ЗАХИДАЛ: Тавдугаар сарын захидлын хариу №4


ССҮТөв | YOLO.MN
2020-05-12

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би хамаатандаа дурласан

Сайн байна уу? Миний өмнөх захидалд хариу илгээн асуудлаа шийдэхэд тусалсанд талархлаа илэрхийлье. Энэ удаад ч бас надад тулгараад байгаа асуудлыг шийдэхэд тусална гэдэгт найдаж байна. Би өмнөх шигээ олон зүйл ярихгүй ээ. Ганц л асуудал намайг зовоогоод байна.

Би 13 настай, бусадтай л адил нэгэн охин. Гэхдээ надад тэднээс өөр нэг зүйл бий. Тэр нь "би хамаатандаа дурласан" явдал юм. Тэр надаас 4 насаар ах. Одоо 17 настай "Э". Өвөөгийн маань эгчийнх нь зээ хүү. Би цэцэрлэгт байхаасаа л зун харах хүнгүй болсон үедээ "Э" ахынд очиж хамт тоглодог байлаа.

Хүүхдүүд хайр дурлал яриад л нэгнийгээ шохоорхдог байсан ч би л ганцаараа юу ч мэдэхгүй, хайр дурлал гэж зүйл байдаг эсэхийг ч мэддэггүй байсан юм. Надтай хамт тоглодог хүүхэд байхгүй, би үргэлж ганцаараа тоглож, тусгаарлагдсан маягийн байдаг байсан болохоор тийм байсан болов уу гэж бодож байна л даа. Тэгээд би сургуульд орсон. Шинэ анги, хамт олонтой болсон болохоор хүүхэд бүр л нэг нэгэнтэйгээ танилцаж найзлаад, би ч орхигдсонгүй. Бас би 1-р ангид ороод л ангийнхнаасаа хайр дурлал гэж юу байдгийг мэдсэн. Тэгээд л би "Э" ахад сайн гэж бодож эхэлсэн. Их жаахан болохоор яавал үнэхээр дурласан байдаг вэ гэдгийг мэддэггүй байсан л даа. Гэхдээ л "Э" ах л бодогдож, хөөрхөн санагдаад л, тэднийд очиж хамт тоглохыг хүсээд л, үргэлж санадаг байсан. Ийм маягаар би 10 нас хүрсэн.

Энэ үед би бага багаар үнэхээр дурласан үед юу болдгийг мэдэж эхэлсэн. Улам их мэдэх тусам "Э" ахад улам л их хайртай болоод байлаа. "Э" ахад хайртай гэдгээ мэдэж байсан ч би өөр хүнтэй үерхэж үзсэн. Энэ үед "Э" ахыг бага ч гэсэг мартаж байх шиг санагдсан. Тэгээд би "Хамаатандаа хайртай байна гэдэг утгагүй хэрэг. Мартах хэрэгтэй. Хаашдаа л үерхэж чадахгүйгээс хойш. Намайг ер нь тоох ч үгүй" гэж бодоод "Э" ахыг мартахын тулд хүнтэй үерхэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингэж бодсоор би 12 нас хүрсэн.

Энэ хугацаанд би нэг ч хүнтэй үерхээгүй. Гэхдээ 12 нас хүрэхэд "Э" ах улам л их бодогдоод, улам л их санаад, өдөр бүр чатлахыг хүсдэг болсон. Намайг чат бичих үед үргэлж аньж, сийндээд хааяа л нэг чат бичиж нэг л зүйлийн талаар ярилцдаг байсан. Тэгээд "Ингэж болохгүй ээ, би мартах ёстой. Тийм болохоор өөр хүнтэй үерхэж үзье" гээд 5 хөвгүүнтэй үерхээд, салчихсан. Тэгээд өөр нэгэн хөвгүүнтэй үерхэж байлаа. "Э" ах бид хоёр нэг өдөр нөгөө л зүйлийн талаар ярьж байтал "Э" ах надад "Хоёулаа үерхэх үү? Хоёулаа л хэнд ч хэлэхгүй байвал хэн ч мэдэхгүй шүү дээ. Ямар ч асуудал гарахгүй. Үерхээд л сална. Чи зөвшөөрч байна уу?" гэж хэлсэн. Тэгэхэд нь би ямар их баярласан гээч. Тэгээд шууд л зөвшөөрч "Би одоо үерхэж байгаа хөвгүүнээсээ салаадхая" гэж хэлээд салах гэж оролдсон боловч тэр хөвгүүнд салъя гэж хэлэхэд их хэцүү, өрөвдөөд ч байгаа юм шиг хэцүү санагдаад "Э" ахад "Уг нь би хүсэж байна л даа. Гэхдээ одоо үерхэж байгаа хөвгүүнээсээ салж чадахгүй байна аа, уучлаарай" гэж хэлэхэд "за за" гээд л өнгөрсөн. Одоо бодоход "Хэн ч мэдэхгүй юм чинь давхар үерхэж болох л байсан байх" гэж боддог.

