Үндэсний тагнуулын академийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна


О.Хандмаа | YOLO.MN
2021-05-19

Үндэсний тагнуулын академийн бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2021-2022 оны хичээлийн жилд элсэхийг хүсэгчдийн бүртгэл үргэлжилж байна.

Зургийг gogo.mn-ээс

ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР:

1. Монгол Улсын иргэн байх; 
2. Бүрэн дундаас доошгүй боловсролтой буюу ЕБС-ийн төгсөх ангийн сурагч байх;
3. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2019 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 500 ба түүнээс дээш оноо авсан байх;
4. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн бол тухайн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх;
5. Эрэгтэй, 17-22 хүртэлх настай, 170 см-ээс доошгүй өндөртэй;
6. Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
7. Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сэтгэцийн хувьд эрүүл байх;
8. Ял шийтгэгдэж байгаагүй;
9. Нэмэлт шалгалтад тэнцсэн байх /элсэхийг хүссэн иргэний материал, судалгааны дүнг үндэслэн шаардлага хангасан иргэнтэй холбогдож нэмэлт шалгалтад оруулна/;
10. Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлөө өөрийн гараар бичиж ТЕГ-т гаргах ба өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичих/;
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/;
5. Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэрийн намтар/;
6. Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
7. Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг;
8. Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
9. ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар;
10. Анги удирдсан багшийн тодорхойлолт;
11. Эссэ /суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.

Элсэхийг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор авчирч өгнө үү. /Орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болно/.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

#Боловсрол #Бакалавр #Тагнуул