Үзэмж төгөлдөр, нүд баясгам алтан намрын сүүлийн сар болох аравдугаар сар аль хэдийн бидэн дээр айлчлан иржээ. Сүүлийн үед аравдугаар сар болохоор л Halloween-ийг боддог болоод удаж байна.
Газар доорх ертөнцөөс аймшигт сүнс, домгийн араатнууд дэлхий дээр айлчлан ирдэг гэх энэ өдөр таны хийх ёстой зүйлсийн жагсаалтад аймшгийн кино үзэх багтсан гэдэгт итгэлтэй байна. Харин ямар кино үзэхээ хараахан сонгож амжаагүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай.
Бид танд Rotten Tomatoes-ийн үзэгчдийн саналд үндэслэн гаргасан үе үеийн хамгийн аймшигтай кинонуудыг танилцуулах гэж байна.
1. THE EXORCIST (1973)

Таны хувьд The Exorcist хамгийн аймшигтай кино биш байж болох ч уг киног энэхүү жагсаалтад байгааг хараад гайхахгүй байгаа гэж бодож байна. Хүүхдийн биед орсон чөтгөрийн тухай өгүүлдэг The Exorcist кино Оскарын шагналын арван нэгэн төрөлд нэр дэвшиж, хоёр төрөлд нь ялалт байгуулсан. Кино нь шүүмжлэгчдээс авсан өндөр үнэлгээ болон олсон ашгаасаа гадна олон нийтийн дунд үүсгэсэн цочролоороо нэлээд алдартай.
Киноны маргаан дагуулсан сэдэв, агуулгаас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаалаас эхлээд үзэгчдийн дунд дотор муухайрах, ухаан алдаж унах явдал газар авсан тухай мэдээллүүд тухайн үедээ тархаж байв. Киноны үйл явдлын өрнөл болон зарим талаар хуучирсан эффектүүд нь орчин үеийн аймшгийн кинонуудтай харьцуулахад энгийн, хоцрогдсон мэт санагдаж болох ч анх удаа үзэж буй хүмүүст төрүүлдэг хүчтэй нөлөөг нь үгүйсгэх аргагүй билээ.
2. HEREDITARY (2018)

Кино зохиолч, найруулагч Ари Астер анхны бүрэн хэмжээний киногоороо олны анхаарлыг татсан. Уг кино нь уй гашуудлын мөн чанарыг аймшгийн киноны хэв маягаар харуулсан, хар бараан өнгө аястай гэр бүлийн драм юм. Чөтгөрт эзэмдүүлсэн эхийн дүрийг Тони Коллетт маш гайхалтайгаар бүтээсэн ч Оскарын шагнал хүртэж чадаагүй юм.
3. THE CONJURING (2013)

Жеймс Ван Saw, Dead Silence, Insidious зэрэг кинонуудыг найруулснаараа орчин үеийн аймшгийн киноны шилдэг найруулагчдын эгнээнд өөрийн байр суурийг аль хэдийн олж чадсан. Түүний өөр нэгэн уран бүтээл болох The Conjuring кино манай жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. Киног бодит амьдрал дээрх ер бусын үзэгдлүүдийг судалдаг Эд, Лоррейн Уоррен нарын түүхээс сэдэвлэсэн нь бүр ч жихүүдэс төрүүлдэг.
4. THE SHINING (1980)

Стивен Кингийн зохиолуудаас олонх нь кино болсон бөгөөд тэдгээрийн нэлээд хэд нь сонгодог аймшгийн кинонд тооцогддог. Гэхдээ тэдгээрийн загалмайлсан эцэг гэж нэрлэж болох кино бол яах аргагүй The Shining билээ.
Тайз засалтын гайхамшиг болон сүнстэй байшингийн уламжлалт түүхийг жинхэнэ утгаар нь харуулсан The Shining кино нь сэтгэлд хоногшсон олон дүр зураг, мөн Жек Николсоны домогт тоглолтыг шингээсэн бүтээл юм. Кинонд гэнэт цочоох хэсэг харьцангуй цөөн гардаг ч тэдгээр нь хүнийг үнэхээр айлгаж чаддаг. Бүтээлийн гол хүч нь үзэгчийн тархи, сэтгэл зүйд аажмаар нэвтэрч, Жек Торрансын галзууралд автаж буй үйл явцыг хамт мэдрүүлдэгт оршино.
5. THE TEXAS CHAINSAW MASSACRE (1974)

