Найруулагч Denis Villeneuve-ийн “Dune” киноны гурав дахь анги болох “Dune: Part Three”-ийн шинэ трейлер цацагдлаа. Кино 2026 оны арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
Өмнөх ангиудад баатар болон дүрслэгдэж байсан Paul Atreides энэ удаад өөрийн эрх мэдэл, гаргасан шийдвэрийнхээ үр дагавартай нүүр тулах юм.
Тус кино нь Frank Herbert-ийн 1969 онд хэвлэгдсэн “Dune Messiah” романаас сэдэвлэсэн бөгөөд “Dune: Part Two”-ын үйл явдлаас ойролцоогоор 17 жилийн дараах ертөнцийг харуулна. Пол эзэнт гүрнийхээ хаан болсон ч түүний удирдлага дор олон ертөнц сүйрч, өмнөх холбоотнууд нь хүртэл түүний үйлдлийг эсэргүүцэж эхэлжээ.
Шинэ ангид
Шинэ трейлерийн онцлох хэсэгт Jason Momoa-гийн бүтээсэн Duncan Idaho Полд “Чи аврагдах аргагүй хэмжээнд хүрчээ” хэмээн хэлдэг. Мөн Zendaya-гийн бүтээсэн Chani Полыг өөрийн нэрийн өмнөөс эрх мэдэл ашиглахгүй гэж амласан үгэндээ хүрээгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлнэ. Эдгээр хэсэг нь киноны гол зөрчил эрх мэдлийн төлөөх тэмцэл бус, итгэлцэл болон түүний үр дагаварт төвлөрөхийг харуулж байна.
Кинонд Timothée Chalamet, Zendaya, Florence Pugh, Jason Momoa, Javier Bardem, Anya Taylor-Joy нар дүрээ үргэлжлүүлэн бүтээх бол Robert Pattinson шинэ дүр болох Scytale-ээр жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдэж байна. Трейлерт Florence Pugh-ийн дүр Princess Irulan болон Scytale нарын нууц төлөвлөгөөний талаар ярилцаж буй хэсэг ч багтжээ.
“Dune” цувралын нэг сонирхолтой тал нь найруулгын түүхээ сансар огторгуйн тулаан, гайхалтай технологиор хязгаарладаггүйд байдаг. Frank Herbert-ийн зохиолууд эрх мэдэл, шашны итгэл үнэмшил, олон нийтийн шүтээн болсон удирдагчдыг сохроор дагахын аюулыг хөнддөг. Timothée Chalamet ч Полын түүхийг энгийн баатрын түүх бус, эрх мэдэлтэй удирдагчдад хэт итгэхийн үр дагаврыг харуулсан бүтээл гэж тайлбарлажээ.
Киног бодитой мэт мэдрүүлэхэд зураг авалтын байршил чухал үүрэгтэй. Тиймээс энэ удаал Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби дахь Liwa Desert нь цувралын Arrakis гарагийг дүрслэхэд ашиглагдсан бөгөөд элсэн манхан бүхий өвөрмөц байгаль нь “Dune” киноны танигдахуйц дүр төрхийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

“Dune” болон “Dune: Part Two” кинонууд нийтдээ 1.1 тэрбум гаруй ам.долларын орлого олж, нийт найман Оскарын шагнал хүртсэн амжилттай бүтээлүүд юм. Denis Villeneuve-ийн найруулж буй “Dune: Part Three” нь гурван ангит киноны түүхийг төгсгөх бүтээл бөгөөд Пол Атрейдесийн эрх мэдлийн үнэ цэнэ, хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээх хариуцлага, эзэнт гүрнийхээ ирээдүйтэй хэрхэн нүүр тулахыг харуулах хүлээлттэй байна.
Эх сурвалж: Deadline



185











