"Хүн аалз" цувралын шүтэн бишрэгчид Гиннесийн дээд амжилт тогтооно


Д.Төгөлдөр | YOLO.MN
2023-10-31

"Хүн аалз" цувралын Аргентин дахь олон зуун шүтэн бишрэгчид Буэнос-Айрес хотын Обелискийн талбайд цугларч Гиннесийн амжилт тогтоох гэж оролдов. Тодруулбал тэд хамгийн олон хүн аалзны хувцас өмссөн дээд амжилтыг эвдэх гэж оролдсон байна. Буэнос-Айрес хотын Обелискийн талбайд болсон арга хэмжээнд Аргентины өнцөг булан бүрээс гадна Уругвай, Чили зэрэг улсаас "Хүн аалз" цувралын шүтэн бишрэгчид оролцсон байна. Зохион байгуулагчдын мэдээлж буйгаар нийт 1000 гаруй хүн оролцсон гэв. 

Хүн аалзны хувцас өмссөн хүмүүсийн хамгийн том цугларалтын дээд амжилтыг Малайз улс эзэмшдэг юм. Энэ оны зургаадугаар сард зохион байгуулсан тус арга хэмжээнд 685 хүн оролцож байжээ. 

Буэнос-Айрес хотын Обелискийн талбайг дүүргэсэн олон хүн цугларсан ч өнөөгийн дээд амжилт болох 685 хүн аалз гэсэн тоог эвдэж шинээр тогтоосон гэдэг нь одоогоор албан ёсоор баталгаажаагүй. Зохион байгуулагчдын зүгээс бүх оролцогчдын нэрийг бүртгэж, улмаар шинэ дээд амжилтаа бүртгүүлэхээр Гиннесийн хороо руу хүсэлтээ явуулаад байгаа аж.

#мэдээ