Netflix-ийн алдарт “Stranger Things” цуврал шинэ түүхээр эргэн ирэх гэж байна. Үндсэн цувралын үйл явдлаас хэдэн арван жилийн өмнөх үеийг харуулах “Other Worlds: A Stranger Things Adventure” нэртэй спин-офф 2028 онд нээлтээ хийхээр болжээ. Спин-офф гэдэг нь өмнөх бүтээлийн ертөнцөд тулгуурлан бие даасан шинэ үйл явдал өгүүлэх цувралыг хэлдэг.
Netflix төслийг “Stranger Things”-ийг бүтээгч Matt Duffer, Ross Duffer болон тус цувралын зохиолч Kate Trefry нар хамтран бүтээж байгааг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор зарласан юм.
Шинэ бүтээлийн тухай мэдээг Netflix жил бүрийн арваннэгдүгээр сарын 6-нд тэмдэглэдэг “Stranger Things Day”-ийн хүрээнд танилцуулжээ. Энэ өдөр нь цувралын үйл явдалд 1983 онд Will Byers сураггүй алга болсон өдөртэй давхцдаг тул шүтэн бишрэгчдийн хувьд онцгой утга учиртай билээ.
OTHER WORLDS ЦУВРАЛЫН ҮЙЛ ЯВДАЛ 1955 ОНД ӨРНӨНӨ

Шинэ цуврал нь “Stranger Things”-ийн үндсэн үйл явдлаас хэдэн арван жилийн өмнөх үеийг харуулах бөгөөд өмнө нь гарсан “Stranger Things: The First Shadow”-аас ч өмнөх түүхийг өгүүлэх юм.
Албан ёсоор цацагдсан тизерт радио тогтоосон, унасан дугуй дүрслэгдсэн бөгөөд радиогоор The Crew Cuts хамтлагийн “Sh-Boom” дуу эгшилнэ. Камер аажмаар дээшилж, үүл бүрхсэн харанхуй тэнгэрийг харуулах бөгөөд дэлгэцэд “1955 оны дөрөвдүгээр сарын 19, Невада мужийн Марион” гэсэн бичиг гарч ирдэг. Үүний дараа тэнгэрт хурц гэрэл цахиж, хүчтэй дэлбэрэлт болж буйгаар тизер үргэлээ.
BAFTA болон Golden Globe-ийн шагналт найруулагч Joe Wright шинэ цувралын эхний гурван ангийг найруулахаар болжээ. Харин зураг авалтыг АНУ-ын New Mexico мужид хийхээр төлөвлөсөн байна.
ШИНЭ ДҮРҮҮД БОЛОН ШИНЭ ОРЧИН

Төслийн талаар Matt Duffer болон Ross Duffer нар “Бид ‘Other Worlds: A Stranger Things Adventure’ цувралыг олон жилийн турш бодож ирсэн. Одоо энэ санаа бодит бүтээл болж байгааг харах үнэхээр сайхан байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэд шинэ цуврал өмнөх бүтээлийнхээ уур амьсгалыг хадгалахын зэрэгцээ шинэ орчин, шинэ дүрүүд болон эсрэг дүрүүдийг танилцуулахыг онцолсон юм.
Цувралын ерөнхий продюсер Kate Trefry ч шинэ төслийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр “Бид анхны цувралын айдас, гайхамшиг, нууцлаг уур амьсгалд дахин эргэн очихын зэрэгцээ цоо шинэ түүхийг өгүүлэх боломжтой болсондоо баяртай байна. Үзэгчдийн сэтгэлийг дахин хөдөлгөж, гайхшруулна гэдэгт найдаж байна” хэмээсэн байна.
“Stranger Things” үндсэн цуврал таван улирлын дараа 2025 онд албан ёсоор өндөрлөсөн. Тавдугаар буюу сүүлийн улирлын эхний хэсэг 2025 оны арваннэгдүгээр сарын 26-нд, хоёрдугаар хэсэг арванхоёрдугаар сарын 25-нд цацагдсан бол хоёр цаг үргэлжилсэн төгсгөлийн анги арванхоёрдугаар сарын 31-нд үзэгчдэд хүрсэн юм.
Харин “Other Worlds” нь үндсэн цувралын үйл явдлаас өмнөх үеийн шинэ түүхийг дэлгэхийн зэрэгцээ “Stranger Things”-ийн ертөнцийг цаашид тэлэх дараагийн бүтээл болох юм.
Эх сурвалж: Tudum



318











