Дуучин, жүжигчин Селена Гомез никотинтой вэйпийг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэдэг байсан нь дуу хоолойд нь өөрчлөлт оруулсан гээд, энэ зуршлаасаа гарахыг хичээж байгаагаа хуваалцжээ.
Тэрбээр аравдугаар сарын 18-нд инстаграмын стори хуудсандаа нийтэлсэн бичлэгт никотин хэрэглэхээ болих нь амаргүй байгааг ярьж, вэйп хэрэглэж эхлэх гэж байгаа болон энэ зуршлаасаа гарахыг хичээж буй хүмүүст хандан анхааруулсан байна.
“Би дуу хоолойгоо өөрчилж чадахгүй нь. Би никотинтой вэйпийг маш их хэрэглэдэг байсан. Никотиноос гарах үнэхээр хэцүү. Хэрэв та ийм зуршилтай тэмцэж байгаа эсвэл вэйп хэрэглэж эхлэх гэж байгаа бол энэ үнэхээр хэрэггүй зүйл гэдгийг хэлмээр байна. Энэ үнэхээр тэнэглэл. Миний дуу хоолойг өөрчилсөн” гэж тэрбээр ярьжээ.
Мөн дуучин бүсгүй дуу хоолой нь өөрчлөгдсөнд харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ никотин хэрэглэхээ зогсоож чадсандаа баяртай байгаагаа хэлсэн байна.

“Би үүнийг зогсоосондоо үнэхээр баяртай байгаа. Цаашид ч энэ хэвээрээ байж чадна гэж найдаж байна. Энэ үнэхээр хэцүү. Гэхдээ та ямар нэгэн зүйлтэй тэмцэж байгаа бол үүнийг даван туулж чадна гэдгийг мэдэж байна” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.
Селена Гомез өмнө нь ч дуу хоолой нь өөрчлөгдсөн талаар ярьж байв. Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард инстаграмын шууд дамжуулалтын үеэр хоолой нь заримдаа өөрчлөгдөж, хоолойн дотор тал хавагнадаг тухай дурдсан ч тухайн үедээ вэйп хэрэглэдэг байсантайгаа холбон тайлбарлаагүй юм.
Харин энэ удаа никотинтой вэйпийг их хэмжээгээр хэрэглэдэг байснаа өөрөө ил тод ярьж, дуу хоолойн өөрчлөлттэй холбон тайлбарласан нь олны анхаарлыг татжээ.
Вэйп дуу хоолойд хэрхэн нөлөөлдөг вэ?
Вэйп буюу электрон тамхины аэрозол нь амьсгалын зам, хоолойг цочроож, ам хатах, ханиалгах зэрэг шинж тэмдэг үүсгэж болзошгүй. Эдгээр нь дуу хоолойн чанарт нөлөөлөх боломжтой ч вэйп хэрэглэснээр дуу хоолой хэрхэн, ямар хэмжээгээр өөрчлөгддөг талаарх шинжлэх ухааны бүрэн судалгаа байхгүй.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн мэдээлснээр никотин нь донтуулах өндөр эрсдэлтэй бодис бөгөөд олон төрлийн электрон тамхинд агуулагддаг. Мөн электрон тамхины урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалсаар байгаа аж.
Эх сурвалж: ABC News, Los Angeles Times


293