Тэгээд л би нөгөө хөвгүүндээ хаягдчихаад дахиад л өөр хүмүүстэй үерхсэн. Одоо бүр 14 хүнтэй үерхчихсэн. Хүмүүсийн хэлдгээр бол би их шалиг болчихсон. Гэхдээ л би "Э" ахыг мартаж чадаагүй. Өмнөхөөсөө хэд дахиж илүү бодож, санаж, үгүйлж, өдөр болгон зургийг нь хараад, өдөрт хэд хэдэн чат явуулдаг болсон. Гэхдээ "Э" ах аньж, сийндсэн хэвээр, нөгөө л зүйлийн талаар ярих гэж чат бичдэг байсан. Одоо бол "одоо "Э" ах намайг дахиад үерхэх үү гэж асуувал би найз хөвгүүнээсээ шууд салахад бэлэн байна. Надад өөр хэн ч хэрэггүй ээ. Хэн ч сэтгэлд нийцэхгүй байна. "Э" ах л дэндүү сэтгэл татам юм. Ааш зан, царай төрх, байгаа байдал нь бүгд л намайг өөртөө татаад байна. "Э" ах л байхад надад өөр юу ч хэрэггүй. Ер нь би асуугаад үзвэл яах бол? Тэгвэл бараг зөвшөөрөхгүй байхаа даа. Гэхдээ "Э" ахад би хөөрхөн харагддаг гэсэн. Би түүнд таалагддаг гэж тэр өөрөө надад хэлсэн шүү дээ? Үгүй ээ. Гэхдээ л зөвшөөрөхгүй байх" гэж бодож, эргэлздэг. Хамаатнууд болохоор яаж ч чадахгүй байгаад байдаг. Заримдаа бүр аавтайгаа цуг амьдарна гэвэл ээжийн минь талын хамаатнууд надад хамааралгүй болж мэдэх л юм. Би аавтайгаа цуг амьдардаг ч юм билүү? гэж хүртэл бодож байсан.

Би "Э" ах руу чат бичдэг ч аньж сийндээд, нөгөө сэдвээрээ чатлах гэж чат бичихгүй 3 сар гаран болсон. Бид бараг 1 жил хагас уулзалдаж чадаагүй. Тэгээд л би үргэлж чат бичихийг нь хүлээдэг байлаа. Өдөржин active байдаг. Миний бичсэн комментуудад хариулдаг. Миний сторид хариу үйлдэл үзүүлдэг ч чат бичдэггүй... Ингэж байж байгаад нэг өдөр над руу чат бичсэн. Би ямар их баярласан гээч. Орилж хашхирч орон дээрээ дэвхцээд галзуурсан юм шиг л болсон. Тэгээд нөгөө л зүйлийн ярилцсан. Тэр зүйлийг ярилцахад би дургүй байдаггүй л дээ. Одоо бол бүр дуртай ярьдаг. Гэхдээ л надтай зөвхөн тэр зүйлийг талаар ярих гэж чат бичдэгийг нь бодохоор гомдоод ч байх шиг. Тэгээд чаталж байгаад "Би "С" ахад фэйсбүүкийнхээ кодыг өглөө. Дахиж чат бичиж чадахгүй байх. Чи ч бас битгий чат бичээрэй" гэж хэлсэн. Энэ үед өөрийн эрхгүй миний нулимс хацар даган урссан. "Дахиж чат бичихгүй гэж үү? Бүр хэзээ ч үү? Би тэгээд яах юм бэ? Ядаж сонин сайхан зүйл асууж чаталж болохгүй юм болов уу? Би тэгж чат бичсэн ч бас л сийндэх байх" гэж бодсон. Дотроо маш дургүйхэн уйлж байсан хэдий ч би "За, ойлголоо" гэж хэлсэн. Тэгээд би чат бичиж чадахгүй болохоор улам л их санаж үгүйлээд, бүр шөнө уйлдаг болсон. Коментод минь ч хариулахгүй, миний стори, зураг дээр react дарахаа больсон.

