Их Британийн ханхүү Харри амьдралынхаа эмзэг үеийн талаар эргэн дурсаж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан тухайгаа хуваалцжээ.
Тэрбээр эхнэр Меган болон өдгөө долоон настай хүү Арчигийн хамт Канадын Ванкувер хотод түр хугацаагаар амьдрахаар нүүсэн үеийнхээ талаар ярьсан байна. Энэ нь Харри, Меган нар хааны гэр бүлийн албан үүргээсээ татгалзах шийдвэр гаргаснаас хойш зургаан жилийн дараа тэрбээр тухайн үед сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ямар бэрхшээлтэй тулгарч байсан тухайгаа хуваалцжээ.
“Бид бүх зүйлээс түр холдож, тайван бодох боломжтой болохын тулд Канад руу нүүсэн. Бие махбод маань стресстэй орчноос холдохыг хүссэн юм” хэмээн Харри MasterClass платформын “Уй гашууг дахин тодорхойлох нь: Гарз хохирлын дараа сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг бий болгох нь” нэртэй шинэ ярилцлагын үеэр ярьжээ.
“Хоёр, гурван хоногийн дараа адреналин огцом буурах мэдрэмж төрсөн. Өмнө нь ийм зүйл огт мэдэрч байгаагүй. Тархи маань хэвийн ажиллахын тулд адреналин хэрэгтэй, стрессгүй болохоор гэрийнхээ эргэн тойронд ч юу ч хийж чадахгүй болсон юм шиг санагдсан” гэжээ.

Меган, Арчи нарын хамт Канадаас нүүж ирснээсээ хойш дөрвөн сарын дараа АНУ-ын Калифорни мужийн Монтесито хотод суурьшсан Харригийн хувьд амьдралын илүү тайван хэмнэлд шилжих нь эхэндээ амаргүй байжээ. “Би хоёр долоо хоног орчим сэтгэл гутралд орсон. Адреналингүйгээр юу ч хийж чадахгүй юм шиг санагдаж байсан” хэмээн тэрбээр дурсжээ.
Инвиктус наадмыг үүсгэн байгуулагч Харри Их Британийн армид 10 жил алба хаасныхаа дараа адреналины огцом нэмэгдэлтэй холбоотой асуудалтай тулгарч байснаа мөн ярьсан байна. Гэхдээ энэ нь 1997 онд ээж Дианаг алдсанаас үүдэлтэй сэтгэл хөдлөлийн гүн шархтай холбоотой байжээ.
“Сонирхолтой нь, миний гэмтлийн дараах стресс Афганистан дахь туршлагатай холбоогүй байсан. Тэнд харсан, туулсан зүйлс маань миний дотор хуримтлагдсан бусад сэтгэлзүйн шархыг сэдрээж байсан бололтой” гэж Харри тайлбарлажээ.
Тэрбээр стрессийн үед адреналин огцом нэмэгдэх шалтгаанаа ойлгож эхэлсэн ч тусламж авахыг хүлээн зөвшөөрөхөд бэрхшээлтэй хэвээр байснаа мөн ярьжээ. Харригийн хэлснээр, адреналины огцом нэмэгдэл нь түүнийг сэтгэл хөдлөлөө мэдрэхгүй мэт болгож, хамгийн хүнд нөхцөлд ч зогсолтгүй урагшлахад хүргэдэг байжээ.
“Би энэ бүхний цаана юу байгааг, түүнтэй ямар холбоотойгоо ойлгосон хойно нэг зүйлээс айсан. Хэрэв би эдгэрч, асуудлаа шийдэх арга замыг хайвал тэр чадвараа алдчих болов уу? Өөрийнхөө тэр онцгой хүчийг гээчихвэл ээжтэйгээ холбоотой байх мэдрэмжээ ч алдах болов уу?” хэмээн тэрбээр ярьжээ.

Өдгөө 42 настай Харри өнгөрсөн есдүгээр сард гэр бүлийн хамт Англидаа буцаж ирсэн ч хааны гэр бүлийн албан үүргээ сэргээгээгүй. Тэр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа даван туулахын тулд ажиллахад амаргүй байсныг мөн хүлээн зөвшөөрчээ.
“Би ээжгүйгээр аз жаргалтай, баяр баясгалантай амьдрах боломжтой гэх бодлоосоо болж өөрийгөө түүнд үнэнч бус хандаж байна гэж мэдэрч, гэмшдэг байсан учраас сэтгэл хөдлөлөө удаан хугацаанд бараг бүрэн дарж явсан. Ээжийгээ санаж байгаагаа батлахын тулд би гунигтай байх ёстой, сэтгэл хөдлөлөө мэдрэхгүй байх ёстой юм шиг санагддаг байсан” гэж Харри тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC


225











