Зүүн Азийн Залуучуудын Наадмыг сурвалжлахаар өсвөрийн сэтгүүлчид ажиллаж байна


YOLO.mn | YOLO.MN
2023-08-18

Алтан хараацайн наадам анх удаа Улаанбаатар хотноо энэ сарын 16-23-ны өдрүүдэд болж байна. Зүүн Азийн Залуучуудын анхдугаар наадам гэдэг утгаар өнөө жилийн нэг том онцлог нь  спорт шимтэн сонирхогч хүүхэд залуусын дунд “Өсвөрийн сурвалжлагчдын хөтөлбөр”-ийг зарласан юм.

Нийт гурван үе шаттай үргэлжилсэн тус хөтөлбөрт Монголоос хоёр сурагч, Тайвань улсаас мөн хоёр сурагч шалгарчээ. Зүүн Азийн Залуучуудын Наадмыг сурвалжлах өсвөрийн сэтгүүлчид туршлага судлахаар  Gogo.mn сайтын өдөр тутмын үйл явцтай танилцаж, зөвлөгөө авлаа. 

 

Тайвань улсын  ахлах сургуулийн сурагч Ma Jen-Tso: Тэрээр Монголд анх удаа ирж буй бөгөөд багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, спортод хорхойссон. Мөн спортын сэтгүүлч болох хүсэлтэй түүний хувьд танилцаж буй анхны хэвлэл мэдээллийн байгууллага нь  Gogo.mn  байв.  

Тайвань улсын  ахлах сургуулийн сурагч Wang Yi-Tong : Монголд анх удаа ирж буй Wang Yi-Tong  бадминтон, хоккейн спортоор 6 жил гаруй хичээллэсэн. Тэрээр Gogo.mn-тэй танилцах явцдаа ирээдүйд сэтгүүлч болбол юун дээр анхаарч өөрийгөө бэлдэх хэрэгтэй зэрэгт хариулт авч чадсан гэдгээ хэллээ.  

Хөтөлбөрийн өрсөлдөөнт шалгуурт  12-р ангийн сурагч Б. Нямхишиг, Б.Энэрэл  нар тэнцжээ. 

Шинэ Эрин сургуулийн 12 -р ангийн сурагч Б.Энэрэл: Би уран зохиолын хичээлдээ дуртай мөн воллейболын спортоор хичээллэдэг учир багш маань энэ хөтөлбөрт бүртгүүлэхийг санал болгосон. Тамирчдын гаргасан амжилт, оролцож буй тэмцээн бүрийн цаана уйгагүй тэмцэл мөн асар их золиос байдаг учир түүнийг л онцлон сурвалжилмаар байна. Миний хувьд спортоор хичээллэснээр бие болоод сэтгүүл зүйн хувьд маш эерэг өөрчлөлт гарсан.  Тийм учир тамирчидтай ярилцахад дөхөм байх болно. Энэхүү хөтөлбөрт тэнцсэнээр би өөрийгөө илэрхийлэх болоод бусадтай харилцахдаа илүү нээлтэй байхад суралцана. 

Нэгдүгээр сургуулийн  12-р ангийн сурагч Б. Нямхишиг:  Би бадминтоны спортоор сонирхон хичээллэдгээс гадна спортын сэтгүүлч болох хүсэлтэй. Тийм учраас энэ хөтөлбөрт өөрийгөө зуун хувь тохирно гэж бодон эсээгээ илгээсэн. Нэг спортыг шимтэж эхлэхэд бүх л спорт анхаарал татаж хэдэн цагаар ч хамаагүй үзээд суучихдаг. Спорт шимтэн сонирхогчийн хувьд  Зүүн Азийн Наадмыг дэргэдээс нь үзэж сурвалжлах болсондоо маш их баяртай байна. 

Сурагчдад Зүүн азийн залуучуудын анхдугаар наадам шинэ содон санагдахын сацуу арвин их туршлага хуримтлуулах том боломж гэдгийг онцолж байлаа.  

#мэдээ