Би танай сайтын "хэзээ ч өөрийн болгож чадахгүй хүнээ мартах арга" гэсэн зөвлөмжийг уншсан. Тэгээд би ""Э" ахыг ч бас надад сайн болохоороо намайг мартах гээд намайг байхгүй мэт үзээд байгаа юм болов уу?" гэж дотроо горьдлого тээгээд надад "Намайг уучлаарай. Би чамд худлаа хэлсэн юм. Үнэндээ би чамд хайртай. Чамайг үнэхээр мартаж чадахгүй байна. Өмнөх шигээ чаталж байя, би дахиж хэзээ ч аниж, сийндэхгүй гэж амлаж байна. Надтай үерхэх үү?" гэж хэлээд намайг тэврээд үнсээсэй гэсэн тэнэг зүйл бодож хүсдэг. Би өдөр бүр ингэж бодож хүсдэг болохоор хэд хэдэн удаа ийм үйл явдал болж байна гэж зүүдэлсэн. Өдөржин л тэр зүүдний тухай бодоод инээмсэглэдэг хэдий ч тийм зүйл болохгүй гэдгийг санаад гуниглаж, уйлдаг.

Тэгээд би нэг өдөр найз хөвгүүнийхээ Фэйсбүүк хаягаар орж байгаад "Э" ахын сториг үзсэн. Найз хөвгүүн минь миний дотно байдаг ахтай Фэйсбүүкээр найз баймаар байна гээд найз болсон. Гэхдээ тэд чаталдаггүй. Тэгсэн чинь байдаг л нэг стори хийсэн байсан ч миний фэйсбүүкэд стори нь байгаагүй. Тэгээд л би түүнийг намайг сториг нь харахгүй байх тохиргоо хийсэн гэдгийг мэдсэн. Үүнийг мэдээд өнөөх горьдлого толгойд орж ирсэн хэдий ч "Намайг зүгээр тэр нэгэн зүйлийн талаар ярилцаж, чатлахын тулд ашигладаг юм болов уу? Яагаад надаас харилцаагаа таслах гэж хичээгээд байгаа юм бэ?" гэж бодоод шөнө бүр бодож уйлдаг. Өдөржин, шөнөжин active байгааг нь би шалгаж хардаг. Байж л байдаг. Тэгээд үргэлж "Сайн уу? Их санасан шүү, болдог бол чатлах юм сан. Даан ч болохгүй юм даа" гэж биччихээд явуулж чаддаггүй. Тэгээд л шаналж суудаг. Профайл руу нь ороод пост болгоныг нь хараад, зургийг нь өдөр бүр хардаг. "Өөрийн болгож чадахгүй хүнээ мартах арга"-ыг хэрэгжүүлж үзэхийг хүссэн ч би түүний профайл руу орж үзэхгүй байж, найзлахаа болиод, сошиал сүлжээнд харилцахгүй, аль болох хол байж, түүнтэй таарах газар очихгүй, уулзахгүй байж чадахгүй. Үргэлж зургийг нь ч болов харахыг хүсдэг. Үргэлж чат бичдэг ч явуулж чадахгүй уйлж суудаг. Үргэлж яаж ийж байгаад очоод уулзахыг хүсдэг. Яагаад ч мартаж чадахгүй байна. "Гарч болзоонд яв" гэсэн байсан. Би аль хэдийн 14 хүнтэй үерхсэн. Гэхдээ хэн нь ч миний сэтгэлд нийцэхгүй байгаа болохоор мартаж чадахгүй байна.