Эхний дөрвөн байранд орсон кинонууд нийт үзэгчдийн 42 хувийн саналыг авсан бол үлдсэн кинонууд тус бүрдээ 3 хувийн санал цуглуулжээ. Тэдгээрээс хамгийн эхнийх нь Эд Гейний гэмт хэргүүдээс сэдэвлэсэн энэхүү кино юм. Киног Тоб Хупер найруулсан бөгөөд харьцангуй бага зардлаар бүтээжээ.
The Texas Chain Saw Massacre киноны бохир, заваан мэт харагдах дүрслэл нь бүтээлд нэгэн төрлийн бодит байдлыг авчирсан бөгөөд энэ нь үзэгчдийг улам бүр айлгаж байв. Мөн жүжигчин Гуннар Хансены бүтээсэн Лезерфэйс буюу Арьсан нүүртийн нүсэр, заналхийлсэн дүр төрх нь хожим Майкл Майерс, Жейсон Вурхис зэрэг бусад хэрцгий алуурчны дүр төрхийг бий болгох замыг засжээ.
6. THE RING (2002)

Нэг соёлд маш сайн тохирсон зүйлийг авч, тухайн бүтээлийн арга барилыг өөр соёлд амжилттай хөрвүүлэн нутагшуулах нь үргэлж эрсдэлтэй, төвөгтэй алхам байдаг. Гэвч Гор Вербински The Ring киногоороо үүнийг хийж чадсан юм. Энэхүү бүтээл нь хараагдсан дүрс бичлэгийн хальсны тухай өгүүлдэг Японы найруулагч Хидео Накатагийн өндөр үнэлгээтэй триллер киноны шинэчилсэн хувилбар юм. Вербински эх киноны гол дүрслэл болох урт хар үсээрээ нүүрээ халхалсан, цагаан даашинзтай бяцхан охины сүнсийг хэвээр үлдээсэн нь дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдийн цөсийг хөөргөж, үхтэл нь айлгаж чадахыг батлан харуулсан билээ.
Хэдийгээр уг кино анхны хувилбартайгаа дүйцэхүйц өндөр үнэлгээ авч чадаагүй ч тухайн үед шинээр гарч ирж байсан жүжигчин Наоми Уоттсын сэтгэл хөдөлгөм, гайхалтай тоглолтыг шингээсэн юм. Мөн олон үзэгчийн хувьд Зүүн Азийн аймшгийн киноны ертөнцтэй танилцах гүүр нь болж өгсөн билээ.
7. HALLOWEEN (1978)

Жагсаалтын долдугаар байранд дэлхий дахинд бүх цаг үеийн шилдэг “хашхирааны хатан хаан” хэмээн алдаршсан Жэйми Ли Кёртисийг танилцуулж, найруулагч Жон Карпентерийг алдар нэрд хүргэсэн бүтээл орж байна. Halloween киног өнөөгийн бидний мэдэх слэшер төрлийн хамгийн анхны жишээнүүдийн нэг гэж үзэх нь олонтоо. Хэдийгээр энэ ангилалд багтах орчин үеийн кинонууд шиг бодит мэт цуст дүрслэлүүд энд гардаггүй ч харьцангуй бага төсөв, жижиг орон зайд шинэлэг аймшгийг багтааж чадсан юм.
Уг киноны үлдээсэн ул мөр өнөөдөр ч нөлөөгөө алдаагүй байна. Жишээлбэл, Майкл Майерсын баг аль хэдийн домог болон үлджээ. Энэхүү кино цуврал 40 гаруй жилийн дараа ч үргэлжилсээр байгаа нь цаанаа учиртай.
8. SINISTER (2012)

