iCarly нь анх 2007 онд үзэгчдийн хүртээл болон дэлгэцнээ гарч байсан бөгөөд Дан Шнайдераар найруулсан. Энэхүү цуврал нь Карли Шэй (Миранда Косгроув) болон түүний найзууд болох Сэм (Женнет МакКерди), Фредди (Нэйтан Кресс) нарын өсвөр насны хөгжилтэй амьдралыг харуулахын зэрэгцээ хэрхэн тэдний хөтөлж явуулдаг шоу бага багаар алдартай болж буй тухай өгүүлдэг.

Nickelodeon сувгийн хитүүдийн нэг болсон iCarly таван удаа Emmy шагналд нэр дэвшиж, зөвхөн нэг ангийг нь л гэхэд 11.2 сая үзэгч үзсэн байдаг.
2021 онд Paramount+ цувралыг дахин эхлүүлж гол дүрийн ихэнх жүжигчдийг ахин нэгтгэж чадсан. Цувралын ийнхүү шинэчилсэн хувилбар нийт гурван улирал үргэлжилсэн буюу 2023 онд сүүлийн улирал нь гарч дуусжээ.

Ихэнх жүжигчдийг нэгтгэж чадсан гэдэг нь Сэм-ийн дүрд тоглосон МакКердиг шоуны шинэчилсэн хувилбарт тоглуулж чадаагүйтэй холбоотой. МакКерди өөрийн 2022 онд хэвлэгдсэн I’m Glad My Mom Died номдоо “The Creator” хэмээн нэрлэсэн хүнээс асар их сэтгэлзүйн дарамт авсан тухайгаа бичсэн байдаг. Тэрбээр насанд хүрээгүй байхдаа согтууруулах ундаа хүчээр хэрэглэсэн мөн энэ талаараа хэнд ч хэлэхгүй байхаар 300,000 ам.доллар авч байснаа дурдсан юм.
Мэдээж эдгээр хэргүүдийг хийсэн хүн нь киноны найруулагч болох Дан Шнайдер байсан нь тун удалгүй олонд ил болсон ч Дан 2018 онд аль хэдийн өөрийн зүй зохисгүй үйлдлээсээ болоод Nickelodeon-оос гарсан байснаар үл барам өөрийгөө МакКердигийн хэрэгтэй ямар ч холбоогүй болохоо мэдэгдсэн.
Хэдийгээр МакКерди цувралын дараагийн бүлгүүдэд тоглоогүй ч iCarly-ийн хамтран тоглосон жүжигчидтэйгээ ойр дотно холбоотой байдаг. Ингэж бодохоор сэтгэл арай л тайвшрах шиг.
Тэгвэл бидний багаасаа догдлол дүүрэн үзэж өссөн iCarly цувралын гол дүрүүд өнөөдөр хаана, юу хийж яваа болохыг сонирхоцгооё.
1. Миранда Косгроув

iCarly-ийн жинхэнэ супер од нь болж чадсан Миранда цуврал дуусахад аль хэдийнээ өөрийн гэсэн үнэнч фенүүдтэй болчихсон байсан. Тэрбээр iCarly дууссанаас тун удалгүй Despicable Me хүүхэлдэйн киноны Маргогийн дүрд дуу оруулсан ба үүний дараа кино урлагаас түр зай аван Өмнөд Калифорны Их Сургуульд суралцжээ. Хэдийгээр тэр кино урлагийн чиглэлээр сурах гэж байсан ч бодлоо өөрчлөн сэтгэлзүйн чиглэлээр их сургуулиа дүүргэсэн байна.

