Жүжигчин Ким Сү Хён талийгаач жүжигчин Ким Сэ Ронтой холбоотой мэдээлэл, таамаглалыг түгээсэн HoverLab YouTube сувгийг хаалгах хүсэлт гаргажээ.
Мөн түүний төлөөлөгчид HoverLab сувгийг жүжигчинтэй холбоотой 30 видеог устгахыг үүрэг болгож, цаашид үүнтэй төстэй агуулга нийтлэхийг хориглосон шүүхийн шийдвэр гаргуулахаар хүсэлт тавьжээ. Уг хүсэлтийг есдүгээр сарын 22-нд гаргасан бөгөөд шүүх хурал арваннэгдүгээр сарын 4-нд товлогдсон байна.
Энэ үйл явдал HoverLab сувгийн эрхлэгч Ким Сэ Үйг жүжигчин Ким Сү Хёны талаар худал мэдээлэл тарааж, нэр хүндэд нь халдсан зэрэг хэрэгт буруутган зургадугаар сард яллагдагчаар татсаны дараа болж байна.
Прокуроруудын мэдээлснээр Ким Сэ Үй өнгөрсөн оны гуравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд жүжигчний талаар нийт 25 удаа худал мэдэгдэл хийсэн гэж үзэж байгаа аж.
Үүнд Ким Сү Хён Ким Сэ Роныг насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан, мөн жүжигчний талаас үзүүлсэн дарамт, заналхийлэл түүний үхэлд нөлөөлсөн гэх мэдээллүүд багтжээ. Прокурорууд эдгээр мэдэгдлийг худал бөгөөд жүжигчний нэр хүндэд халдах зорилготой байсан гэж үзсэн байна.


260











