Спортын салбарт уламжлалт төрлүүдийг шинэ технологи, тоглох арга барилтай хослуулсан сонирхолтой төрлүүд бий болсоор байна. Тэдгээрийн нэг нь хөлбөмбөгийн ур чадварыг ширээний теннисний тоглолтын зарчимтай хослуулсан текбол юм.
Тусгай нумархаг ширээн дээр гараар хүрэлгүйгээр бөмбөгийг тоглодог энэ спорт нь хурд, авхаалж самбааг сорьдог өвөрмөц онцлогтой. Тиймээс энэ удаагийн сонирхолтой спорт буланд текбол спортыг сонгон мэдээлэл хүргэж байна.

Текболыг 2012 онд Унгар улсад Габор Боршаньи , Виктор Хусар, Дьёрдь Гаттян нар хамтран санаачилжээ. Хөлбөмбөг сонирхогч Боршаньи ширээний теннисний ширээн дээр бөмбөг тоглох үед бөмбөгний ойх хөдөлгөөн хангалттай тохиромжтой биш байгааг анзаарч, муруй гадаргуутай ширээ бүтээх санаа гаргасан байна. Улмаар уг санааг хөгжүүлж, шинэ спортын дүрэм болон тусгай тоног төхөөрөмжийг бий болгожээ. Түүнээс хойш 2023 оноос эрчимтэй Текбол олон улсад танигдах тусам мэргэжлийн хөлбөмбөгчид болон сонирхогчдын анхаарлыг татах болсон юм.
ТОГЛОХ ЗАРЧИМ НЬ ХӨЛБӨМБӨГӨӨС ЯЛГААТАЙ

Текболыг хоёр тоглогч ганцаарчилсан эсвэл дөрвөн тоглогч хоёр баг болж хосын төрлөөр тоглодог. Тоглогчид бөмбөгийг ширээний нөгөө талд чиглүүлж, өрсөлдөгчдөө зөв буцааж тоглоход хүндрэл учруулахыг зорьдог. Бөмбөгийг гар, шуугаар хүрэхийг хориглодог бөгөөд хөл, толгой, цээж, гуя зэрэг биеийн бусад хэсгийг ашиглаж болно.
Тоглогч эсвэл баг бөмбөгийг өрсөлдөгчийн талд буцаахаас өмнө хамгийн ихдээ гурван удаа хүрч болно. Харин ганцаарчилсан тоглолтод нэг тоглогч бөмбөгт дараалан ижил биеийн хэсгээрээ хоёр удаа хүрэхийг хориглодог. Хосын төрөлд багийн гишүүд бөмбөгийг дор хаяж нэг удаа хоорондоо дамжуулах ёстой. Тиймээс бөмбөгийг хянах чадвараас гадна хөдөлгөөнөө урьдчилан тооцоолж зөв байрлал эзлэх, багийн хамтрагчтайгаа уялдаатай ажиллах нь чухал юм.
ОНООГ ХЭРХЭН ТООЦДОГ ВЭ?
Текболын тоглолт гурван үеийн хоёрт нь түрүүлж хожсон тоглогч эсвэл багийн ялалтаар шийдэгддэг. Нэг үе 12 оноо хүртэл үргэлжилнэ. Тоглолтын эхлэлд бөмбөгийг тоглолтод оруулах үйлдлийг сервис гэж нэрлэдэг бөгөөд тоглогч эсвэл баг сервисээ амжилттай хийх хоёр боломжтой. Мөн албан ёсны дүрмийн дагуу сервис хийх эрх тоглолтын явцад ээлжлэн солигдоно.
Өрсөлдөгч бөмбөгийг дүрмийн дагуу буцааж чадахгүй бол нөгөө тал оноо авна. Бөмбөгийг ширээнээс гадуур гаргах, зөвшөөрөгдсөн хүрэлтийн тоог хэтрүүлэх, ширээ эсвэл өрсөлдөгчдөө хүрэх зэрэг үйлдэл нь алдаа болно. Эдгээр дүрэм нь тоглолтыг хурдтай, сонирхолтой байлгахын зэрэгцээ тамирчдаас нарийн хяналт шаарддаг.
ТУСГАЙ МУРУЙ ШИРЭЭ НЬ ГОЛ ОНЦЛОГ

Текболын хамгийн содон тоног төхөөрөмж нь хоёр тал руугаа муруй гадаргуутай тусгай ширээ юм. Албан ёсны TEQ ширээ нь гурван метр урт, 1.7 метр өргөн бөгөөд голдоо торон тусгаарлагчтай. Ширээний муруй гадаргуу нь бөмбөгний ойх хөдөлгөөнийг тоглолтын онцлогт нийцүүлдэг.
Текболыг зориулалтын талбайд дотор болон гадаа тоглож болно. Гэхдээ албан ёсны тэмцээн зохион байгуулахдаа олон улсын холбооноос баталсан тоног төхөөрөмж, талбай болон тоглолтын дүрмийг мөрддөг. Тусгай ширээний хийц нь энэ спортыг энгийн хөлбөмбөгөөс ялгаж, өөрийн гэсэн тоглох арга барилтай болгожээ.
ХӨЛБӨМБӨГИЙН УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ
Текболын бэлтгэл хийх дасгалууд нь хөлбөмбөгчдийн бэлтгэлд ашиглаж болох дасгалын нэг хэлбэр юм. Энэхүү спорт нь бөмбөгийг ойр зайд мэдэрч удирдаад хүнд дамжуулалтыг хүлээн авах, толгой болон хөлөөрөө оновчтой тоглох зэрэг ур чадварыг давтах боломж олгодог. Мөн бөмбөгний хөдөлгөөнийг хурдан ажиглаж богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай учраас төвлөрөл, хөдөлгөөний зохицуулалтыг сорьдог.
Эдгээр давуу тал нь мэргэжлийн тамирчдаас гадна хөлбөмбөг сонирхдог хүмүүст ч сонирхолтой сонголт болдог. Гэсэн хэдий ч текбол нь хөлбөмбөгийн бүх төрлийн бэлтгэлийг орлохгүй бөгөөд бөмбөг эзэмших техникээ хөгжүүлэх нэмэлт боломж гэж ойлгож болно.
ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ БОЛЖ ХӨГЖИЖ БАЙНА

Текболын олон улсын тэмцээнүүдийг Олон улсын текболын холбоо зохион байгуулдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын төрлүүдээс гадна холимог хосын төрөл багтдаг.
Тус спорт олон улсын хэмжээнд танигдахтай зэрэгцэн тивийн спортын байгууллагуудын хүлээн зөвшөөрөлтийг авч, тэмцээнүүдийн цар хүрээгээ тэлсээр ирсэн. 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын Одорхею-Секуйеск хотод арванхоёрдугаар сарын 3-7-ны өдрүүдэд болсон нь олон улсын тэмцээний хөгжлийн нэг жишээ юм.
Ерөнхийдөө Текбол нь хөлбөмбөгийн ур чадварыг ширээний теннисний тоглолтын хэлбэртэй хослуулж, спортын шинэ боломжийг бий болгосон сонирхолтой төрөл юм. Тусгай ширээ болон хурдан шийдвэр гаргах шаардлага нь тоглолтыг өвөрмөц болгодог. Цаашид олон улсын тэмцээн, сургалт болон сонирхогчдын оролцоо нэмэгдэхийн хэрээр текбол спорт сонирхогчдын дунд улам танигдах боломжтой.



834