Их сургуульд байх үеэрээ ч тэр ажилласаар байсан ба тухайн үедээ NBC-ийн Crowded цуврал, шинжлэх ухаан уран зөгнөлт кино болох 3022 кинонд тус тус дүр бүтээжээ. Мөн Mission Unstoppable нэвтрүүлгийн хөтлөгч хийгээд ч амсан юм.
iCarly-ийн шинэхэн бүлгүүдэд Миранда зөвхөн жүжигчний хувьд ч биш нэмээд цувралын ангиудын эвлүүлэгт оролцож үүнийгээ өөрт нь маш үнэтэй туршлага болсон тухайгаа ярьсан. Хамгийн сүүлд тэрээр Drugstore June гэх инээдмийн кинонд тогложээ.
2. Женнет МакКерди

Сэмийн дүрийг iCarly-д бүтээсний дараа Женнетт МакКерди уг дүрээ дахин бүтээж, Ариана Грандетэй хамтран Sam & Cat спин-офф цувралд тоглосон. Sam & Cat нь ердөө л нэг бүлэг гараад 2014 онд гол дүрийн жүжигчид хоорондын таагүй харилцааны тухай цуурхал болон найруулагч Дан Шнайдертай холбоотой асуудлуудын улмаас өндөрлөсөн.

МакКерди 2022 онд бичсэн I’m Glad My Mom Died номдоо Ариана Грандег дуу хөгжмийн салбарт хүч үзэх боломж гарсан ч өөрт нь тийм боломж байгаагүйд атаархсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дараа нь тэр өөрийн хөтөлж явуулдаг подкаст болох Empty-ээрээ дамжуулан өөрийгөө кино урлагийн салбараас бүр мөсөн гарсан тухайгаа зарласан. Үүнийгээ тайлбарлахдаа тэрээр жүжиглэх, жүжигчин болох нь түүний мөрөөдөл биш харин ээж нь түүнийг мөнгө олуулахаар хүчээр хийлгэж байсантай холбоодог. Түүний хамгийн сүүлд дүр бүтээсэн уран бүтээл нь 2018 онд гарсан богино хэмжээний кино болох The First Lady байв.

МакКерди өөрийн өмнө нь бүтээж байсан дүрүүдээсээ ичдэг гэдгээ мөн хийж байсан ажилдаа сэтгэл хангалуун бус байснаа нуулгүй илчилсэн. Тэрбээр намтартаа ээжийнхээ үзүүлж байсан сэтгэл зүйн дарамт, хоолтой холбоотой эмгэгүүд болон сэтгэцийн асуудлуудынхаа талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг.
Ээжийгээ нас барсны дараа МакКерди жүжигчний амьдралаасаа нэг мөр татгалзаж эцэст нь нэг өөрийнхөө амьдарлаа эрх чөлөөтэй амьдарч чадахаар болсон тухайгаа ярьжээ.
3. Нейтан Кресс

iCarly-д Фреддигийн дүрийг бүтээсний дараа Нейтан Кресс Sam & Cat цувралын хэд хэдэн ангиудад болон In The Storm кинонд тогложээ. Мөн тэрээр Star Wars: Rebels болон Netflix-ийн Pinky Malinky зэрэг бүтээлүүдийн дүрүүдэд дуу оруулсан байдаг.
Into The Storm-д тоглож байхдаа Нейтан өөрийн ирээдүйн гэргий болох Лондон Элизтэй танилцан, тэд 2015 онд гэрлэсэн. Хосууд гурван хүүхэдтэй бөгөөд хамгийн том охин болох Роузи 2017 онд, удаах охин Иви 2021 онд, бага хүү Линколн 2023 онд мэндэлжээ.

Кресс мөн Бретт Давернтэй хамт RadioActive Dads хэмээх эцэг эхчүүдэд зориулсан подкастыг хөтлөн явуулж байв.
Хамгийн сүүлд тэрбээр iCarly-ийн шинэчилсэн хувилбарт тоглосон.
4. Жерри Трайнор

