Грэммийн шагналын Азийн поп хөгжмийн шинэ төрөлд нэр дэвшээгүй К-попын томоохон төлөөлөгчид 2026 оны MAMA Awards-ын гол шагналуудын төлөө өрсөлдөж байна.
2026 оны MAMA Awards нь BTS, BLACKPINK, Stray Kids зэрэг К-попын хамгийн том төлөөлөгчдийн дунд ширүүн өрсөлдөөн өрнөх арга хэмжээ болох төлөвтэй байна. Эдгээр уран бүтээлчид 2027 оны Грэммийн шагналын шинээр бий болгосон Азийн поп хөгжмийн төрөлд багтаагүй юм.
К-попын хамгийн нэр хүндтэй хөгжмийн шагнал гардуулах ёслолуудын нэг болох MAMA Awards арваннэгдүгээр сарын 20–21-нд Японы Осака хотод цэнгэлдэхэд болно.
Даваа гарагт зарласан нэр дэвшигчдийн жагсаалтад Грэммийн шинээр бий болгосон “Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр” төрөлд нэр дэвшигчдээс илүү олон туршлагатай, олонд танигдсан К-поп од багтсан гэж хэлж болно.
Нэр дэвшигчдийг зарласан хугацаа ч онцлог байв. Учир нь тус даваа гарагт АНУ-ын Дуу бичлэгийн академи 2027 оны Грэммийн шагналын санал хураалтын эхний шатыг эхлүүлжээ.
К-попын дэлхийд алдартай хоёр хамтлаг болох BTS болон Stray Kids энэ жил Грэммийн шагналд нэр дэвшүүлэхээр уран бүтээлээ илгээгээгүй байна.
BTS хамтлагийн ийм шийдвэр нь Азийн поп хөгжмийн шинэ төрөл бий болсонтой холбоотойгоор гарсан бол Stray Kids-ийн агентлаг JYP Entertainment хамтлагийг нэр дэвшүүлэхээр материалаа илгээгээгүйг баталсан ч шалтгааныг тодруулаагүй байна.
Харин BLACKPINK хамтлагийн хувьд хоёрдугаар сард гаргасан “Deadline” мини цомгийн шалгуурт нийцсэн уран бүтээлүүд нь бүхэлдээ англи хэлээр дуулагдсан тул шинэ төрөлд өрсөлдөх боломжгүй болжээ.
Энэ онд бий болгосон Грэммийн шинэ төрөлд К-поп, Жей-поп, Си-поп зэрэг Азийн поп хөгжмийн урсгалын үзүүлбэрүүдийг хамруулах боловч уран бүтээлд Азийн дор хаяж нэг хэлийг “утга агуулгын хувьд бодитой хэмжээнд” ашигласан байх шаардлага тавьдаг. Бүхэлдээ англи хэлээр дуулсан бүтээлүүд уг төрөлд өрсөлдөх боломжгүй ч Грэммийн бусад төрлөөр нэр дэвших боломжтой.
ШАГНАЛЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН

MAMA Awards дөрвөн гол шагнал гардуулдаг. Эдгээрийг “Daesang” буюу их шагнал гэж нэрлэдэг бөгөөд оны шилдэг уран бүтээлч, оны шилдэг дуу, оны шилдэг цомог, оны шилдэг уран бүтээлчийг фэнүүдийн саналаар тодруулах шагнал багтдаг.
Мягмар гарагийн байдлаар оны шилдэг уран бүтээлч болон оны шилдэг цомгийн төрөлд нэр дэвшигчдийг зарласан бол үлдсэн хоёр төрөлд өрсөлдөгчдийг эцэслэн тодруулаагүй байв.
Оны шилдэг уран бүтээлчийн шагналд:
- BTS,
- BLACKPINK,
- Big Bang,
- Stray Kids,
- Enhypen
- Aespa хамтлагууд нэр дэвшжээ.
Тус шагналыг шүүгчдийн үнэлгээгээр 40 хувь, дотоодын болон олон улсын дижитал хөгжмийн үзүүлэлтээр 30 хувь, биет цомгийн борлуулалтаар үлдсэн 30 хувийг тооцож тодруулна.
Оны шилдэг цомгийн төрөлд:
- BTS-ийн “Arirang”,
- BLACKPINK-ийн “Deadline”,
- Stray Kids-ийн “This & That”,
- EXO-гийн “Reverxe”,
- Ateez-ийн “Golden Hour: Part.5”,
- Enhypen-ийн “The Sin: Vanish” зэрэг нийт 18 цомог нэр дэвшжээ.
Энэ төрөлд зөвхөн нэг саяас доошгүй хувь борлогдсон цомгууд өрсөлдөх эрхтэй. Ялагчийг биет цомгийн борлуулалтаар 60 хувь, шүүгчдийн үнэлгээгээр 40 хувийг тооцож тодруулна.
Нэр дэвшигчдийн жагсаалт К-попын үе хоорондын өрсөлдөөн улам нэмэгдэж байгааг ч харуулж байна. Big Bang, EXO зэрэг олон жилийн турш уран бүтээлээ туурвиж буй хамтлагууд харьцангуй хожуу дебют хийсэн шинэ үеийн уран бүтээлчидтэй зэрэгцэн нэр дэвшжээ.
АНХААРАЛ ТАТАХ БУСАД ӨРСӨЛДӨӨН

Оны шилдэг дууны шагналын өрсөлдөгчид хараахан бүрэн тодроогүй байгаа ч:
- BTS-ийн “Swim”,
- Jennie-гийн “Less Than a Lover”,
- Big Bang-ийн “BiiiG”,
- Hwasa-гийн “Good Goodbye”,
- Illit-ийн “It's Me” зэрэг бүтээлүүд хүчтэй өрсөлдөгч байж болзошгүй байна.
Шилдэг дууны эхний аравт шалгарсан бүтээлүүд оны шилдэг дууны эцсийн өрсөлдөөнд дэвшинэ.
Эхний шатны сонгон шалгаруулалтад дотоодын болон олон улсын дижитал хөгжмийн үзүүлэлтийг тус бүр 50 хувиар тооцно. Харин гол шагналын ялагчийг шүүгчдийн үнэлгээгээр 50 хувь, дижитал хөгжмийн үзүүлэлтээр үлдсэн 50 хувийг тооцож тодруулах юм.
Харин оны шилдэг уран бүтээлчийг фэнүүдийн сонголтоор тодруулах шагналыг бүхэлд нь санал хураалтаар шийднэ.
- BTS,
- Stray Kids,
- Enhypen,
- Big Bang,
- BLACKPINK зэрэг хамтлагууд энэ төрөлд нэр хүндтэй өрсөлдөгчдийн тоонд багтаж байна.
Эдгээр таван хамтлаг даваа гарагт эхэлсэн санал хураалтын эхний шатанд бүгд багтжээ. Санал хураалт аравдугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.
Эхний шатнаас хамгийн олон санал авсан эрэгтэй 20, эмэгтэй 20 уран бүтээлч хоёрдугаар шатанд шалгарах бөгөөд уг шат аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.
Эцсийн ялагчийг Mnet Plus болон X платформоор дамжуулан өгсөн саналаар, мөн шагнал гардуулах ёслолын үеэрх шууд санал хураалтыг нэмж тооцон тодруулах юм.



149











