KATSEYE хамтлаг АНУ-ын Детройт хотод товлогдсон тоглолтоо эхлэхээс ердөө 30 минутын өмнө хойшлуулсан нь шүтэн бишрэгчдийн дунд ихээхэн бухимдал үүсгээд байна
Тус хамтлаг 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Little Caesars Arena-д дэлхийн аялан тоглолт болох “The WILDWORLD Tour”-ын хүрээнд тоглолтоо хийхээр төлөвлөж байжээ. Гэвч тоглолт эхлэхэд ердөө хагас цаг үлдсэн байхад хамтлагийн зүгээс тоглолт хойшлогдсон тухай мэдэгдсэн байна.

Тоглолт хойшлох болсон шалтгаан нь хамтлагийн гишүүн Megan Skiendiel-ийн биеийн байдал тааруу байсантай холбоотой аж. Тэрээр тухайн өдөр тайзан дээр гарах боломжгүй болсон тул бүрэн эдгэрч, амрах хугацаа олгох үүднээс ийм шийдвэр гаргаснаа хамтлаг албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Мөн тэд тоглолтыг үзэхээр хол зам туулж ирсэн, урьдчилан төлөвлөгөө гаргасан шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүсэж, өөрсдөө ч тэдэнтэй уулзаж чадахгүй болсондоо сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
ФЭНҮҮДИЙН БУХИМДАЛ: ЗАРИМ НЬ 5,000 АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ

Гэнэтийн мэдэгдэл хийх үед тоглолтын танхимд үзэгчид хэдийнэ цугларч, зарим нь суудалдаа байрласан байжээ. Үүний улмаас олон шүтэн бишрэгч, тэр дундаа бага насны хүүхдүүд сэтгэлээр унаж, уйлж буй дүр зураг олон нийтийн сүлжээнд тархсан байна.
Тухайлбал, Иллинойс мужаас охидынхоо хамт Детройт хотыг зорьсон Jessica Lenhardy хэмээх ээж FOX 2 Detroit-д ярилцлага өгөхдөө VIP тасалбар, замын зардал болон бусад бэлтгэлд нийтдээ ойролцоогоор 5,000 ам.доллар зарцуулсан тухайгаа ярьжээ. Тэрээр охидынхоо хамт тоглолт үзэхийн тулд ажил, сургуулиасаа хүртэл чөлөө авсан байна.
Зарим шүтэн бишрэгч тоглолтыг ийм богино хугацаанд хойшлуулсан нь зохион байгуулалтын хувьд хангалтгүй шийдвэр байсан хэмээн шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь Megan-ийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих хэрэгтэйг онцолжээ.
ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫН АСУУДАЛ ХЭРХЭХ ВЭ?

Одоогоор Детройтын тоглолтын шинэ товыг зарлаагүй байгаа бөгөөд Little Caesars Arena-ийн зүгээс үзэгчдийг тасалбараа хадгалахыг зөвлөжээ. Анхны тасалбаруудыг дахин товлогдсон тоглолтод ашиглах боломжтой бөгөөд нэмэлт мэдээллийг үзэгчдэд цахим шуудангаар хүргүүлэх аж.
Сонирхуулахад, KATSEYE хамтлагийн хувьд энэ нь “The WILDWORLD Tour”-ын хүрээнд хойшлуулсан анхны тоглолт болж байна.
Эх сурвалж: Entertainment Weekly, FOX 2 Detroit, People



532











