Жүжигчин Селма Блэйр ням гарагт нислэгийн үеэр онгоцны хаалгыг нээхийг завдаж, саад хийхээр оролдсон хоёр онгоцны үйлчлэгчийн нэгийг цохиж, нөгөөг нь хазсан гэх хэрэгт холбогдон баривчлагджээ.
Жүжигчин Лос Анжелесийн олон улсын нисэх буудлаас Нью-Йоркийн Жон Ф.Кеннедигийн олон улсын нисэх буудлыг зорьж явсан Delta Air Lines компанийн нислэгээр зорчиж байсан аж. Тэрбээр нислэгийн үеэр онгоцны хаалгыг нээхийг оролдсон бөгөөд үйлчлэгчид түүнийг зогсоохоор оролдох үед нэгийг нь цохиж, нөгөөг нь хазсан байна.
Нислэгийн үеийн холбооны аудио бичлэгт онгоц газардсаны дараа гэмтсэн зорчигч, ажилтнуудад тусламж үзүүлэх эмнэлгийн ажилтнуудыг хаалган дээр бэлэн байлгахыг хүссэн нь бичигдсэн байна. Гэмтэлд хазуулсан ором болон хамраас цус гарсан тохиолдол багтжээ.

Мөн уг бичлэгт дүрэм зөрчин авирласан нэгэн зорчигч онгоцны өөр өөр хэсгийг тусгаарладаг хаалт руу толгойгоо хүчтэй цохисон тухай дурдсан байна. Нью-Йоркийн Боомтын захиргаанаас NewsNation мэдээллийн агентлагт өгсөн мэдээллээр, онгоцны нэг үйлчлэгчийг эмнэлэгт хүргэжээ.
Delta Air Lines компани уг явдалтай холбоотойгоор гаргасан мэдэгдэлдээ “Үйлчлүүлэгчид болон багийн гишүүдийн аюулгүй байдал бидний нэн тэргүүний зорилт учраас зүй бус болоод хууль бус үйлдэлд бид огтхон ч хүлцэл үзүүлэхгүй” гэжээ.
Блэйрийг саатуулсны дараа биеийн байдлыг нь үнэлүүлэхээр эмнэлэгт хүргэсэн байна. Холбооны мөрдөх товчоо (FBI) нислэгийн үеэр болсон уг хэргийг шалгаж байгаа аж.
Харин жүжигчний төлөөлөгч NewsNation-д өгсөн мэдэгдэлдээ “Селмагийн биеийн байдалд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ нь түүнд холбогдуулан мэдээлж буй үйлдлүүдэд хүргэсэн. Онгоц газардмагц түүнд нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой байна” гэжээ.

Сонирхуулахад, жүжигчин Селма Блэйр олон жилийн турш олон голомтот хатуурал (Multiple Sclerosis, MS) хэмээх мэдрэлийн тогтолцооны архаг өвчинтэй тэмцэж байгаа юм. Тэр заримдаа тэнцвэрээ алдах, бүдрэх, үг яриа нь ээдрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байсан тухайгаа ярьж байсан.
Эх сурвалж: E online news


921











