Кпопын эргэн тойронд: Хамгийн алдартай ЭМЭГТЭЙ хамтлагууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-05-10

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ХАМГИЙН АЛДАРТАЙ ЭМЭГТЭЙ ХАМТЛАГ

Өмнөд Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэнгээс сар бүр тухайн сардаа брэнд болж, олон нийтийн дунд алдаршсан хамтлаг, дуучин, жүжигчин, хөтлөгч зэрэг энтертайнмент салбарын шилдгүүдийг нэрлэдэг уламжлалтай. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн дундах нэр хүнд, идэвхтэй байдал зэрэг олон зүйл дээр үндэслэн тодорхойлдог аж. Мөн уг жагсаалтаас эмэгтэй уран бүтээлчид ямарваа нэг брэндэд эерэг эсвэл сөргөөр нөлөөлөх, тухайн брэндийг хэрэглэгчдэд хүргэж чадах эсэхийг тодорхойлдог байна. 

Ийнхүү тус байгууллагаас эмэгтэй хамтлагийн дөрөвдүгээр сарын нэр хүндийн жагсаалтыг танилцуулжээ. Энэ сард Brave Girls хамтлаг анх удаа уг жагсаалтыг тэргүүлсэн байна. Жагсаалтын эхний аравт:


1. Brave Girls

2. BLACKPINK

3. Oh My Girl

4. TWICE

5. STAYC

6. Red Velvet

7. ITZY

8. GFRIEND

9. MAMAMOO

10. WJSN


B.I ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

iKON хамтлагийн ахлагч асан B.I тун удахгүй бүрэн хэмжээний цомог гаргах гэж буйгаа мэдэгджээ.

Тэрээр цомгийнхоо нэг дууг урьдчилж олны хүртээл болгох бөгөөд уг дуу нь тавдугаар сарын 14-нд цацагдах юм байна. Харин бүрэн хэмжээний цомог нь тавдугаар сарын 31-нд худалдаанд гарах аж.

B.I гуравдугаар сард “Midnight Blue” нэртэй цомог гаргасан бөгөөд энэ цомгоосоо олсон бүх орлогоо Дэлхийн Зөн олон улсын байгууллагад хандивлажээ.

CHA EUN WOO ШҮТЭН БИШРЭГЧИДТЭЙГЭЭ ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙНЭ

Кпоп оддын хувьд “фэн-уулзалт” буюу шүтэн бишрэгчидтэйгээ тусгайлан уулзаж гарын үсгээ өгөх, ярилцах, хөгжилтэй тоглоом тоглох зэрэг нь бараг л тогтсон үзэгдэл юм. Гэсэн хэдий ч коронавирусийн улмаас уулзалт, тоглолт хийх боломжгүй болсон тул ихэнх хамтлаг, дуучид онлайн тоглолтыг илүүд үзэх болжээ. Иймээс ASTRO хамтлаг онлайн тоглолт хийсэн билээ.

Харин тус хамтлагийн гишүүн Cha Eun Woo тун удахгүй шүтэн бишрэгчидтэйгээ онлайн уулзалт дахин хийхээр болжээ. Уулзалт дөрвөн төрлийн сонголттой бөгөөд түүний шүтэн бишрэгчид дэлхийн хаанаас ч холбогдох боломжтой гэдгээрээ онцлог. Тасалбар нь 38,500 вонын үнэтэй байна.

Та бүхэн тасалбар болон уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

BAMBAM “ABYSS” КОМПАНИТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН ШАЛТГААНАА ХЭЛЭВ

GOT7 хамтлагийн гишүүн Bambam саяхан Abyss компанийн уран бүтээлч болсон билээ. Түүний Abyss компанитай гэрээ хийсэн хамгийн том шалтгаан нь дуучин Sunmi байсан гэнэ.

Bambam хамгийн анх JYP энтертайнменттай гэрээ хийхдээ Sunmi-тай танилцсан бөгөөд төрсөн эгч дүүсээс дутахааргүй дотно болжээ. Хэдийгээр Sunmi JYP энтертайнментийг орхисон боловч Bambam түүнтэй холбоотой байж, анхаарал тавьдаг байжээ. Харин GOT7 хамтлаг JYP энтертайнменттай хийсэн гэрээгээ дуусгавар болгосны дараа Bambam Sunmi-тэй утсаар холбогдон зөвлөгөө авсан байна. Ийнхүү Sunmi Abyss компанийг санал болгож, Bambam зөвшөөрснөөр тэд дахин нэг компанид харьяалагдахаар болжээ.

Эх сурвалж: Koreaboo, Soompi

#Кпопын эргэн тойронд