Олон улсын спортын байгууллагууд дижитал болон цахим спортын төрлүүдийг албан ёсны тэмцээнүүдэд үе шаттайгаар нэвтрүүлж байгаа нь спортын ирээдүйд технологи чухал байр суурь эзлэх болсныг харуулж байна. Үүний нэг жишээ нь сүүлийн үед хөгжөөд буй виртуал таеквондо.
Виртуал таеквондо нь тамирчид VR технологит шил болон биеийн хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмж ашиглан, бодит орчинд бие биедээ хүрэлгүйгээр өрсөлддөг шинэ төрлийн спортын нэг юм. Энэ төрөл нь уламжлалт тулааны урлагийг дижитал орчинтой хослуулдгаараа онцлогтой.

Виртуал таеквондог хөгжүүлэх ажил 2021 онд Олон улсын таеквондогийн холбоо болон технологийн салбарын Refract Technologies компанийн хамтын ажиллагаагаар эрчимжсэн. Тэд тамирчдын бодит хөдөлгөөнийг мэдрэгчээр бүртгэж, виртуал дүрд шилжүүлэн өрсөлдөх боломжийг бий болгохыг зорьжээ. Улмаар 2023 онд Сингапурт болсон Олимпын цахим спортын цуврал тэмцээнд энэ төрөл багтаж, олон нийтэд танилцуулагдсан байна.
ТОГЛОХ ЗАРЧИМ НЬ УЛАМЖЛАЛТ ТАЕКВОНДОГООС ЯЛГААТАЙ.
Тамирчид бодит талбайд бие биедээ хүрэхгүйгээр тулаан хийдэг ч тэдний өшиглөлт, булталт болон бусад хөдөлгөөнийг мэдрэгч төхөөрөмж бодит цаг хугацаанд бүртгэнэ. Эдгээр хөдөлгөөн виртуал орчин дахь дүрд дамжуулагдаж, систем нь довтолгоо амжилттай болсон эсэхийг тооцоолдог. Үүний үр дүнд тамирчид биеэр шууд хүрэлцэхгүй ч уламжлалт таеквондогийн хурд, нарийвчлал, тактикийн ур чадвараа сорих боломжтой.
ТУЛААНЫ ҮР ДҮНГ ХЭРХЭН ШИЙДДЭГ ВЭ?

Виртуал таеквондогийн тоглолтын системд тамирчдын авсан оноо болон довтолгооны үр дүнг харуулдаг үзүүлэлтүүд ашиглагдана. Тоглолтын хугацаа дуусахад дүрмийн дагуу илүү өндөр оноотой тамирчин ялах боломжтой. Зарим системд дүрийн эрүүл мэндийн үзүүлэлтийг ашиглаж болох ч оноо тооцох нарийн арга нь тухайн тэмцээний дүрмээс хамаарна. Тиймээс энэ төрлийг энгийн видео тоглоомоос ялгах нэг зүйл нь тамирчны бодит хөдөлгөөн тэмцээний үр дүнд шууд нөлөөлдөг явдал юм.
ХҮЙСИЙН ЯЛГАА БАЙХГҮЙГЭЭР НЭГ АНГИЛАЛД ӨРСӨЛДДӨГ
Виртуал таеквондогийн бас нэг онцлог нь эрэгтэй, эмэгтэй тамирчдыг нэг ангилалд өрсөлдүүлэх боломж. Уламжлалт таеквондод хүйс, жингийн ангилал чухал байдаг бол виртуал төрөлд холимог хүйсийн өрсөлдөөнийг зохион байгуулах боломж бүрддэг. Энэ ялгаа байхгүйгэр тамирчид хурд, хөдөлгөөний нарийвчлал, тактик болон шийдвэр гаргах чадвараараа өрсөлдөх шинэ хэлбэр бий болж байна.
БЭРТЭЛ ГЭМТЛИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖ

Энэ нь тус спортын бас нэг давуу тал юм. Тамирчид бие биедээ шууд цохилт өгөхгүй тул уламжлалт тулаанд тохиолддог зарим төрлийн гэмтлийн эрсдэл багасна. Гэсэн хэдий ч хурдтай хөдөлгөөн хийх, тэнцвэр алдах, VR төхөөрөмж ашиглах үед үүсэж болох эрсдэл хэвээр байдаг. Иймээс тоглолтын талбайг зөв бэлтгэх, төхөөрөмжийг тохируулах, аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөх шаардлагатай.
Виртуал таеквондогийн хөдөлгөөн мэдрэгч, виртуал бодит байдал болон тоглолтын систем улам боловсронгуй болохын хэрээр энэ төрлийн тэмцээнүүд илүү хүртээмжтэй, сонирхолтой болох боломжтой. Гэхдээ виртуал таеквондо нь уламжлалт таеквондог бүрэн орлох биш, тулааны урлагийг шинэ хэлбэрээр туршиж, илүү олон хүнд хүргэх нэмэлт боломж гэж харах нь зүйтэй. Спорт ба технологийн энэ хослол цаашид хэрхэн хөгжих нь сонирхол татсан хэвээр байна.




138











