Яруу найрагч Б.Батзаяагийн онцлох 9 шүлэг


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-08-08

Яруу найрагч Батхүүгийн Батзаяа нь 1982 онд Улаанбаатар хотод төрсөн ба яруу найргийн “Баяртай гуниг минь”(2010), “Догдлолууд”(2012), “Лонхонд байсан шүлгүүд”(2017) зэрэг түүврүүд хэвлүүлжээ. Ингээд та бүхэнд түүний шүлгүүдээс онцлох 9 шүлгийг хүргэж байна.

Хана

Тэртээ уулан дахь хуучин сүмд 

тэр олон жил чимээгүй бясалгаж

түүнийг хайрладаг бүсгүй (хүмүүсийн дунд)

олон жил ганцаарджээ.

Хавар, зун, намар, өвөл... Ахиад хавар...

Хана руу харж суугаа хана юм тэр.

Нэг л өдөр бүсгүй 

хана руугаа хадаас шаагаад 

Пинк Флойдын зургийг өлгөжээ.

Хоолойд нь нулимс амтагдаж

цээжин тушаа гашуурахаар нь тамхи асааж.

Өглөөхөн цэвэрлэсэн шалан дээр үнс, иш

үйрсэн хэсэг шохой бүрэнхийд дүнгэнэх ялаа

машины дуут дохио 

бүх зүйл урамгүй, хэрэггүй санагджээ.

Хана руу харж зогсоо хана юм тэр.

Хожим нь бүсгүй шуун дээрээ 

хос далавч шивүүлж 

хаашаа ч хамаагүй нисэх тухай 

олон шүлэг бичжээ.

Хуучин сүмийн дааман хаалган дээр 

өнөө эр шувууны үүр засаж (ханз үсгээр) 

“Хавар ирээд намар буцна” гэж бичээд 

хаашаа ч юм алга болжээ.  

***

Чамайг үгүйлнэ гэдэг 

чамайг олж харсан өдрийн 

чимх гэгээг үгүй хийх бүрэнхий биш 

чамайг олж харсан өдрийн 
чимх гэгээ л үлдэх харанхуй юм.

Чам руу тэмүүлнэ гэдэг 

хэлээ огтлохоосоо өмнө

хэлчихдэг байж гэх халаглал биш

хэлээ огтолсон хойно олдсон үгсийн 

хэзээ ч төрөхгүй нь гэх харуусал юм.

Чамайг санана гэдэг 

чамайг мартах вий гэх айдас биш 

чи л намайг мартсаар буйд итгэх шаналан юм.

Чи одоо бол 

хурууг минь өвтгөөд эдгэчихсэн

дурсамж төдий сорви биш

хуруунд минь орчхоод 

хэн нэгэнд хүрэх бүр хөндүүрлэх өргөс юм.

Чи одоо бол 
хайр зөгнөх ирээдүй биш
хайран, дутуу санагдах өнгөрсөн юм.

Харин би одоо 

чиний нэрээр хүн бүрийг дуудах зовлон

чиний хоолойгоор хүүхэн болгон 

дуугарахыг сонсох жаргал. 

Би одоо 

бичихээс өөрөөр тайвширч мэдэхгүй 

бийрийн чинээхэн ганцаардал.

***

ANONYMOUS

Бүсгүй нь литрээр савласан цэвэрлэгч шингэн

Нэг амьсгаагаар уучихсан болохоор 

энэ согтуу эр 

бүрэнхий гудамжний чулуун замаар 

ганцаараа сажилж яваа юм.

Бүсгүй нь зурвас ч үлдээлгүй 

амиа хорлосон болохоор 

энэ согтуу эр хос гэрлэн доогуур 

бүрсийсэн хоёр сүүдрээ чирээд 

ганцаараа тэнэж яваа юм.

Чулуун зам дээр гуйвлан тамхиа сорж 

чулуун хана руу нэг сайхан сарьж аваад 

хугас шил бренди толгойд нь гарч 

хуучны жазз дуу уй төрүүлсэн болохоор 

цуурсан шил шиг энэ эр гань ганцаараа 

чулуун дундуур гэрээдээ харьж яваа юм. 

Гэтэл яасан гээч? 

Тэр эр гэлдэрсээр ийн олон хүнтэй 

гэрэл дуу чимээ болсон өргөн чөлөөнд гармагцаа 

огтоос тийм хүн энэ хотод байгаагүй мэт 

ор сураггүй уусан замхрах нь тэр ээ.

***

Анх 

агаар арьсийг минь сийчхэд л 

ширүүн сахал шиг хорвоод 

шийтгүүлэхээр ирснээ мэдээд 

хэлд ортол хүлээнэ гэдэг 

хэтэрхий удаан санагдахаар нь 

амьдралд ая хийж үзээд 

тоглочих, тохирчих хөгжим байхгүй 

арга барагдаад өөрийгөө 

хөгжмийн зэмсэг болгож 

өөрчилсөн, өвтгөсөн 

өөр хөг олж нэмэх гэж 

хүүхдүүдээс инээхийг 

хүүхнүүдээс гийнахыг 

хүмүүсээс уйлахыг сурсан 

хөг орж өгөхгүй удсан 

ХӨГЖИМ би.

