НАМЖИЛ хүү ЦАРЦАА нэртэй болсны учир...


Бизнес мэдээ | YOLO.MN
2017-02-03

Бурхны оронд гурван жил шавилан суусан Намжил хүү эрдэм сураагүй тул номын багшийнхаа захиснаар замдаа тааралдсан бүхнийг тогтоож цээжилж явдаг. Тогтоосон бүхэн нь эргээд түүнд тус болж, амийг нь авардаг тухай монгол ардын “Царцаа Намжил” үлгэрт өгүүлдэг билээ.

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэхүү үлгэрээс сэдэвлэн бичсэн "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг тайзнаа  тоглох гэж байна.

Намжил хүүд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар өгүүлэх энэхүү жүжгийн нээлт энэ ням гараг буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр 13:00 цагт болох юм. Тус жүжгийн найруулагч, СУИС-ийн багш Б.Хишигзаяатай ярилцлаа.

Тэрбээр “Лусын дагина”, “Онц сурлагатнууд орохыг хориглоно”, “Их ид шидтэн”, “Солгой харандаа”, “Ногун: Галт чулууны нууц”, “Бурханд илгээсэн захидал” зэрэг хүүхдийн жүжгийн найруулагчаар ажиллаж байсан туршлагатай билээ.

YOLO: Хүүхдэд зориулсан бүтээлийн төслийн уралдаанд таны  бүтээл шалгарсан байна. “Царцаа Намжил” үлгэр таны анхаарлыг юугаараа татсан бэ?
Улсын драмын эрдмийн театрт 2008 онд  анх “Лусын дагина”, 2009 онд “Онц сурлагатнууд орохыг хориглоно” зэрэг жүжгүүд дээр хамтарч ажиллаж байлаа. Энэ жил “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг хийх завшаан боломж олдсонд баяртай байна.  Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг, үүний цаана үүрэг хариуцлага байгаа учраас би их хичээж ажиллаж байна.

Монгол үлгэрүүд дотроос “Царцаа Намжил” баялаг гүн гүнзгий санааг илэрхийлсэн үлгэр шиг санагдсан. Амьдралын ухааныг хүүхдэд ойлгуулах чухал ач холбогдолтой. Царцаа Намжил сурах үедээ сурч чадаагүй хэрнээ дараа нь амьдралтай нүүр тулгараад  сурахгүй бол болохгүй нь гэдгийг ойлгосон. Тэрээр замдаа тааралдсан бүхнээ тогтоож,  тогтоосон зүйл нь эргээд амийг нь авардаг.

Энэ үлгэрийн үзэгдэл болгон олон гүн гүнзгий санааг илэрхийлсэн байгаа нь надад маш сонирхолтой санагдсан. Царцаа Намжил бурхны оронд эрдэм сурахаар явахдаа юу ч сураагүй. Өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд хүүхдээ аль болох сайхан орчинд сургаж, бүх юмыг нь бэлдэж өгөөд байхад зарим хүүхэд эрдэм сурахгүй, буруу зүйл сурдаг тохиолдол ч их байна.

YOLO: Намжил хүү яагаад Царцаа нэртэй болчихов?
Царцаа гэдэг амьтан тогтсон буух цэгээ мэдэхгүй үсэрч дэвхэрдэг. Монгол ардын үлгэр гүн утгатай гэдэг нь энүүгээр илэрхийлэгдэж байна. Дэвхэрч, цовхорсон, хөдөлгөөн нь тогтоогүй, анхаарал нь төвлөрдөггүй, сууж чаддаггүй хүүхдүүдийн төлөөлөл. Монголчууд эрт дээр үеэс  адилтгал, зүйрлэлийг амьдрал ахуйдаа хэрэглэдэг байсан. Бие биеэ ахуй байдал, дотоод сэтгэлээр нь хочилдог, мэргэн цэцэн, юмны голчийг олж тодорхойлж чаддаг байсны нэг хэлбэр юм.

YOLO: Энэ жүжгийг үзээд хүүхдүүд юу ойлгоосой гэж  хүсч байна вэ?
Жүжгийн гол үндсэн санааг “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” хэмээх монгол ардын сайхан зүйр үгээр тодорхойлсон.  Хүүхдүүд үзээд би эрдэм ном сурах ёстой юм байна, цагийн юмыг цагт нь сурахгүй бол болдоггүй юм байна гэдгийг ойлгох болов уу. Эрдэм мэдлэг гэдэг нь багшийн зааснаас гадна амьдралд тохиолдох юу ч байж болох юм. Өөрт хэрэгтэй бүхнийг тогтоож, цээжилж, өөрөө  чаддаг болсон байх нь эрдэм юм. Хэлэх санаа маш олон бий.

YOLO: Царцаа Намжилд жүжигчин Б.Золжаргал тоглож байна. Тухайн дүрд тохирох жүжигчнээ сонгохын тулд багагүй эрэлхийлэл хийсэн болов уу?
Найруулагч болгон жүжгээ тавих сэдэл нь төрөөд, тэр жүжгийг бодож шаналаад сэтгэл оюундаа тээгээд явж байхдаа жүжигчдээ хайгаад явдаг. Б.Золжаргал бол хөдөлгөөн, сэтгэхүйн хувьд тодорхой түвшинд өөрийгөө таниулж нээж чадсан, Царцаа Намжилын дүрд тохирч, энэ жүжгийг нуруун дээрээ аваад явчих чадалтай жүжигчин гэж бодож байна. Өөрөө олон янзын хувиралттай, сэтгэхүйн өөрчлөлтүүдэд хувирч чадахаар жүжигчин. Ялангуяа “Ромео Жульетта” жүжигт хөгжиж, задарч чаддаг гэдгээ нотолж чадсан. Дотоод мөн чанар, гадаад бие сэтгэхүй, жүжигчний өөрийнх нь хувийн дэг жаяг, зарчим гээд бүх талыг нь харж Б.Золжаргалыг сонгосон.

