"Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн тэмцээн 2023" эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
2023-02-13

Хүүхдийг Ивээх Сан, Хөгжлийн шийдэл ТББ хамтран Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэн олон улсын уралдаанд оролцуулж байна. Энэхүү уралдааныг Япон Улсын “Center for Entrepreneurship Development” төвөөс олон улсын түвшинд зохион байгуулдаг ба өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм.

2023 онд GYEC уралдааныг Монгол улсын 21 аймаг болон нийслэлийн ахлах ангийн бүх сурагчдын дунд монгол, англи хэлний сонголттой, хоёр үе шатаар зохион байгуулна.

  1. Эхний шатанд шалгарсан багууд энтрепренершип ур чадвар олгох дөрвөн удаагийн онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдан Улсын тэмцээнд өрсөлдөнө.
  2. Монгол хэл дээрх улсын тэмцээнд шалгарсан баг өргөмжлөл, багийн гишүүн тус бүр сертификат гардан авна.
  3. Англи хэл дээрх улсын тэмцээнд шалгарсан гурван баг “Global Youth Entrepreneurship Challenge – 2023” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрх авна.

Улсын болон олон улсын тэмцээний үеэр сурагчид багаар хуваагдан, өгөгдсөн сэдвийн дагуу 12 цагийн дотор бизнес санаагаа боловсруулж, бизнес төлөвлөгөө бичин, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний загвар гарган өрсөлдөнө. Мөн тус бүтээгдэхүүнээ амжилттай бизнес болгох төлөвлөгөөгөө бичгээр болон видео хэлбэрээр олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулах юм.

Хэн оролцох боломжтой вэ?

  • 14-19 насны ахлах ангийн сурагчид (Баг бүр 3-8 гишүүнтэй байна)

Хэрхэн оролцох вэ?

Бидний амьдралыг сайжруулах шинэлэг санаа танилцуулсан 1 минутын минутын видеог бүртгэлийн хуудсын хамт доорх цахим хуудас руу илгээнэ. (Бэлтгэсэн видеогоо Google drive, YouTube зэрэг платформууд дээр байршуулан линкийг хуваалцсан хүн бүр үзэх боломжтой тохиргоогоор байршуулах ба видео нь 1) Багийн гишүүдийн танилцуулга 2) Асуудал 3) Шийдэл гэсэн бүтэцтэй байна.)

ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Чухал огноо

  • 2-р сарын 19:  Багууд материалаа ирүүлэх сүүлчийн өдөр
  • 3-р сарын 6:  I шатны шалгаруулалтын дүн зарлана 
  • 3-р сарын 11,18,25 ба 4-р сарын 1: цахим сургалт
  • 4-р сарын 8: Үндэсний тэмцээн (Англи хэл, Монгол хэл дээрх тэмцээн)
  • 4-р сарын 12:  Шалгарсан багууд олон улсын тэмцээнд бүртгүүлэх өдөр
  • 5-р сарын 27:  Олон улсын тэмцээн

Сонирхож байгаа багууд I шатны сонгон шалгаруулалтын бүртгэлийн хуудсаа 2 дугаар сарын 19-ны 20.00 цагаас өмнө zagdragchaa.ser-od@savethechildren.org и-мэйлээр илгээнэ үү. Багууд үндэсний хэмжээнд уралдаанд оролцох бол видеогоо монгол хэлээр, харин олон улсад өрсөлдөх бол англи хэл дээр бэлтгэн илгээнэ.

#Мэдээ