***

Өөдөөс ширтэх цаг хугацааны 

цаад талд өнгөрсөн минь бий.

Яг тэнд, үг дуугүй буруу харж суугаа хүүд 

өөрөөсөө ч илүү хайртай би. 

Үнэн шүү! Тэгээд ч түүнд би яршиг удаж 

эгээ л эцэг шигээ энэ амьдралын түмэн нугачааг 

хэрхэн ухаантай давах, эс тэгвэл 

арилан одсон гэж бодсон бүхэн чинь 

хэзээ хойно өөдөөс чинь 

“Авч одсон бүхнээ цаг хугацаа 

усан тээрэм шиг дээрээс чинь 

асгаж орхих нь энэ дээ” хэмээн тавлахыг 

тиймээс, бие сэтгэлээ цэвэр байлга мэтийн 

тээр дараатай зүйл улиглах дургүй ээ.

Өнөө хүү гэвч буруу харж суучихаад 

цаг хугацааны цаанаас 

өөрийн минь хоолойгоор дуулах боллоо.

Яая даа...

***

Унтарч ч мэдэх зул минь 

гэрэлтүүлэх чадвараа гээж болохгүй шүү!

Тэмтрэх төдийхөн тэмүүллийг минь 

тээж яваа хүндлэлийг минь 

ургаж байгаа ширхэг өвсийг 

угаар нь суга татчихаж болохгүй шүү! 

Өндөрт намайг аваачдаг үүл минь 

салхинд сарниж болохгүй шүү! 

Харахын төдий хайрыг минь 

үнэрлэх төдийхөн шуналыг минь 

үргэхдээ амархан итгэлийг минь 

унтраалгүй авч үлдсэн бяцхан цучилыг 

усанд дүрчхэж болохгүй шүү!

***

Баяртай

Би эндээс явж байна

Нүүрсний тортог, өтгөн утаа 

хүйтэн Улаанбаатар үлдэж байна.

Нүд нойтон, цээж хөндүүр, халамцуу...

Би явж байхад 

тэд үлдэж байгаа болохоор 

бидний зам эндээс салж байгаа болохоор 

бичиж байна.

Тэдэнтэй амссан зовлон 

зовлон шиг байгаагүй болохоор 

сэтгэл минь одоо зовлонгүй болохоор

“Сэрээд энэ зүүдээ санахгүй байж мэднэ” гэж 

бодож байгаа болохоор 

бичиж байна.

Татаж буй тамхины минь утаа шиг 

талыг нь амтлаагүй, таниагүй зүйлс 

ард хоцорч байгаа болохоор 

ахиад бид залуу-одоогийнх шигээ-

амьсгалаараа л биесээ дулаацуулчхаж чадахгүй болохоор 

амьдралаас бид тийм боломжийг 

ахиж хайгаад ч олохгүй болохоор...

Би хэвээрээ 

би хэзээ ч эргэж ирэхгүй болохоор 

бичиж байна:

Бичгийн минь хэвийг тайлж уншихгүй 

та бүхний хувьд 

би ингээд оньсого болон үлдэж байна.

***

Хэн ч биш

Үлдэж хоцорсон хүмүүс юуг ч мартаагүй хэрнээ 

үггүй, сэтгэл хөдөлгөх юмгүй 

хоосон аялгуу шиг болчихдог.

Хэн ч үгүй ганцаар үлдсэн тийм хүний дэргэд 

хэлж ярих зүйлгүй 

зүгээр л хамт суух дуртай би.

Хамтдаа холоо алхаж, хэрэгтэй үед нь тэвэрч 

дурсамж үлдээж, хүсвэл нь унтаж 

хайртай байсан хүмүүсээ дурсаж эхлэхэд нь 

тамхи асаагаад “Хэнийг нь эхэлж ярих бол” гэж 

хүлээж суух дуртай 

хэн ч биш би.

Өргөсөөр хамгаалсан өндөг шиг 

сахалтай уруул, өвдөлт дундаас ургасан 

жижигхэн эмэгтэй 

даарсан үед нь дулаацуулдаг 

дурсамжуудыг үлдээсэн, дараа нь үхчихсэн 

хэн ч биш байсан хүмүүсийн тухай сонсох дуртай 

хэн ч биш би.

***

Намайг салхилуулсан нь 

Хөгжмөө соль, үнсний саваа цэвэрлэ!

Хөшгөө нээ, гадагшаа гаралгүй удаж байна уу?

Савандах хэрэггүй ээ, үнэр нь мөд салахгүй!

Сахлаа хус, май энийг уу, юм идсэн үү?

Утас чинь унтраад сар боллоо, захиа бичсэн... 

Ухаан санаа чинь зүгээр биз, тамхи тат 

Ахиж юм бичихгүй шүү, амла!

Арай өөр юм байхгүй юу, за за гарч үз 

байж байгааг нь...

#Шүлэг