YOLO: Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

"ЖИЖИГ ГЭЛТГҮЙ АЛИВААГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙЖ СУРАХ НЬ ЦААШДЫН АМЬДРАЛД ХЭРЭГТЭЙ"

Царцаа Намжилд тоглож буй жүжигчин Б.Золжаргал

Царцаа Намжилын дүрд тоглож буй жүжигчин Б.Золжаргалтай ярилцлаа.

YOLO: "Царцаа Намжил" жүжгийн гол дүрд тоглож байгаад баяр хүргэе! Өмнө нь "Ромео Жульетта" жүжгийн Бенволио, саяхан "Жаргаагүй нар" жүжгийн Цагдоржид тоглосныг үзэгчид мэдэх байх. Хүүхдийн жүжигт тоглох ямар байна вэ?
-Баярлалаа. Би 2014 оны хоёрдугаар сараас УДЭТ-ын студи ангид сонгон шалгаруулалтаар тэнцэж ороод ажиллаж байна. 2017 оны ажлын эхний өдөр маш урамтай эхэлсэн. Нэгдүгээр сарын 2-нд манайхан цуглаад театрын  шинэ жүжигт ажиллана гээд дүр хуваарилах болсон юм. Тэгтэл надад Царцаа Намжилын дүр дээр ажиллах санал тавьсан. Маш их баяртай байна. 2017 он  үр өгөөж, аз хийморио өгсөн сайхан жил байх болно гэж билэгшээж байгаа.

Миний хувьд өмнө нь УГЗ Ч.Найдандорж найруулагчийн сэргээж тавьсан “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн  Отгоолойгийн дүр дээр ажиллаж байлаа. Анхны маань гол дүр байсан юм. Бас зарим жүжгүүдийн дүр нөхөлтүүдэд тоглож байсан. 2015 онд “Ромео Жульетта”-гийн Бенволиогийн дүр дээр ажилласан.

Харин хүүхдийн жүжгийн хувьд анхных биш л дээ. 2011 онд СУИС төгсөөд манай анги удирдсан багш Б.Мөнхдорж Хүүхдийн театр байгуулаад тэндээ хэд хэдэн хүүхдийн жүжиг дээр ажиллаж байсан болохоор харьцангуй надад ойр санагдсан. Мэдээж амар юм байхгүй.  Хүүхдийн жүжиг гэхээр хүмүүс амархан гэж ойлгодог.

YOLO: Намжил хүүгийн дүр өөрт тань хэр ойр байна вэ?
-Царцаа нисээд буух газраа мэддэггүй гэдэг шиг анги ангид л тийм хүүхэд байдаг байх. Манай  ангид ч тийм хүүхдүүд байдаг байлаа. Тэдний тоонд би өөрөө ч ордог, үймүүлээд, сууж чаддаггүй хүүхэд байсан. Тэрэнтэй адилаар царцаатай зүйрлэж хэлсэн юм болов уу гэж боддог. Мунхаг тэнэг биш, харин анхаарал нь өөр зүйлд төвлөрдөг, өөрийн сонирхсон юмаа хийдэг хүүхдийг хэлсэн болов уу. Найруулагч Б.Хишигзаяа намайг оюутан байхад ассистент багш байсан учраас заавар зөвлөгөөг нь авч ажиллахад илүү ойр, дөхөм байсан.

Царцаа Намжилыг багадаа уншиж, үзэж байсан байх. Одоо өөрөө тоглож байгаа болохоор утга санааг нь илүү сайн ойлгож байгаа болов уу?
-Жижиг гэлтгүй аливаа юмыг чин сэтгэлээсээ хийж сурна гэдэг цаашдын амьдралд хэрэгтэй. Чин сэтгэлээсээ хогоо шүүрдээд, гутлаа үдээд сурчихвал тэр нь эрдэм юм. Намжил гэдэг хүүд амьдралд нь зайлшгүй шаардлага гарсан болохоор замд таарсан болгоныг цээжлээд явж байсан. Тэр нь цаашдынх нь амьдралд хэрэг болох юм гэдгийг харуулдаг.

YOLO: Хамтран ажиллаж буй уран бүтээлчдээ танилцуулахгүй юу?
-Жүжигт тоглож буй МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Оюундарь, СТА С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд зэрэг театрын ахмад уран бүтээлчид болон ах эгч нар маань зааж зөвлөөд, тэднээсээ суралцаад явж байна. Театрын хамт олон болон ах эгч нар, найруулагч Б.Хишигзаяа багшдаа маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Манай хамтлаг гэж хэлж болох Э.Тодгэрэл, Б.Шинэбаяр хоёр маань бас тоглож байгаа. Нэг нь муур,  нөгөө нь онгироо сүүлгүй хулгана гэсэн хоёр дүр дээр ажиллаж байна. Бид гурав ээлжлээд бие биедээ хоол авчирч, нэг ам бүл шиг бие биедээ халамж тавиад ажиллаж байна даа.

YOLO: Баярлалаа. Амжилт хүсье!

#Freetime #teenagers