NBA-ийн 2026-2027 оны улирлын ээлжит тоглолтод Golden State Warriors баг Orlando Magic-ийг нэмэлт цагт 126:119-өөр буулган авч, дараалсан долоо дахь ялалтаа байгууллаа.
Тоглолтын шийдвэрлэх мөчид Stephen Curry гол үүрэг гүйцэтгэж, нийтдээ тус тоглолтод 41 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Тэрээр нэмэлт цаг дуусахад 1 минут 38 секунд үлдэх үед амжилттай довтолж, багтаа тэргүүллийг авчирсны дараа 44 секунд үлдсэн үед дахин оноо авч, Warriors-ийн хожилд хөтөлжээ.
Ийнхүү Curry 35 нас хүрснээсээ хойш 40 болон түүнээс дээш оноо авсан тоглолтынхоо тоог 16 болгож, NBA-ийн түүхэнд энэ үзүүлэлтээр LeBron James-ийг даван тэргүүлж эхэллээ.

Тоглолтын эхний хагаст Warriors 16 онооны давуу талтай байсан ч Orlando Magic гуравдугаар үед 37 оноо авч, зөрүүг арилган тоглолтыг тэнцүүлсэн юм. Улмаар үндсэн цагийн сүүлийн мөчид Jamal Cain довтолгооны самбараас бөмбөг авч, оноо нэмснээр тоглолтыг нэмэлт цагт шилжүүлжээ.
Нэмэлт цагт Golden State 16:9-өөр илүүрхэж, эцсийн дүндээ 126:119-өөр хожсон байна.
Warriors-ийн бүрэлдэхүүнээс Yaxel Lendeborg 23 оноо, 8 самбар, 3 хаалт гүйцэтгэсэн бол Brandin Podziemski 15 оноо нэмэрлэжээ. Харин Draymond Green 13 оновчтой дамжуулалт өгч, 6 самбар, 2 бөмбөг таслалт, 2 хаалт гүйцэтгэсэн байна.

Эсрэг багаас Franz Wagner 30 оноо, 11 оновчтой дамжуулалт, Tristan da Silva 19 оноо, Wendell Carter Jr. 19 оноо, 11 самбар авсан ч баг нь дараалсан дөрөв дэх хожигдлоо хүлээлээ.
Сонирхуулахад, Golden State Warriors улирлыг эхний гурван тоглолтод дараалан хожигдож эхэлсэн ч түүнээс хойш долоон тоглолт дараалан хожсон байна. Тиймээс тэд 1950-1951 оны Boston Celtics багаас хойш улирлыг 0-3 амжилтаар эхлүүлээд долоон дараалсан хожил байгуулсан анхны баг болжээ.
Эх сурвалж: Reuters, NBA



102











