BLACKPINK-ийн гишүүн Лиса The Tonight Show Starring Jimmy Fallon-д хоёр дахь удаагаа оролцож, шинэ уран бүтээл, гэр бүлийнхээ дэмжлэг, жүжигчний карьер болон Лас Вегас дахь тоглолтынхоо талаар ярилцжээ. Харин ярилцлагын үеэр хамгийн их анхаарал татсан зүйл нь түүний удахгүй гарах “PRESS PLAY” EP-ийн дараагийн single-ийн талаар өгсөн жижигхэн сэжүүр байлаа.
Лисагийн есдүгээр сарын эхээр гаргасан “SaWaDiKa” дуу 24 цагийн дотор YouTube-д 70 сая гаруй үзэлт авч, Spotify-ийн дэлхийн шилдэг дуунуудын жагсаалт болон iTunes-ийн дэлхийн чартад эхний байрт бичигдсэн талаар Жимми Фаллон онцолсон байна.
“SaWaDiKa” нь Тай хэлээр “Сайн байна уу” буюу “Hello” гэсэн утгатай бөгөөд Лиса уг дуугаараа төрөлх Тайландынхаа соёл, хэл, үндэс угсааг уран бүтээлдээ шингээжээ. Тэрээр ярилцлагын үеэр Жимми Фаллонд энэ үгийн дуудлагыг зааж, мөн Тай хэлээр “баярлалаа” гэж хэрхэн хэлэхийг зааж өгсөн байна.
Харин Лиса эдгээр амжилтын талаар ярихдаа өөрийн фенүүд болох LILIES болон BLINKS-д талархаж буйгаа илэрхийлжээ.
“PRESS PLAY”-Д ЛИСАГИЙН АМЬДРАЛ БАГТЖЭЭ

Лисагийн шинэ “PRESS PLAY” EP аравдугаар сарын 23-нд гарах бөгөөд тэрээр уг бүтээлээ өөрийн өнгөрсөн үеэс өнөөдрийг хүртэлх аяллыг харуулсан бүтээл хэмээн тайлбарласан байна.
Түүний хэлснээр EP-ийн дуунууд тус бүрдээ өөр өөрийн гэсэн дүр, өнгө аяс, зан чанартай бөгөөд бүгдийг нь нийлүүлэн сонсоход яг л нэгэн бүтэн кино үзэж байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр бүтээжээ.
Тиймээс EP-ийн нэрийг “PRESS PLAY” гэж сонгосон нь зүгээр нэг нэр биш. Лисагийн тайлбарласнаар сонсогчид хөгжмөө асаагаад, тухлан суугаад, бүхэл бүтэн аяллыг нь мэдрэх гэсэн санааг илэрхийлж байгаа аж. Түүнчлэн шинэ EP-д Тайландын соёл, Лисагийн үндэс угсааг илэрхийлсэн элементүүд ч багтсан байна.

ДАРААГИЙН SINGLE-ИЙН НЭР “T” ҮСГЭЭР ЭХЭЛНЭ
Ярилцлагын хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг нь “PRESS PLAY” EP-ийн дараагийн single-ийн тухай байлаа. Одоогоор EP-ийн дууны нэрүүдийн ихэнх нь нууц хэвээр байгаа ч Жимми Фаллон Лисагаас дараагийн single аль дуу болохыг асуухад тэрээр 4-р дуу гэдгийг ил болгожээ. Үүгээр зогсохгүй Лиса дараагийн single-ийн нэр “T” үсгээр эхэлдэг гэсэн сэжүүр өгсөн байна.
Жимми Фаллон нэрийг нь таах гэж оролдсон ч Лиса шууд хэлэлгүй, өмнө нь ярилцлагын үеэр нэртэй нь холбоотой сэжүүр хэлчихсэн гэдгээ сануулжээ. Ингэснээр “PRESS PLAY”-ийн фэнүүдийн дунд дараагийн single ямар нэртэй байх бол гэсэн таамаг үүсэх боломжтой болж байна.
БАГАДАА DISNEYLAND-Д АЖИЛЛАХЫГ МӨРӨӨДДӨГ БАЙСАН
Ярилцлагын үеэр Лиса насны мөрөөдлийнхөө тухай ярьсан байна. Жимми Фаллон түүнээс одоогийн карьертаа хүрээгүй байсан бол өөр ямар зам сонгох байсан талаар асуухад тэрээр бүжгийн багш болох, эсвэл Disneyland-д performer хийх байсан гэжээ. Тэрээр багаасаа дуулах, бүжиглэх, тайзан дээр гарахыг хүсдэг байсан бөгөөд Disneyland-д performer хийх санаа түүнд үнэхээр таалагддаг байсан гэж ярьсан байна.
“ААВ НАМАЙГ ҮРГЭЛЖ SUPERSTAR ГЭЖ ДУУДДАГ БАЙСАН”