Би яг одоо байгаа байдлаа хамгийн сайн найздаа хэлж үзсэн. Тэр надад хэлэхдээ "Жоохон байхад хамаатнаа крашлаад байдаг хүн олон хүн байдаг. Гэхдээ өсөж томрох тусам мартаж эхэлдэг. Харин чи улам л илүү сайн болоод байгаа нь сонин юм. Магадгүй чи 15, 16 нас хүрээд л мартах байх гэж бодож байна" гэж хэлсэн. Гэхдээ би хэр их цаг хугацаа өнгөрнө, тэр чинээгээр улам л дурлаад байна шүү дээ. Яг одооноос л мартаж чадахгүй бол "Э" ах юу юугүй насанд хүрээд, найз охиноо танилцуулаад, түүнтэйгээ гэрлээд, хүүхэдтэй хүртэл болчихвол би ямар их шанална гээч? Уйлж суухаас өөр юу ч хийж чадахгүй гэдгээ бодохоор айж байна. Тэр үед улам их сайн болоод, амиа хорловол яах бол? Энэ үнэхээр түгшүүртэй байна. Энгийн нэг ах, дүүгийн хайрыг дурлалтай андуураад байгаа юм болов уу? гэж бодож үзсэн. Гэхдээ яагаад ч тийм биш. Би яалт ч гүй дурлачихаад байна. Надад туслаач. Би "Э" ахыг мартах хэрэгтэй юу? Эсвэл энэ чигээрээ байж байхад зүгээр үү? Мартах хэрэгтэй бол хэрхэн мартах вэ? Энэ асуудал намайг маш их зовоож байна...

ЗӨВЛӨГӨӨ: Зоригтойгоор үгүй гэж хэлж байгаарай

Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас аавтайгаа хамт амьдардаггүй гэж ойлголоо. Одоо хэн хэнтэйгээ хамт амьдардаг вэ? Аав ээж нь салчихсан гэж ойлголоо зөв үү? Хэр удаж байгаа вэ? Аавтайгаа хэр их уулздаг вэ? Дотно байдаг уу? Яагаад эдгээр асуултыг асууж байна вэ гэвэл аавтайгаа дотно өсөөгүй, аав нь хамт амьдардаггүй гэх мэт өөр ямар ч шалтгаантай байж болно. Ааваасаа хангалттай хайр халамж, хамгаалуулсан мэдрэмжийг аваагүй үед өөр эрэгтэй хүнээс энэ мэдрэмжийг хайгаад байх хандлагатай байдаг. Тэр нь магадгүй чамайг хамаатныхаа ахад дурлахад, цаашлаад олон эрэгтэй хүүхэдтэй үерхэхэд хүргэсэн байж магадгүй юм. Олон хүнтэй үерхлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй бөгөөд хэн нэгнийг мартахын тулд бусадтай үерхэнэ гэдэг тэр хүмүүсийг ашиглаж байна л гэсэн үг.

Мөн захидалд олон удаа нөгөө зүйлийн талаар ярих гэж бичдэг юм болов уу? гэсэн байсан тэр зүйл юуны талаар ч байсан чамд тийм ч таалагддаггүй юм шиг санагдлаа. Хэрвээ хэн нэгэн чиний хүсээгүй зүйлийг ярьж, хүсээгүй үйлдлийг хийлгэх гэх юм бол зоригтойгоор үгүй гэж хэлж байгаарай. Үгүй гэж хэллээ гээд чи юу ч алдахгүй харин өөрийгөө хамгаалж чадаж байна гэсэн үг. Үгүй гэж хэлж чаддаг байх нь биеэ даасан эмэгтэй хүний шинж бөгөөд өөрийн гэсэн үзэл бодолтой байр суурьтай байх, эргээд хүмүүс чамайг хүндлэх нэг шалтгаан болдог.

Хамаатныхаа ахтай үерхэж болохгүй гэдгийг чи өөрөө маш сайн мэдэж байна. Үйлдлээрээ ч харуулсан байна. Үерхэх үү гэж асуухад нь хэдий хүсэж байсан ч үгүй гэж хэлсэн байна шүү дээ. Магадгүй тэр үед тэр хөвгүүнд дасчихсан, тэр хөвгүүн дэндүү сайн хүүхэд гэж бодоод салж чадаагүй эсвэл зүгээр л би хамаатныхаа ахтай үерхэж болохгүй шүү дээ гэдэг бодол чинь нөлөөлсөн ч байж болох юм. Хамаатны хүн гэдэг чиний цусан төрлийн холбоотой хүн бөгөөд хосын харилцаатай байх ёсгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Яагаад гэхээр чиний бичсэн захидалд үерхэж болох ч юм шиг горьдлого тээсэн бодлууд, хүслүүд их байгаа санагдлаа. Тэр хүн угаасаа л өөр найз охинтой болно, эхнэр хүүхэдтэй болно. Тиймээс горьдлого тээсэн бодлуудаа зогсоох эсвэл хамаатныхаа ахтай үерхэх ёсгүй гэдэг бодлоор сольж хүлээн зөвшөөрөх нь зөв болов уу. Хэрвээ үерхэж болохгүй, үерхэх ёсгүй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрчих юм бол хоосон хүлээлт үүсэхгүй, мөн чи өөрийгөө ч зовоохгүй. Захианаас хэнд ч мэдэгдэхгүй хэсэгхэн үерхчихье гэсэн утга ажиглагдлаа. Хэнд ч мэдэгдэхгүй байх боломжгүй. Мөн хэсэгхэн үерхээд л салах юм бол эхлүүлэх нь ямар утгатай юм бэ? Ээж аав, хамаатнууд чинь мэдчихвэл тэр хүн бас чи ямар байдалд орох вэ? Байдлыг хүндрүүлээгүй байгаа дээрээ бодлоо цэгцэлж шийдвэрээ гаргах нь зөв болов уу.

