Өчигдөр буюу есдүгээр сарын 14-нд LE SSERAFIM хамтлаг сингл “Made My Night” дууныхаа шинэ ремикс хувилбарыг гаргасан бөгөөд уг дуунд “KPop Demon Hunters” киноны од EJAE хамтран дуулжээ.
Энэхүү хамтын уран бүтээл өндөр үнэлгээ авч байсан ч удалгүй санаанд оромгүй маргаан дэгдсэн байна.
Шинэ дуу гарсны дараахан олон нийтийн сүлжээнд EJAE нь LE SSERAFIM хамтлагийн гишүүдийн дуулах чадварыг шүүмжилж тэдний талаар таагүй зүйл ярьсан гэх мэдээлэл тархжээ.
Энэхүү яриа нь өөрийгөө Berklee College of Music-д суралцдаг хэмээн танилцуулсан нэгэн интернэт хэрэглэгчийн Weibo-д нийтэлсэн постоос үүдэлтэй байна.
Тус нийтлэлд бичсэнээр, EJAE 2024 онд Berklee-д лекц унших үеэр уг постыг бичсэн хүн тэнд байжээ. Тухайн үеэр нэгэн оюутан EJAE-д өөрийн демо дууг сонсгож, уг дуугаа LE SSERAFIM эсвэл MAMAMOO хамтлагийн гишүүн Hwasa-д өгөхөөр төлөвлөж байгаагаа хэлсэн гэнэ.
Үүний хариуд EJAE тухайн дууг эмэгтэй хамтлагт өгөхгүй байхыг зөвлөж, тэднийг “муу дуучид” хэмээн хэлсэн гэх аж. Мөн тэрээр дуу зохиогчийн хувьд уран бүтээлчийн дууны цар хүрээг анхаарч үзэх хэрэгтэй гэж хэлээд, тухайн демо дуу Hwasa-д илүү тохирно хэмээн үзсэн гэх мэдээлэл тархжээ.
Энэхүү түүх олон нийтийн сүлжээнд маш хурдан тархаж, олон шүтэн бишрэгчийн дургүйцлийг төрүүлсэн байна.

Гэхдээ уг мэдээллийг батлах ямар нэгэн нотлох баримт байхгүйгээс гадна EJAE болон LE SSERAFIM-ийн Yunjin нарын саяхан инстаграм дээр хамтран хийсэн шууд дамжуулалт ч энэ ярианы үнэн зөв эсэхэд эргэлзэхэд хүргэжээ. Учир нь EJAE уг шууд дамжуулалтын үеэр өөрийн хамтран зохиосон дууг дуулсан Yunjin-ийн хоолойг ил тод магтсан байна.


1152