Лисагийн “Always Lalisa” баримтат киноны талаар ярилцах үед түүний гэр бүлийнх нь дэмжлэгийн талаар мөн хөндсөн байна. Тэрээр ээж, аавыгаа өөрийнх нь хамгийн том дэмжигчид хэмээн онцлоод, аав нь түүнийг бага байхаас нь “my superstar” гэж дууддаг байсан тухай ярьжээ.
Түүний хэлснээр аав нь бага байхад нь өөрийнхөөрөө “manifest” хийж, үргэлж “Hi, my superstar” гэж хэлдэг байсан байна.
ЛИСА ЛАС ВЕГАСТ ДӨРВӨН ТОГЛОЛТ ХИЙНЭ
Лиса мөн “VIVA LA LISA” нэртэй Las Vegas дахь тоглолтынхоо талаар ярьжээ. Жимми Фаллон түүнийг Лас Вегаст residency хийж буй анхны K-pop уран бүтээлч хэмээн онцолж, тоглолтын тасалбар маш богино хугацаанд дууссан талаар баяр хүргэсэн байна. Харин Лиса одоогоор тоглолтын бэлтгэлээ эхлүүлээгүй ч удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт дөрвөн тоглолт хийхээ хэлжээ.
ТАЙЛАНДЫН АМТЫГ "THE TONIGHT SHOW"-Д АВЧИРЛАА

Ярилцлагын төгсгөлд Лиса “SaWaDiKa” дуугаараа Тайландын соёлоо илэрхийлж байгаатайгаа холбоотойгоор "The Tonight Show"-ийн тайзнаа Тайландын хоол, ундааг авчирсан байна.
Тэрээр Жимми Фаллонд papaya salad-ыг танилцуулж, Тайландын халуун чинжүү амсуулсан нь ярилцлагын хамгийн хөгжилтэй хэсгүүдийн нэг болжээ. Фаллон халуун чинжүү амсаад нэлээд хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн бол Лиса харин халуун ногоотой хоолонд тийм ч асуудалгүй гэдгээ харуулсан байна.
Мөн Лиса өөрийн “тусгай” ундааны жорыг танилцуулсан бөгөөд Korean soju, Thai beer болон Sprite-ийг хольж бэлтгэдэг аж. Ундаагаа хамт өргөхдөө Лиса Жимми Фаллонд Тай хэлээр “bottoms up” гэсэн утгатай үгийг зааж өгсөн байна.
Ийнхүү Лиса энэ удаагийн "The Tonight Show"-д зөвхөн шинэ дуугаа сурталчилсан ярилцлагаар хязгаарлагдсангүй. Тэрээр “PRESS PLAY” EP-ийн дараагийн single-дээ жижигхэн сэжүүр өгч, бага насны мөрөөдөл, эцэг эхийнхээ дэмжлэг болон Лас Вегас дахь шинэ тайзныхаа талаар хуваалцахын зэрэгцээ Тайландын соёл, хоол хүнсийг шоуны тайзнаа авчирчээ.



1305