Мөн чи тэр хүүгийн талаар хэтэрхий их бодоод, обсессив болчихсон байна. Тэр хүний талаар боддог бодол чинь чамд бараг зуршил болчихсон байна. Ямар ч зуршил муу нөлөөтэй байдаг (хэвшил бол өөр). Тэгэхээр хүн муу зуршлаасаа яаж өөрийгөө татдаг билээ, тэр зарчмаар бага багаар түүний тухай бодохоо багасгах хэрэгтэй. Эхэндээ мэдээж хэцүү байх ч аажим аажмаар тархи чинь түүнийг бодохгүй байхад дасаж эхэлнэ. 

Хэрвээ дахин захидал бичихийг хүсвэл бичээрэй. Мөн сэтгэл судлаачтай уулзахаар бол манай төв дээр цаг аваад ирж уулзах бүрэн боломжтой шүү. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Эрэгтэй хүүхдийг эртхэн таниад мэдчихмээр ч юм шиг

Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Ээж маань намайг сургуулиа төгстөл эрэгтэй хүүхэдтэй найзлаад хэрэггүй гэсэн юм. Гэхдээ би “Үерхээд эрэгтэй хүүхэд ямар байдгийг илүү сайн мэдэж болдоггүй юм байх даа? Эсвэл эрэгтэй найз, найз хөвгүүн хоёрт ялгаа байдаг болов уу?” гэж боддог. Надад эрэгтэй найз байдаг ч нэг ч удаа үерхэж үзээгүй. Эрэгтэй хүнтэй үерхэх ер нь хэрэгтэй юу л гэж асуух гэсэн юм. Заримдаа бодохоор үерхэхгүй байсан нь дээр ч юм шиг. Заримдаа үерхээд эрэгтэй хүүхдийг эртхэн таниад мэдчихмээр ч юм шиг санагдах юм. Надад зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Туршлага судлахад оройтохгүй учир битгий санаа зов

Сайн уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. ҮЕРХЭХ, НАЙЗЛАХ хоёрт харилцааны хил хязгаар бий. Эрэгтэй найз бол бусад найзын адилаар чамтай хөгжилдөж, хамт хичээлээ хийх зэргийн харилцаатай. Харин үерхдэг хөвгүүн бол илүү дотно, магадгүй илүү их цагийг хамт өнгөрөөнө. Энэ талаар үерхэж үзсэн найзуудтайгаа ярилцаж ойлголт авч болно. Х

үнийг танихад эрт орой нь чухал бус харин өөрт тохирсон, үнэхээр сэтгэлээсээ үерхэхийг хүссэн хүн гарч ирэх нь чухал болов уу. Зөвхөн эрэгтэй хүнтэй үерхэх ямар бол гэж сонирхон “туршлага судлах” маягаар үерхэнэ гэвэл нөгөө хүндээ шударга бус байх. Туршлага судлахад оройтохгүй учир битгий санаа зовоорой.  Амжилт хүсье! 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь


АСУУДАЛ: Би өөр өөр орчинд өөр өөр зан характертай

Сайн байна уу? Энэхүү захидлыг унших өдрийн мэнд. Танай сайтаар дамжуулан өөртөө тулгараад буй асуудлууддаа зөвлөгөө авах гэсэн юм.

