Энэ оны шилдэг видео тоглоомуудыг хөгжүүлэгчид гэртээ бүтээжээ


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-10-30

Байлдан дагуулж буй “Spider-Man 2” видео тоглоомд түм түжигнэсэн Нью-Йорк хот, ажилдаа очихоор метронд чихэлдэх завгүй ажилтнуудыг харуулдаг. Энэхүү тоглоомыг бүтээсэн ажилтнуудын дийлэнх нь үүнээс огт өөр нөхцөлд буюу гэрээсээ бүтэн цагаар ажилласан аж.

Дэлхий даяар салбар салбарын компаниуд ажилтнуудаа оффистоо эргэн ирэхийг шаардаж эхлээд байгаа бөгөөд видео тоглоомын зарим компаниуд ч энэ журмыг дагаж буй. Тухайлбал: “Activision Blizzard”, “Roblox” зэрэг томоохон видео тоглоом хөгжүүлэгчид ажилтнуудаа долоо хоногт хамгийн багадаа гурван удаа оффистоо ажиллах шаардлага тавьсан байна.

“Roblox”-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Басзуки энэ сарын эхээр “Хамтдаа байснаар компанийн соёл батаждаг”, мөн “Оффист ажилласнаар илүү их шинэлэг санаачилга төрж, үнэт зөвлөгөө хүргэгддэг гэдэгт итгэдэг”-ээ ажилтнууддаа илэрхийлж байжээ. Видео тоглоомын салбарт алсын зайнаас ажиллахыг эсэргүүцдэг хүмүүсийн хувьд виртуал орчинд ажиллах нь нүүр нүүрээ харж, хамтран ажилладаг шиг бүтээлч байж чадахгүй гэсэн бодолтой байдаг аж.

Гэтэл зарим компаниуд үүний эсрэгээр ажиллаж амжилтад хүрчээ. 2023 оны хамгийн шилдэг видео тоглоомуудыг голдуу гэртээ суусан, унтлагын хувцастай нөхөд бүтээжээ. “Spider-Man 2” тоглоомын хувьд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй “Sony”-ийн “PlayStation” студийн борлуулалтыг шинэ дээд түвшинд хүргэсэн байна. Харин үүнийг зохион бүтээсэн баг нь гэрээсээ ажиллах боломжоор хангагдсан аж.

Тэрхүү тоглоомыг бүтээсэн, “Sony”-ийн эзэмшдэг “Insomniac Games” компани цар тахлын үеэр ажилтнуудаа гэрээсээ ямар ч үед ажиллаж болох зөвшөөрөл өгсөн юм. Ингэснээр зарим ажилтнууд нь компанийн төв оффис байрладаг Калифорни мужийн Бурбанк хотоос нүүсэн бол зарим нь Лос-Анжелес хотын  ойролцоо байж, оффис дээрээ дуртай үедээ ирж очдог байна. Түүнчлэн “Sony”-ийн видео тоглоомын студиуд дор бүрнээ алсын зайнаас ажиллах журмаа өөрсдийнхөөрөө гаргах боломжтой байдаг аж.

Энэ оны бас нэгэн шилдэг тоглоом болох “Star Wars Jedi: Survivor”-ийг бүтээсэн “Electronic Arts” компани ч мөн багтаа үүнтэй ижил бодлого явуулсан бөгөөд тоглоом зохион бүтээгчид нь дуртай газраасаа ажилласан байна. Бага зэргийн алдаануудыг эс тооцвол тус тоглоом өндөр үнэлгээ авч, дөрөвдүгээр сард видео тоглоомын борлуулалтын жагсаалтыг тэргүүлж байсан юм.

 

#мэдээ