K-pop-ийн SEVENTEEN хамтлагийн гишүүн Joshua загвар, гоо сайхны салбар дахь нөлөөллөө бататган Vogue Korea сэтгүүлийн гурван дижитал нүүрэнд онцгой дүр төрхөөр гарчээ. Тэрээр уг зураг авалтад тансаг зэрэглэлийн гоо сайхны брэнд Tom Ford Beauty-тэй хамтран ажилласан байна.
Vogue Korea сэтгүүл арваннэгдүгээр сарын 5-нд албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан “Bold Ambition” буюу “Зоримог амбиц” сэдэвтэй гурван нүүр зургийг танилцуулжээ. Зураг авалтаар Joshua-гийн дэгжин төрхийг хослуулж, илүү төлөвшсөн, боловсронгуй дүр төрхийг харуулсан байна. Тэрээр Tom Ford Beauty брэндийн элч төлөөлөгчөөр ажилладаг билээ.
Үүнээс гадна Joshua ярилцлагадаа уран бүтээлчийн хувьд өөрийгөө хөгжүүлж, шинэ чиглэлээр сорих хүсэлтэй байгаагаа хуваалцжээ.

Тэрээр SEVENTEEN хамтлагийн гишүүн Jeonghan-тай хамтран нэгж бүрдүүлж, анхны мини цомог болох “DREAMSCAPE”-ээ гаргаснаас хойш хөгжимд илүү их анхаарал хандуулах болсон байна.
Joshua “Ур чадвараа улам хөгжүүлж, өөрийн зохиосон дуунуудаа та бүхэнд хүргэхийг хүсэж байна. Өмнөхөөсөө илүүтэйгээр хөгжим бүтээх үйл явцад сэтгэл зүрхээ зориулж байгаа. Мөн жүжиглэх урлагт суралцаж эхэлсэн” хэмээн ярьжээ. Түүнчлэн өөртөө хэд хэдэн шинэ зорилго тавьж, тэдгээрийгээ хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дурдсан байна.
Joshua-гийн зураг авалтын бусад бүтээл болон бүрэн хэмжээний ярилцлагыг Vogue Korea сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаар, албан ёсны цахим хуудас болон сошиал сувгуудаас үзэх боломжтой.

Тэрээр сүүлийн үед олон улсын загварын арга хэмжээнүүдэд оролцож, тансаг зэрэглэлийн брэндүүдийн анхаарлыг татах болсон. Тухайлбал, саяхан БНХАУ-ын Сужоу хотод зохион байгуулагдсан Vogue Forces of Fashion арга хэмжээнд оролцож, орон нутгийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татжээ.
Харин Joshua, Jeonghan нар хамтарсан тоглолтын хуваариа үргэлжлүүлж байна. Тэд Инчон хотын Inspire Arena-д гурван өдрийн турш тасалбар бүрэн борлогдсон тоглолтоо амжилттай зохион байгуулсан ба энэ сар дахин 21, 22-нд Японы Сайтама хотын Belluna Dome-д фенүүдтэйгээ уулзахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: KoreaTimes



769