Би 17 настай, эмэгтэй. Энэ жил 12-р ангид орно. Сургуулиа төгсөөд Япон улс руу явах ёстой л доо. Орох их сургуулиа ч тоочиглочихсон байгаа. Гэхдээ хамгийн том асуудал нь мэргэжлээ сонгож чадаагүй болохоор ямар чиглэлээр явахаа огтоос мэдэхгүй, ирээдүйн зорилго, мөрөөдөл, зорилт юу ч байхгүй. Мэргэжил сонголтын асуудлаар 8-р ангиасаа хойш бодож шаналсаар өдий хүрлээ. Юунд сонирхолтой, ямар авьяастай, юу чаддагаа мэддэггүй. Эцэг эх ах эгч эмээ өвөө найз нөхөд гээд эргэн тойрны бүхий л хүмүүсээс асууж ярилцсан ч намайг өөрөөс минь өөр сайн сонсох хүн олдохгүй юм. Одоогийн байдлаар мэргэжил сонголтын асуудлаас болж бас давхар маш олон асуудлаар стресстээд ч юм уу үс их хэмжээгээр унаж, ходоод хатгаж базалж өвдөөд, өдөр болгон яг л өвдөх ёстой юм шиг толгой өвддөг боллоо. Болдог бол толгойгоо салгаад тавьчихмаар санагдах юм.

Багаасаа гэр бүлийн халуун дулаан орчинд өсөөгүй их сэтгэлзүйн дарамттай байдаг байсан болохоор ч юм уу өөртөө итгэх итгэл гэх юм бараг л байхгүй болчихож. Найз нөхөд танилын хүрээндээ их нэр хүндтэй л дээ. Мундаг, хичээнгүй, халуун дулаан, ээж шиг, аав шиг, ах эгч шиг дотно, нийтэч гэх мэтийн үгийг бараг л хүн болгоноос сонсдог. Гэхдээ зөвхөн гадаад орчинд (олон хүнтэй орчинд) л тийм байдаг юм шиг санагддаг. Ер нь орчин орчинд өөр өөр зан характертай бараг л хамелеон шиг болчихсон байна. Би математик физик биологи гэх мэт байгалийн ухааны хичээлүүддээ муу л даа. Ялангуяа математиктаа. Маш их хоцрогдчихсон. Би яаж мөрөөдөл зорилгоо тодорхойлж ирээдүйдээ бэлтгэх вэ? Үнэхээр хэцүү байна. Яах ёстойгоо үнэхээр ойлгохгүй юм. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хариулт нь чиний дотор байгаа

Сайн уу? Өдрийн мэндийг хүргэе. Мэргэжил сонголтын тухайд мэргэжил сонголтын тест, зөвлөгөө өгдөг сэтгэл зүйн байгууллага, дадлага туршлагатай сэтгэл зүйчид хандаарай. Хэрвээ үнэхээр хандах боломжгүй бол чи өөрөө хэлсэн байна шүү дээ “намайг надаас өөр мэдэх хүн байхгүй” гэж. Тэр нь ч үнэн. Тиймээс хариулт нь чиний дотор байгаа гэж итгэн зоригтой сонголт хийгээрэй. Математик болон бусад хатуу шинжлэх ухаан оролцоогүй мэргэжлүүдийн жагсаалтыг уншаад анхаарал татаж байгаа мэргэжлүүдээ гүнзгийрүүлж судалж болно шүү дээ. Одоо чамд ур чадвар  байхгүй, хийж чадахгүй юм шиг санагдаж болох ч нэгэнт сонгоод сурч эхлэх юм бол олон цагийн хичээл, дадлагын дараа хүн ямар ч ур чадварыг хөгжүүлэх боломжтой байдаг.

Мөн өөр соёлтой газар очих учир сэтгэл зүйгээ бэлдэж, асуудалд шаналах бус гаргалгаа олох талаас хандаж, өөрийгөө стресс, дарамт шахалт, үл ойлгогдох асуудлуудаас чөлөөлж сураарай. Харин үс унах, ходоод болон толгой өвдөх зэрэг нь дан ганц стрессээс шалтгаалахгүй. Биед эрдэс витамин дутагдах, ядрах сульдах, орчны хүчин зүйлс гэх мэт олон шалтгаант хүчин зүйлс нөлөөлдөг. Иймд, сэтгэл зүйн болон мэргэжил сонголтын асуудлаа сайн судалсны үндсэн дээр мэргэжлийн байгууллага (сэтгэл зүйч)-д хандаж зөвлөгөө, мэдээлэл авах, үүний дараа үс унах, ходоод, толгой өвдөх зэрэг нь намдахгүй байвал эмчид хандан бие организмын оношлогоо, зөвлөгөө авахыг зөвлөе. Амжилт хүсье! 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter