Энэ хичээлийн жилд мөрдөж эхлэх шинэ ЖУРМУУД


Б.Нямдарь | YOLO.MN
2021-09-01

Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна.

Цар тахлын үед нээж буй 2021-2022 оны хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургалтын орчинд мөрдөгдөх зарим онцлох дүрэм журмыг хүргэж байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД МӨРДӨХ ЖУРАМ, ЗӨВЛӨМЖ

Ямар тохиолдолд сургуулийн сургалтыг цахимд шилжүүлэх вэ?

- Вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхэдтэй ангид нэг хүүхэд халдвар авсан тохиолдолд долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ. Ингэхдээ цэцэрлэгтэй адилаар зургаа дахь хоногт хүүхдүүдээс PCR шинжилгээ авч, сөрөг гарсан нь танхимын сургалтдаа сууна.
- Вакцинд хамрагдсан 12-оос дээш насны хүүхэдтэй ангид гурван хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаанд зайн сургалтаар хичээллүүлнэ.
- Өөр хоорондоо хамааралтай гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл сургуулийг бүхлээр нь долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ.

Нэг өдрийн хичээлийн үргэлжлэх хугацаа, давтамж

- 1-2-р ангийн нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 30 минут, нэг өдөрт дөрвөн хичээлээс хэтрэхгүй,
- 3-12-р ангийн сурагчид өдөрт нэг хичээлийг 35 минут, таван хичээлээс хэтрэхгүй байхаар тогтжээ. Хичээл эхлэх, дуусах цагийн хуваарийг анги бүрд ялгаатай байлгана.

ЕБС-иуд халдвар хамгааллын дэглэм мөрдөх зөвлөмж

- Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө сургалтын байгууллагын удирдлагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргаж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах
- Байгууллагынхаа ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх
- Хичээл сургалтын болон дотуур байранд ариутгал халдваргүйтгэлээс гадна мэрэгч амьтан, шавжны устгал хийлгэх
- Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгийн зориулалтаар ашиглагдсан сургууль, цэцэрлэгүүд ариутгал, халдваргүйтгэл хийлгэхдээ онцгой анхаарах
- Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад багш ажилтан, суралцагч, дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгийн байгууллагад шилжүүлэх хүртэл хугацаанд тусгаарлах байрыг бэлтгэх
- Цэвэрлэгээ үйлчилгээний бодис, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх
- Анги танхим, дадлагын газар, хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байлгах
- Нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд суралцуулах
- Дотуур байранд нэг оронд ногдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулах
- Боловсрол, сургалтын байгууллагад бөөгнөрөл үүсэхгүй байхаар орох, гарах урсгалыг зохион байгуулах
- Анги танхимд дулааны улиралд цаг тутамд 15 минутын турш энгийн салхивчийг нээж агаар сэлгэх, өвлийн цагт механик агааржуулалтын системийг тогтмол ажиллуулах зэрэг зөвлөмжийг мэргэжлийн хяналтын байгууллагаас өгчээ.

Цэцэрлэг, сургуульд сэжигтэй тохиолдол илэрвэл авах арга хэмжээ

Танхимаар хичээллэх үед сургууль, цэцэрлэг дээр сэжигтэй тохиолдол илэрсэн эсвэл халдварын тохиолдол батлагдвал сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнууд эрүүл мэндийн байгууллага хамтран батлагдсан заавар журмыг мөрдөж ажиллана.

Тухайлбал, хүүхдийн шинж тэмдэг хөнгөн байгаа үед эцэг эхэд нь мэдэгдэж гэр рүү нь буцаах, хүнд тохиолдолд эмчид мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллага руу шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа хэлсэн. Хэрэв багш, ажилтан, оюутан, сурагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн бол харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хүртэлх хугацаанд түр тусгаарлах өрөөнд байлгах зөвлөмжийг хүргүүлснийг НМХГ-аас мэдээлсэн.

Харин эцэг, эхчүүд хүүхдэдээ амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн, халуурсан, хоолой өвдсөн, суулгаж гүйлгэх шинж тэмдэг илэрсэн үед ангийн багш болон сургуулийн холбогдох шатны хүмүүст мэдэгдэж, сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн.

ЗААВАЛ МӨРДӨХ БУСАД НИЙТЛЭГ ШААРДЛАГА

- Сургууль бүрд тандалт судалгаа хийх, хавьтал тодорхойлох баг ажиллана
- Хувцас солих өрөөнд эцэг эх, асран хамгаалагчдыг олноор нь бөөгнөрүүлэхгүй байхаар зохицуулна
- Угааж цэвэрлэхэд хялбар цөөн тооны тоглоом хэрэглэх
- Хүүхдийн тоглоом хичээлийн хэрэгслийг оройд угааж цэвэрлэх
- Хүүхдүүдэд коронавирусийн халдвараас сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг сайн хийх
- Эцэг эх, багш, сурагчдыг хамруулсан олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй бөгөөд эцэг эхийн хурлыг зөвхөн цахимаар хийнэ
- Үйл ажиллагаа эхлэх болон тарах цагийг 10-15 минутын зөрүүтэйгээр зохион байгуулах
- Цэцэрлэгийн хүүхдийг унтуулахдаа "хөл- толгой" зарчим баримтална
- Сурагчдын шинээ хоорондын зай 1-1.5 метр байхаар зохицуулна
- Хамтдаа хэрэглэдэг хичээлийн хэрэгслийг заавал орой угааж, цэвэрлүүлэх
- Сурагчдаар ангийн цэвэрлэгээг хийлгэхгүй байх бөгөөд сургууль дээр байх цагийн аль болох бага түвшинд байлгана
- Ариун цэврийн өрөөг ашиглах хуваарь гаргах
- Дулааны улиралд цонх, салхивчийг байнга онгорхой байлгах бөгөөд хичээл эхлэхээс өмнө бүх сургууль, цэцэрлэгт өвөл ажиллуулах механик системийг нь шалгаж тохируулна
- Хүүхдийг гэр сургууль гэсэн маршрутаас өөр газраар дагуулж явахгүй байх
- Цэцэрлэг дээр тусгай дугаарын утас ажиллуулах
- ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид масктай байх бол цэцэрлэгийн хүүхэд маскгүй байна. Гэхдээ энэ асуудлыг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулж өөрчилж болно.

Эх сурвалж: ЭМЯ, БШУЯ, НМХГ

#Боловсрол #Журам #Ковид