Карлигийн хөгжилтэй, бүтээлч ах болох Спенсер нь яах арга үгүй фенүүдийн хайртай дүрүүдийн нэг байж чадсан бөгөөд Трайнор ч Спенсерийн дүрээ тийм ч амар тавьж явуулахыг хүсээгүй.
iCarly-г 2012 онд төгссөний дараа тэрээр Sam & Cat, Law & Order True Crime болон Bunk’d гэх мэт цувралуудад Спенсрийн дүрээр камео бүтээсэн.
iCarly-ийн шинэчилсэн хувилбар зарлагдсаны дараа 2021 оны гуравдугаар сард болсон Kid’s Choice Awards-т тэрбээр шоуны жүжигчид болох Трейнор Косгроув, Кресс нартай хамт оролцож, цувралаа сурталчилжээ.
Цувралын шинэчилсэн хувилбарын тухай 2021 онд ярихдаа тэр 2021 оноос хойш гарах бүлгүүд нь анхны цувралаасаа илүү насанд хүрэгчдийн амьдралд тохиолддог сэдвүүдийг хөндөнө хэмээж байсан.
“Шинээр гарах гэж буй iCarly маань өмнөхөөсөө илүү насанд хүрэгчдэд зориулсан талдаа байх ч хэт хүнд сэдэв, хүнд агуулга зэргүүд байхгүй... Цувралын трейлер дээр миний “Хараал ид” хэмээн хэлж байгаа гардаг. Үүнээс болоод олон хүн цочирдсон харагдаж байсан. Гэхдээ бид чинь одоо насанд хүрцгээсэн шүү дээ” гэж Page Six-т ярьжээ.
5. Ноа Манк

Ноа нь iCarly-д Гиббигийн дүрийг бүтээсэн бөгөөд цуврал дууссаны дараа Гиббиг гол дүр нь болгосон спин-офф хийхээр төлөвлөгдөж байсан ч эцэст нь харамсалтайгаар цуцлагдсан байна.
Харин тэрбээр Sam & Cat, Tom Sawyer & Huckleberry Finn кинонуудад тус тус дүр бүтээсэн.
Дараа нь Ноа ABC сувгийн The Goldbergs цувралд “Нүцгэн Роб” Смитийн дүрээр 2023 онд шоуг дуусах хүртэл нийт 100 гаруй ангид гардаг байна.

Харамсалтай нь тэр iCarly-ийн шинэчилсэн хувилбарт эргэж ирээгүй жүжигчдийн нэг бөгөөд ОҮС подкастад оролцож байхдаа Гиббигийн дүрийн ихэвчлэн “онигооны бай” болгож харагдуулдаг байсан тул цувралд тийм ч таатай ханддаггүй тухайгаа хэлж байв.
Тэгсэн ч тэрбээр кино урлагаасаа хөндийрч холдоогүйгээр үл барам жүжиглэхийнхээ хажуугаар SADWORLDBEATS болон NoxiK нэрээр электрон хөгжим продюсерлэж эхэлсэн.
6. Рийд Александр

Невел Папперманы дүрийг бүтээсэн Рийд Алесандр цуврал дууссаны дараа Sam & Cat-ийн нэг ангид тоглоод жүжигчний амьдралаасаа бүр мөсөн хөндийрсөн. Тэрээр KewlBites нэртэй хоолны ном гаргасан ба үүнийг нь АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон олон нийтэд сайшаан магтаж байсан юм. Үүний дараа Рийд өөрийн анхаарлаа сэтгүүл зүй рүү хандуулсан билээ.
Александр бакалаврын зэргээ 2017 онд Нью Йоркийн их сургуульд, магистрын зэргээ сэтгүүл зүйн чиглэлээр Колумбын их сургуульд 2020 онд тус тус хамгаалжээ.
Их сургуулиа төгссөнөөс хойш тэрээр BBC Radio, CNN, Business Insider-т Уолл-Стрийтийг хамарсан мэдээ бэлтгэж ажилласан бөгөөд Маяамигийн Их Сургуульд туслах профессорын албыг давхар хашиж байна.
Хэдийгээр тэр олон нийтийн анхаарлаас хол байхаар шийдсэн ч iCarly-ийн шинэчилсэн хувилбарт Невелийн дүрээр эргэн ирж үзэгчдэд өөрийнх нь дүрийн ахиц дэвшил, ухаалаг байдал гайхшируулах болно шүү хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: People