Найруулагч Скотт Дерриксон 2016 оны Doctor Strange киногоор Марвелын кино ертөнцөд (MCU) элсэхээсээ өмнө хэд хэдэн аймшгийн кино найруулж амжсан. Тэдгээр бүтээлийн нэг нь бодит гэмт хэргийн тухай бичдэг зохиолч эхнэр, хүүхдүүдийнхээ хамт нэгэн гэр бүл аймшигтайгаар амь үрэгдсэн байшинд нүүж орж буй тухай өгүүлдэг.
Зохиолч С. Роберт Каргилл The Ring киног үзсэнийхээ дараа зүүдэлсэн хар дарсан зүүднээсээ сэдэвлэн энэхүү зохиолоо бичсэн гэдэг. Киноны жихүүдэс төрүүлэм дүрслэл, бичлэгийн өнцгүүд нь The Ring-тэй бага зэрэг төстэй санагддаг. Гэвч уг киног үзсэн олон хүний хувьд үйл явдлын огцом эргэлтүүд болон айдас төрүүлэм дүрслэлийн шийдлүүд нь аймшгийн киноны уламжлалт хэв шинжүүдийг давтсан гэх шүүмжлэлээс давж гарсан билээ.
9. INSIDIOUS (2010)

Жэймс Ван энэхүү жагсаалтын дээгүүр хэдийнэ бичигдсэн байгаа билээ. Гэхдээ тэрээр Патрик Вилсонтой хамтран The Conjuring киног бүтээхээсээ өмнө ер бусын үзэгдлийн тухай триллер кино дээр хамтран ажилласан нь комд орж, улмаар хорон муу сүнсэнд эзэмдүүлсэн жаахан хүүгийн тухай өгүүлдэг энэхүү бүтээл юм.
Киноны үндсэн үйл явдал тийм ч цоо шинэ, содон байгаагүй ч Ваны байнгын хамтрагч Лей Уоннелл уг зохиолд сонирхолтой домог зүй, далд ертөнцийн өнцгийг шингээж өгсөн тул хожим дахин дөрвөн анги бүтээх үндэс болжээ.
Мөн Ван Insidious киног өөрийн бүтээсэн Saw киноны харгис хүчирхийлэл, цус нөжтэй хэсгүүдээс өөр чиглэлд шилжих алхам болгоно хэмээн мэдэгдэж байв. Энэ нь түүнийг арай илүү сүнслэг, далд ухамсрын түвшний бүтээл туурвихад хүргэсэн бөгөөд эцсийн үр дүн нь кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг гэнэтийн цочроом агшнуудын нэгийг агуулсан, үнэхээр сүнс зайлуулж, жихүүдэс төрүүлэм кино болж чаджээ.
10. IT (2017)

Алиалагчаас айх айдас бодит амьдрал дээр нэлээд түгээмэл байдаг. Хэрэв танд үүнийг батлах нэмэлт нотолгоо хэрэгтэй бол Стивен Кингийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн 2017 оны IT киноны кассын орлогыг харахад л хангалттай. Уг кино The Exorcist киноны 44 жилийн турш эвдэгдээгүй байсан рекордыг эвдэж, тухайн үедээ түүхэн дэх хамгийн их ашиг орлого олсон аймшгийн кино болсон юм. Мөн мэдээж, уг бүтээл манай жагсаалтын аравдугаар байранд шалгарсан билээ.
Найруулагч Энди Мушьеттигийн өндөр төсөвтэй энэхүү дэлгэцийн бүтээл нь бага насны сэтгэлийн шарх, сэтгэл зүйн гэмтлийг харуулахдаа дурсамж сэргээм өнгө аясыг чадварлаг ашигласан бол жүжигчин Билл Скарсгардын бүтээсэн хэлбэр дүрсээ хувиргагч, хорон муу санаат Пеннивайз алиалагчийн дүр нь яг л байх ёстой хэмжээндээ хачирхалтай бөгөөд жихүүдэс төрүүлэм болж чадсан юм.
Эх сурвалж: Rotten Tomatoes



261











