NETFLIX: Англи хэлний мэдлэгээ сайжруулахад тань туслах цувралууд


Аливаа хэлийг сурахад биднээс багагүй хэмжээний сахилга бат, хичээл зүтгэл шаардагддаг боловч чөлөөт цагаараа үзэх киногоороо дамжуулан шинэ мэдлэг, шинэ соёл, шинэ үг сурч бас болдог шүү дээ. 

Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ аль болох олон салбарын үг, хэллэг бүхий цувралуудыг санал болгож байна. 

1. “SENSE 8”

Бие биенээ огтхон ч танихгүй найман хүн оюун ухаанаараа холбогдох бөгөөд тэднийг дэлхийд аюул учруулж болзошгүй хэмээн үзэж буй хүмүүсийн эсрэг хамтдаа тулалдах болдог. Алдарт “The Matrix” киноны уран бүтээлчдийн хамтран бүтээсэн тус цувралын зураглал, хийц нь үнэхээр үзэсгэлэнтэй. Дэлхийн найман хотын хэл, соёл, орчныг нэг дороос харах тэр мэдрэмж үнэхээр онцгой.

2. “LAST KINGDOM”

Анги ахих тусмаа адал явдлаар дүүрэн болох уг цувралд Англи улсыг хэрхэн байгуулсан тухай түүхийг өгүүлдэг. Хэрвээ та “The Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” цувралд дуртай бол энэ цувралыг заавал үзэхийг санал болгож байна.

3. “THE CROWN”

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабетийн амьдралын түүхийг харуулах тус цуврал нь Букингемийн ордны хаалганы цаана түгжигдэж далдлагдсан хатан хааны гэр бүлийн бодит амьдралыг харуулснаараа олны таашаалыг хүртээд буй. Хатан хааны гэр бүл, Английн түүх, соёлын талаар суралцах зүйл ихтэй тус цувралыг үзэнгээ англи хэлний дуудлагаа сайжруулаарай.

4. “CHEF’S TABLE”

Гадаад хэл бидэнд олон талын мэдлэгтэй болох, шинэ зүйл турших, оролдох боломжийг олгодог шүү дээ. Аяллын хамгийн гайхалтай хэсэг нь хоол байдагчлан бид энэ талын мэдлэгээ нэмэгдүүлж, үгсийн сангаа сайжруулах нь зүйн хэрэг. Дэлхийн өнцөг булан бүрд оршин суух нэр хүндтэй тогооч нарын гал тогоогоор зочлон, амтат хоолыг нь “мэлмийгээрээ” зооглохыг хүсвэл уг цувралыг үзэхийг санал болгож байна.

5. “DOWN TO EARTH WITH ZAC EFRON”

Жүжигчин Zack Efron хэрхэн эрүүл, байгаль орчиндоо ээлтэй амьдрах аргыг хайхаар эхлүүлсэн баримтат цуврал. Түүнтэй хамт дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй газруудаар аялангаа хоол хүнс, соёл, сэргээгдэх эрчим хүч гэх мэт олон салбарын талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, үгийн сангаа баяжуулаарай.

6. “DISENCHANTMENT”

Бүх цаг үеийн хамгийн удаан үргэлжилж буй цуврал болох “The Simpsons”-ын найруулагч Matt Groening-ын бас нэгэн бүтээл. Хэрвээ та “The Simpsons” цувралд дуртай бол энэ цуврал ч бас танд таалагдах болно. Ид шид, нууцлаг ертөнцийн талаарх үгсийн сангаа нэмэгдүүлэхийг хүсэж байвал адал явдлаар дүүрэн, инээдтэй уг цувралыг үзэхийг санал болгож байна.

7. “13 REASONS WHY”

Зохиолч Jay Asher-ын бестсэллэр номоос сэдэвлэн бүтээсэн энэхүү цуврал нь АНУ-ын ахлах сургуулийн сурагчдын өдөр тутмын амьдрал, ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлтийн асуудлыг хурцаар хөнддөг. Ахлах сургуулийн сурагч Hannah Baker өөрийн үхлийн шалтгааныг тайлбарлаж, хуурцагт бичиж үлдээснээр үйл явдал өрнөдөг.

8. “UNBREAKABLE KIMMY SCHMIDT”

Бидний мэддэг “Friends”, “The Big Bang Theory”, “Modern Family” зэрэг инээдмийн цувралуудаас тэс өөр зохиол, түүхийг өгүүлнэ. Газар доор 15 жилийн турш амьдарсан гол дүрийн эмэгтэй Нью-Йорк хотод энгийн амьдралаар амьдарч эхлэх болдог. Шинэ орчин, шинэ хүмүүстэй дасан зохицохын тулд тулгарч буй бэрхшээл бүрийг даван туулах түүний хөгжилтэй, сонирхолтой түүхийг үзэнгээ англи хэлний мэдлэгээ сайжруулаарай. 

Эх сурвалж: Learn English With TV Series

#Зөвлөгөө #Боловсрол #Гадаад хэл #Кино урлаг #Цуврал #NETFLIX