЭРЭЭР ТАВДУГААР АНГИАСАА ЖҮЖИГЧИН БОЛОХЫГ МӨРӨӨДЖЭЭ
Цэрэндуламын Цэлмэг нь Монгол Улсын Драмын Эрдмийн театрын залуу жүжигчин юм. Түүний жүжигчин болох хүсэл бага наснаас нь эхэлжээ. Тэрбээр тавдугаар ангиасаа жүжигчний мэргэжлийг сонирхож, Монголын нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн шүлгүүдийг сонсож, цээжлэн “Уран жиргээ” наадамд оролцсоноор урлагийн анхны алхмаа хийсэн тухайгаа UBN.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Цэлмэг өөрийгөө гурван үгээр тодорхойлохдоо “сониуч, эрх чөлөөтэй, халамжтай” хэмээн хэлжээ. Тэрбээр театрт ажиллаж эхлээд дөрөв дэх жилдээ орж буйгаа ярилцлагадаа дурдсан бөгөөд тайзны уран бүтээлээс хариуцлага, бусдыг сонсох, ахмад уран бүтээлчдээ хүндлэх зэрэг олон зүйлийг сурсан тухайгаа хуваалцсан байна. Сонирхолтой нь, Цэлмэг өмнө нь ч олон улсын хамтарсан кино төсөлд оролцож байсан аж. Түүний ярьснаар, өмнөх нэгэн Монгол, Солонгосын хамтарсан бүтээлд Солонгост таван жил суралцсан оюутан охины дүрд тэнцсэн ч солонгос хэл мэдэхгүй байсан нь дүр дээрээ ажиллахад томоохон бэрхшээл болжээ.
Тухайн үед өдөр бүр уйлж, дүрийнхээ текст дээр ажилладаг байсан ч ард нь зөвхөн өөрийнх нь нэр бус Монгол Улсын нэр явж байгааг мэдэрч, чадах бүхнээ хийхийг хичээсэн гэдгээ тэрбээр ярьсан байна. Энэ удаа харин “Snow in June” кинонд Монголын гол дүрийн жүжигчнээр ажиллаж байгаа нь түүний уран бүтээлийн замнал дахь онцлох үйл явдлуудын нэг болж байна.
КИНОНЫ ЗУРАГ АВАЛТАД МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУДЫГ ОНЦОЛЖЭЭ

Энэхүү киноны бас нэгэн онцлог нь Монголын байгалийн үзэсгэлэнт газруудыг өргөн хүрээнд харуулж байгаа явдал юм. Найруулагч Ким Хён Хёп киноны зураг авалтын байршлыг сонгохын тулд Монголын тал нутгаар хэдэн сарын турш хайгуул хийсэн байна. Зураг авалтын баг хотоос машинаар 12 цаг гаруй зорчиж хүрэх алслагдсан газруудад ажиллажээ.
Кинонд Монголын уудам ногоон тал, одод түгсэн шөнийн тэнгэр, давхих зэрлэг адуу зэрэг байгалийн үзэсгэлэнт дүрслэлүүд багтсан байна. Найруулагчийн хэлснээр, Монголын байгаль хэтэрхий үзэсгэлэнтэй байсан тул үзэгчид компьютер графикаар бүтээсэн гэж андуурах вий хэмээн дүрсний өнгө, будгийг хүртэл тохируулах шаардлага гарчээ.
Мөн гол дүрийн жүжигчид болон найруулагч анхны зохиолын уншлагаа орчуулагчгүйгээр галт тэргэнд хамтдаа аялж байхдаа хийсэн нь зураг авалтын өмнөх сонирхолтой дурсамжуудын нэг байв. Жон Жин Үн Цэлмэгтэй хамтран ажилласан тухайгаа ярихдаа түүнийг нээлттэй, найрсаг байсан бөгөөд зураг авалтын үеэр маш дотно уур амьсгал бүрдсэн гэж магтжээ. Тэрбээр хамтран тоглогчид гэхээсээ илүү дүү охин, дотны найзууд шиг болсон хэмээн ярьсан байна.
ХЭЗЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙХ ВЭ?
“Snow in June” киног Өмнөд Солонгосын “Kairos Makers” болон Монголын “Номадиа Пикчерс” компани хамтран бүтээжээ. Найруулагчаар Ким Хён Хёп (Kim Hyung-hyup) ажилласан бөгөөд тэрээр өмнө нь “Dad Is a Daughter”, “Choir of God” зэрэг кинонуудыг найруулж байжээ.
Киноны гол дүрүүдэд Жон Жин Үн болон Цэрэндуламын Цэлмэг нар тоглосон бөгөөд 2026 оны арваннэгдүгээр сарын 25-наас Өмнөд Солонгосын кино театруудаар үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгджээ. Харин Монголын кино театруудаар хэзээ нээлтээ хийх талаар одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Монголын жүжигчин олон улсын дэлгэцийн бүтээлд гол дүр бүтээж, эх орныхоо байгалийг дэлхийн үзэгчдэд харуулах боломж бүрдүүлсэн нь “Snow in June” киноны онцлох талуудын нэг юм.
Эх сурвалж: ubn.mn, cineplay.co.kr, www.koreanfilm.or.kr



211











