Аргентинд болсон Stray Kids-ийн тоглолтын өмнө 16 настай охин нас барсан талаар Аргентины хэвлэлүүд мягмар гарагт мэдээлжээ.
Охин Буэнос-Айресийн ойролцоох “Straycity” фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан Stray Kids-ийн тоглолтыг үзэхээр орж байх үедээ бие нь муудсан байна.
Талбай дээрх яаралтай тусламжийн ажилтнууд охинд анхны тусламж үзүүлсний дараа түүнийг ойролцоогоор 400 метрийн зайд байрлах Сан-Исидро хотын төв эмнэлэгт хүргэжээ. Эмч нар охиныг сэхээн амьдруулахыг оролдсон боловч чадаагүй.
Урьдчилсан задлан шинжилгээгээр охины үхэл нь гэмтэлтэй холбоогүй зүрхний дутагдлаас үүдэлтэй гэж үзжээ. Мөн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийхээр дээжүүд авсан бөгөөд нас баралтын яг тодорхой шалтгаан болон охины бие яагаад гэнэт муудсан нөхцөл байдлыг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Тоглолтыг зохион байгуулагч DF Entertainment мэдэгдэл гаргаж, талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, гэр бүлийнхэнтэй нь холбоотой байж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Энэхүү хэрэг явдал нь Stray Kids-ийн Буэнос-Айрес дахь хоёр өдрийн тоглолтын эхний өдөр буюу есдүгээр сарын 14-нд болсон байна.
Өсвөр насны шүтэн бишрэгч нас барсан талаарх мэдээлэл мягмар гарагт гарсны дараа зохион байгуулагчид талийгаачийн дурсгалыг хүндэтгэн, тоглолтын талбайн дэлгэцээр испани болон англи хэл дээр эмгэнэлийн мэдэгдэл гаргаж, үзэгчдийг нэг минутын турш дуугүй зогсохыг хүсжээ.
Bang Chan, Lee Know, Changbin, Hyunjin, Han, Felix, Seungmin болон I.N нарын бүрэлдэхүүнтэй Stray Kids хамтлаг 2018 онд JYP Entertainment-ийн дор дебютээ хийсэн бөгөөд одоогоор Латин Америкийн орнуудаар үргэлжилж буй “Straycity” фестивалийн аялан тоглолтод оролцож байна. Тус аялан тоглолт есдүгээр сарын 25, 26-нд Мехико хотод үргэлжилнэ.


188






