Хиймэл оюун ухаан хөгжмийн салбарт улам бүр хүчтэй нэвтэрч буй энэ үед Австрали улс AI-аар бүтээсэн хөгжмийг албан ёсны хөгжмийн чартаас хасах шинэ журам хэрэгжүүлж эхэллээ.
Австралийн Recording Industry Association ARIAARIA наймдугаар сарын 31-нээс эхлэн бүхэлдээ эсвэл гол бүтээлч хэсэг нь generative AI-аар бүтээгдсэн дууг ARIA Charts-д оруулахгүй байхаар журмаа шинэчилсэн байна.
AI АШИГЛАСАН БҮХ ДУУГ ХОРИГЛООГҮЙ

Энэхүү шийдвэр нь уран бүтээлчид AI технологийг хөгжмийн бүтээлдээ ашиглахыг бүрэн хориглосон гэсэн үг биш юм.
Тухайлбал, дууны үгийг хүн өөрөө бичиж, гол хоолой болон хөгжмийн үндсэн хэсгийг хүн гүйцэтгэсэн бол AI-г туслах хэрэгсэл болгон ашигласан бүтээл чартад орох боломжтой.
Харин AI-аар үүсгэсэн гол хоолой, үндсэн хөгжмийн хэсэг зэрэг бүтээлийн гол элементүүд орсон бол тухайн дуу ARIA Charts-д бүртгэгдэх боломжгүй. Харин mastering, stem separation зэрэг хөгжмийн үйлдвэрлэлийн техникийн туслах хэрэгслүүдийг ашиглахыг зөвшөөрчээ.
AI ДУУ ЧАРТАД ӨНДӨР БАЙР ЭЗЭЛСЭН НЬ МАРГААН ДАГУУЛЖЭЭ
Ийм өөрчлөлт хийхэд AI-аар бүтээсэн хөгжмийн бүтээл бодит уран бүтээлчдийн дуутай ижил нөхцөлөөр чартад өрсөлдөж эхэлсэн явдал нөлөөлсөн байна.
2026 оны долдугаар сард Австралийн DJ Josh Fawaz-ийн AI ашиглан бүтээсэн Madonna-гийн “Like a Prayer” дууны хувилбар Австралийн радиогоор хамгийн их тоглогдсон дуу болж, ARIA-ийн хоёр чартад дөрөвдүгээр байрт хүрсэн байна.
Энэ үйл явдал нь “AI-аар бүтээсэн дуу хүний бүтээлтэй адилхан хөгжмийн чартад өрсөлдөх ёстой юу?” гэсэн асуултыг дахин хөнджээ.
УРАН БҮТЭЭЛЧИД AI АШИГЛАСАН ЭСЭХЭЭ МЭДҮҮЛНЭ

Шинэ журмын дагуу уран бүтээлчид дуугаа ARIA Charts-д бүртгүүлэхдээ generative AI ашигласан эсэхээ мэдүүлэх шаардлагатай болсон байна.
Хэрэв чартад багтсан дуу шинэ шалгуурыг хангаагүй нь дараа нь тогтоогдвол ARIA тухайн бүтээлийг чартаас хасах, байрлалыг нь өөрчлөх, цаашлаад олгосон шагналыг буцаах боломжтой.
Ийнхүү хиймэл оюун ухаан хөгжмийн ертөнцөд шинэ боломжуудыг бий болгож байгаа ч “Хүний бүтээл гэж юуг хэлэх вэ?”, “AI-г ямар түвшинд ашиглавал тухайн дууг AI бүтээл гэж үзэх вэ?” гэсэн асуултууд улам бүр чухал болж байна.


4344






