The MongolZ баг Сербийн Белград хотод зохион байгуулагдсан “1win Private Club Season 2” тэмцээний финалд ОХУ-ын PARIVISION багийг гурав дараалан хожиж, аваргын цом хүртлээ. The MongolZ аваргын 25 мянган ам.долларын шагнал хүртсэн бол PARIVISION хоёрдугаар байрт шалгарч, 17,500 ам.доллар авлаа. Тэмцээний үр дүнгээр BIG баг гуравдугаар байр эзэлжээ.
“1win Private Club Season 2” тэмцээн аравдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулагдаж, нийт найман баг 100 мянган ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдсөн байна.
Энэ амжилт нь MongolZ багийн бүрэлдэхүүн дэхь өөрчлөлтийн дараа багийн уялдаа, тоглолтын тогтвортой байдлаа сэргээж буйг илтгэсэн үр дүн боллоо. Удахгүй болох Мажорын өмнө олон улсын өрсөлдөгчдөө хожсон нь The MongolZ-ийн хувьд чухал түлхэц болж байна.

Шинэ бүрэлдэхүүнтэй болоод байсан MongolZ багт Г.Есөнтөмөр буюу nin9 багт нэгдэж, “cobrazera” буюу Ууганбаяр үндсэн бүрэлдэхүүндээ эргэн ирснээс хойших багийн анхны түрүү юм.
Тэмцээний финалын эхний тоглолт PARIVISION багийн сонгосон Ancient газрын зураг дээр өрнөсөн ч The MongolZ өрсөлдөгчдөө давуу байдлаа тогтоох боломж олгосонгүй. Хамгаалалтын талд 10:2-ын харьцаатай тэргүүлсэн MongolZ баг тоглолтыг 13:6-аар дуусгаж хожлоор эхлүүлэв.
Хоёр дахь тоглолт Mirage дээр илүү өрсөлдөөнтэй болж, PARIVISION онооны зөрүүг ойртуулан, тоглолтын хувь заяаг өөрчлөхийг оролдсон юм. Гэсэн ч nin9 болон 910 нарын үр дүнтэй тоглолтын ачаар The MongolZ 13:11-ээр ялалт байгуулж чадсан юм. Уг тоглолтод nin9 22, 910 багийн ялалтад чухал нөлөө үзүүлжээ.

Шийдвэрлэх гурав дахь тоглолт Dust2 газрын зураг дээр явагдав. The MongolZ эхний хагасыг 9:3-аар тэргүүлж дуусгасан бөгөөд дараагийн хагасд ч тоглолтын хяналтыг алдалгүйгээр 13:4-ийн харьцаатай ялалт байгууллаа. Багийн ахлагч bLitz энэ тоглолтод 1.86 үнэлгээтэй тоглосноор финалын шийдвэрлэх мөчид багийнхаа тэргүүн эгнээнд байв.
Цувралын статистикаас харахад шинэ тоглогч nin9 финалын гурван газрын зурагт нийт 53 устгал хийж, 32 удаа устгуулсан үзүүлэлттэй байлаа. Түүний 1.56 гэсэн тоглолтын үнэлгээ нь The MongolZ багийн тоглогчдоос хамгийн өндөр байсан. Мөн 910, bLitz нар ч тоглолт бүрд тогтвортой хувь нэмэр оруулсан байна. Энэ нь шинэ тоглогч багийн тоглолтын хэв маягт хэрхэн нөлөөлж байгааг харуулсан онцлох үзүүлэлт байв.

Эх сурвалж: Dust2in, HLTV



116











